• Эхлэл
  • 54 хүнд холбогдох 49 хэргийг шийдвэрлэжээ

54 хүнд холбогдох 49 хэргийг шийдвэрлэжээ

2016/11/21

Сэлэнгэ аймгийн Сайхан сум 9000 гаруй хүн амтай. Иргэдийн олонхи нь Хөтөлийн цементийн үйлдвэр, төмөр бетоны үйлдвэрт ажилладаг.

Орон нутгийн онцлогоос хамаарч хулгай, зам тээврийн осол, танхайн хэрэг багагүй гардаг аж.

Сайхан сум дахь сум дундын шүүх Сэлэнгэ аймгийн баруун таван сумыг хариуцан ажилладаг. Өөрөөр хэлбэл, 20 мянга гаруй иргэд шүүхийн үйлчилгээ үзүүлдэг.

Тус шүүх энэ сарын байдлаар иргэний хэргийн 319 нэхэмжлэл хүлээн авснаас 237-г нь шийдвэрлэж, 50 хэргээс татгалзаж, зургаан хэргийг буцаажээ.

Одоогоор 14 хэргийн үлдэгдэлтэй байгаа аж. Эвлэрүүлэн зуучлагч 108 өргөдөл хүлээн авснаас 88-ыг нь шийдвэрлэжээ. Шийдвэрлэсэн өргөдлийн 63 нь амжилттай болсон байна.

84 хүнд холбогдох 60 эрүүгийн хэрэг хүлээн авч, 54 хүнд холбогдох 49 хэргийг шийдвэрлэжээ.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, доктор, профессор Н.Лүндэндорж, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга, доктор Т.Мэндсайхан нар тус шүүхэд өнгөрсөн бямба гаригт ажиллаж, шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудтай уулзлаа.

Сайхан сум дахь сум дундын шүүх нь улсын хэмжээнд дагнаагүй найман шүүхийн нэг. Тус шүүхийн Ерөнхий шүүгч Г.Сарантуяа "Манай шүүх дөрвөн шүүгчтэй. Шүүх дагнаж, шүүгчид мэргэшиж ажиллах маш чухал. Тиймээс бид шүүгчдийн зөвлөлийн хуралдаанаар зохион байгуулалт хийж хоёр, хоёроороо мэргэшиж хэсэг хугацаанд ажиллалаа. Маш сайн үр дүн гарсан. Гэвч Эрүү, Зөрчлийн хууль долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэх байсан тул энэ туршилтаа зогсоосон. Цаашид манай шүүхийг дагнаж, биднийг мэргэшиж ажиллах боломжоор хангаж өгөхийг хүсч байна” гэсэн юм. Мөн тус шүүхийн шүүгчид шүүгчийн туслахыг тогтвортой ажиллах боломжоор хангаж өгөхийг хүсчээ.


Сэтгэгдэл байхгүй байна