Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам Данзанжамц энэ өдрүүдэд Монголд айлчилж байна. Түүний намтрын талаарх сэтгүүлч Б.Баяртогтохын мэдээллийг хүргэж байна.
Инээмсэглэл нь залбирал шиг...
Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам Данзанжамц 1959 оноос хойш өдгөөг хүртэл Энэтхэгийн Дарамсалад цагаачлан сууна. Түүний хувьд эргэн эх орондоо очих, эсэх нь тун эргэлзээтэй байгаа юм. Нобелийн энх тайвны 1989 оны шагналт тэрбээр Түвдийн удирдагч бөгөөд дэлхийн хамгийн нэр хүндтэй нөлөө бүхий 100 эрхмийн нэг. Түүний өнгөрсөн хугацаанд туулсан амьдрал тийм ч дардан, шулуун байгаагүй юм. Далай лам 80 жилийн тэртээ буюу 1935 онд Түвдэд Амдо мужийн жижиг Такцэр тосгонд тариачны гэр бүлд төржээ. Тэрбээр “Хэрэв лам болоогүй байсан бол би инженер болох байсан юм” гэж өгүүлсэн удаатай. Түүнд “Лхам Дондүв” нэр өгсөн бөгөөд энэ нь угтаа “Тусыг бүтээгч бурхан” гэсэн утгатай аж.
Такцэр тосгон нь уулын орой дээр орших ядуувтар суурин. Эндээс өргөн хөндий тэртээ дор цэлийн харагдана. Олон жилийн турш энэхүү газар хэн ч төвхнөн сууж газар тариалан эрхэлж байгаагүй бөгөөд атар онгон гэж хэлж болохоор. Зөвхөн нүүдэлчин ардууд л уг газрыг бэлчээр болгон ашиглаж байжээ. Үүний шалтгаан нь энэ нутгийн цаг уур урьдаас таамаглан мэдэхийн аргагүй ширүүн байдагтай холбоотой гэнэ. Ийм зэлүүд, буйд хязгаар нутагт Дээрхийн гэгээнтэн бага насаа өнгөрүүлсэн авай. Дээрхийн гэгээнтэн “Цөллөг дэх Эрх чөлөө” номондоо “Намайг бага балчир байх үед манай гэр бүлийнхэн энэ ширүүн газарт амь зуух гэж зориглосон хориод зоригт хүмүүсийн нэг байсан юм даа” гэжээ.
Далай ламын эцэг эх арвай, гурвалжин будаа, төмс тарьж амьдардаг эгэл тариачин хүмүүс байж. Түүний эцэг дунд зэрэг нуруутай хурц ааштай хүн байсныг Дээрхийн гэгээнтэн хожим “Би нэг удаа түүний сахлыг жоохон угзарснаас болж маш ширүүн шийтгүүлж билээ” гэж дурссан нь бий. Гэвч тэр сайн хүн байсан агаад хэнд ч хэзээ ч муу санаа хадгалж яваагүй нэгэн байв. Далай лам ээжийнхээ тухайд “Хэзээ нэгэн цагт уулзаж байсан хүмүүсийн доторх хамгийн сайн хүн байсан” гэж өгүүлжээ. Үүнээс өөрөөр хэрхэн энгийн илэрхийлэх билээ гэж бодмоор. Дээрхийн гэгээнтэн хоёр эгч, дөрвөн ахтай. Тэд нялх насны хэцүү үеийг даван үлдсэн.
Дээрхийн гэгээнтэн Түвдийн өмнөх арван гурван Далай ламуудын үе дараалсан хойд дүр нь. Тэрбээр “Намайг хамгийн энгийн хүүхдээс өөр хүн байж болох юм гэсэн бодол хэний ч санаанд төрөөгүй нь мэдээжийн хэрэг. Нэг айлд нэгээс илүү хувилгаан төрсөн гэдэгт итгэхэд их л хэцүү, мөн намайг Далай ламын хойд дүрээр тодруулна гэж миний аав ээж хоёр төсөөлөх ч үгүй байсан юм даа" гэж дурсан бичжээ. Хэдийгээр Дээрхийн гэгээнтнийг төрөх үед маш хүндээр өвдөөд байсан түүний аав ид шидийн адил гэнэт эдгэсэн боловч тухайн үед үүнийг хэн ч анзаарч тоогоогүй байна.
XIV Далай лам 1940 онд ширээнээ заларч, 1950 онд төр-шашны хэргийг шийдвэрлэдэг эрхтэй болсон аж. Үүний дараа жил нь буюу 1951 оны тавдугаар сарын 23-нд БНХАУ-ын Төв Засгийн газартай Түвдийг энх тайвнаар чөлөөлөх арга хэмжээний тухай 17 зүйлт хэлэлцээрт гарын үсэг зурсан. Тэр үед Түвдийн асуудал гэж олон улсын хэмжээнд огт байхгүй, тэр хэрээр монголчууд ба Далай ламын хооронд ямар ч харилцаа одоогийнх шиг тод томрууан байгаагүй гэдэг. Үндэсний талаасаа ч, геполитикийн талаасаа ч Түвдийн асуудал 1950-иад оны сүүлч, 1960-аад оноос үүсчээ.
Далай лам Данзанжамц нь Төвдөд тусгаар тогтнол олгох тухай 1912 оны Англи-Хятад-Түвдийн хэлэлцээрийг цуцалсан. 1951 оны хэлэлцээрээр Хятадын цэргийг Түвдэд байрлуулахаар заасан бөгөөд 1953 онд БНХАУ цэргээ тийш нь оруулжээ. Хариуд нь Данзанжамц Бээжинд өндөр албанаа дэвшиж, Хятадын Ардын Улс төрийн зөвлөлдөх Зөвлөлийн Бүх Хятадын хорооны гишүүн, БХАТИХ-ын депутат, Байнгын хороных нь орлогч дарга, 1953 онд Хятадын Буддистуудын нийгэмлэгийн хүндэт дарга, 1955 онд Түвдийн Өөртөө засах орныг байгуулах Бэлтгэл хорооны даргын албыг хашиж байж.
Мөн Бээжингийн Ардын их сургуульд шашны боловсролоо ахиулж, 1958 онд БНХАУ-ын Засгийн газрын зүгээс шашны хамгийн өндөр цол хэргэмийг түүнд хүртээжээ. Энэ оны сүүлчээр Хятадын байдал бишдэж, нөхцөл байдал эргэсэн юм. Ингэснээр 1959 оны хавар Түвдэд Хятадын эсрэг үймээн дэгдэж, зэвсэгт бослогод хүрсэн. Үүнийг Далай лам удирдсан эсэхийг одоо ч тайлаагүй байна. Төд удалгүй бослого дарагдмагц тусгаар тогтнолын асуудал үндсэндээ замхрав. Бослогын толгойлогчид нь хэдэн тийшээ нүүр буруулж, тэднээс олон хүн Бээжинд өндөр албанаа заларч байгаад бурхны орноо заларцгаажээ.
Далай ламын тэргүүлсэн 80 гаруй мянган түвдчүүд Хималайн уулын жимээр хил давж одсон бөгөөд тэр чигтээ харьд цагаачилжээ. Тэд нутаг дэвсгэрийнхээ геополитикийн чухал байршлыг ашиглан Энэтхэг, Балба, Бутан руу дүрвэсэн бөгөөд тэдний цуваа одоо ч тасраагүй байна. Энэтхэгт аж төрөх аргагүй, эх орондоо л аж төрж, тэндээ нас барна хэмээн 1957 онд амлаж байсан Далай лам ийнхүү дүрвээд өнөөг хүртэл Төвдөд очоогүй. Дарамсалад түүнийг очсон даруйд Далай ламын дэргэдэх шашин-соёлын зөвлөл нэртэй дүрвэгсдийн Засгийн газар байгуулагдаж, эдүгээ хүртэл оршин тогтнож буй. Үүнийг одоог хүртэл дэлхийн нэг ч улс хүлээн зөвшөөрөөгүй байна.
Данзанжамц хувилгаан манайхны шүтдэг Доржшүгдэн сахиусыг хориглодог нь оршин буй бодит үнэн. Энэ нь сүсэгтэн олны дунд буй бодит зөрчил. Гэлэгбагийн ёсонд Дамдинчойжил гэгч сахиусыг муу муухайг номхотгон дарагч гэж үздэг. Гэтэл эдүгээгийн XIV Далай лам тэр сахиустай зөрчилдөгч Доржшүгдэнг 1950-иад онд шүтэж байснаа алдаа боллоо хэмээн үзэж 1976 оноос бүрмөсөн хориглож шавь нартаа, Доржшүгдэн бол хар хорын сахиус, Түвдийн үйлсэд хөнөөлтэй, Далай ламын амь насанд цөвтэй, хэрэв түүнийг шүтэх аваас цаашид надад шавилах хэрэггүй гэхчлэн айлджээ. Үүнийг Түвдийн цагаачдын зарим нь үл таашааж, Далай ламын эсрэг хандах болсон. Энэ бол Далай лам өөрөө үлэмж зөрчилтэй хувь хүн болохын нэг илрэл аж.
Нөгөө талаас хойд дүрээ тодруулан удирдагчаа залгамжлуулдаг Гэлэгбагийн ёсонд Далай лам эргэлздэг. Тийм ч ураас би сүүлчийн Далай лам байж магад, Түвдэд эрх чөлөөтэй болсон цагт би улс төрөөс хөндийрч, гагцхүү шашны хэргээр дагнах болно гэж шийдэмгий илэрхийлдэг болсон. Нэг удаа Нью-Йоркт үг хэлэхдээ “Миний бие цагаачлан байхдаа насан эцэслэдэг юм гэж бодоход Түвдийн ард түмэн цаашид Далай ламын институц байх хэрэгтэй гэж үзвэл дараагийн Далай лам Хятадын захиргаан дахь нутгаас бус, чөлөөт ертөнцөд тодорно гэдгийг баттай хэлж байна” хэмээн мэдэгджээ.
Хойд дүр тодруулахыг хэрэв эрдэмтэд туршаад тайлбарлаж эс чадвал энэ заншлыг бид орхихоос аргагүйд хүрнэ гэж бас ярьсан удаа бий. Энэ нь өөрөөсөө татгалзаж магадгүй гэсэнтэй адил утга агуулна. Зөрчилтэй, дуулиантай, эгэл даруу Далай лам ертөнцийн их бясалгагч болон дэлхийгээр бэдрэн явсаар байна. Хонконгийн “Эйшавик” сэтгүүл 1990-ээд оны сүүлчээр Азийн нэр цуутай 50 зүтгэлтнийг тодруулахдаа нэгдүгээрт ХКН-ын тэр үеийн удирдагч Зян Зэминийг оруулаад 48 дугаарт Түвдийн шашны тэргүүнийг оруулжээ. Сонин харьцуулалт мэт санагдана.
Далай лам нь тусгаар тогтнолынхоо төлөө хүч хэрэглэхгүй, тайван аргаар тэмцэхийн үлгэр үзүүлсэн хэмээгдэн Нобелийн шагналыг хүртсэн юм. Энэ бол Хятад руу хандсан бодлого нь бус, ерөөсөө дэлхий дахинд амар жимэр байдлыг тогтоохын төлөөх тэмцлийнх нь үнэлгээ. Хүч хэрэглэхээс зайлсхийх гэдэг нь Махатма Гандийн "Үнэний эрэл" гэгчтэй адил төстэй философи. Түүний инээмсэглэл нь залбирал шиг.
Эдийн засагч Д.Жаргалсайхан "Далай лам бол хүн ямар агуу байж болохыг нотолсон онцгой оршихуй. Тэгсэн атлаа гайхамшигтай даруу хүн. Далай ламтай уулзсаны дараа би хэд хоногийн турш баяртай, аз жаргалтай, эрч хүчтэй байлаа. Энэ их хүнээс амар амгалангийн сайхныг мэдэрсэн. Далай лам 46-хан минутад маш энгийнээр агуу зүйлсийг хэлж ярьсан нь гайхалтай сэтгэгдэл төрүүлсэн. Ер нь агуу хүн, агуу зүйл энгийн байдаг гэж үнэн юм билээ" гэж ярьжээ. Түүний хэлснээр, Далай лам бол хүн ямар агуу байж болохыг нотолсон онцгой оршихуй.
Эх сурвалж:Posted 23rd June 2015 by Bayartogtokh Batbayar
Холбоотой мэдээллийг дор дарж уншина уу.
Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам Монголд
Сэтгэгдэл байхгүй байна