Монголд сүүлийн 10 жил болоогүй хүйтэрч байна гэх дуулиантай цастай, утаатай, хальтиргаатай өдрүүд үргэлжилж байна. Дэлхийн хамгийн хүйтэн хотуудын нэг гэгддэг улаанбаатарчуудын хувьд цас, жавар шинэ зүйл биш. Гэхдээ сүүлийн хэдэн жил өнтэй өвөлжсөнийх үү, үнэхээр хотын захиргааныхан ажлаа хийхгүй байна уу, цас хальтиргааг гайхаширсан хүн олон. Ядаж байхад хотын дарга “Өнгөрсөн онд өвлийн турш нийт 13 удаа цас орсон байхад энэ өвөл эхлээд нэг сар хүрэхгүй хугацаанд 13 удаа цас орчихоод байна” гэсэн үг унагаснаас болоод цас хүртэл “улстөржиж” Батболд даргыг дээрэлхэж байна гэсэн шоглол дэлгэрээд байна. Уг нь хөөрхий байгууллага иргэд, цасаа цэвэрлэхийг уриалах ялдамдаа нэг ийм тоо амнаасаа унагачихсан юм шиг байгаа юм. Одоо ингээд хотын дарга маань валютын “анхааралтай ажигладаг” гэж онигоонд ороод байгаа Сангийн сайдынхаа араас орсон цасыг анхааралтай тоолдог гэсэн шинэ хочтой болоод байна. Тэнгэрийн цасанд буруу ч гэж юу байх вэ, бас цас орох тоолонд л хотын дарга аа “барьж зодоод” байх ч хаашаа юм бэ дээ. Уг нь наана нь энэ ажлыг хариуцсан, албад тусдаа компани, удирдлагууд байж л байгаа. Цасан дээр хүртэл хамгийн том даргыг л буруутгаж, харааж зүхэж кайф авдаг болоод байгаа юм даг уу. Ийн өнгөрсөн долоо хоногт хүйтэн жавар, хошигнол, егөөдлийн зэрэгцээ улс төр, нийгмийн амьдралд харин халуун сенсаци тасарсангүй ээ.
С.Зориг агсны амийг хөнөөсөн хэргийн шүүх хурал
Улсын Ерөнхий прокурорын албан ёсны вэб сайтад /prokuror.mn/ арваннэгдүгээр сарын 14-нд төр, нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн гэх хэргийг нягталж дуусан прокурор яллах дүгнэлт үйлдэж, анхан шатны шүүхэд шилжүүлсэн хэмээн мэдээлснээр С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийг эцэслэн шүүхээр шийдвэрлэх нь ээ гэсэн шуугиан идэвхжсэн. Тус сайтад мэдээлснээр бол хэргийг хэлэлцүүлэхээр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн гэсэн билээ. Тэгвэл хэргийг тус шүүхийн Ерөнхий шүүгч М.Алдар уг хэргийг шүүхээр болсон гэсэн мэдээлэл энэ долоо хоногийн эхэнд гарлаа.
С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт холбогдуулан сэжигтнээр Орхон аймгийн харьяат иргэн Т.Чимгээ, Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нарын гурван иргэнийг хорих 461 дүгээр ангид саатуулаад байгаа. Гэхдээ тэдний ар гэрийнхэн гэмгүй хүмүүсийг хилс хэрэгт хэлмэгдүүлэх нь гэж олон нийтэд хандаж байсан. Юутай ч 18 жилийн турш гэмт хэрэгтнийг илрүүлэх хүлээлтэд байгаа С.Зориг агсны амь насаа алдсан хэрэг анх удаагаа шүүхийн шатанд шилжих гэж байна.
Холбоотой мэдээллийг дор дарж уншина уу
С.Зориг агсны хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн гэв
“Эрдэнэт”-ийн захирлын томилгоо
Өнгөрсөн УИХ-ын сонгуулиас хойш дуулиан тарьж байгаа “Эрдэнэт”-ийн хэмээх үйл явц сүүлийн 2-3 сард олон нийтийн тэр тусмаа зарим нэг улстөрчийн анхаарлын төвд байгаа халуун сэдэв. ОХУ-ын мэдэлд байсан 49 хувийг Монголын жирийн нэг компани худалдан авсан нь луйвар гэж үзэж буй улстөрчид олон байгаа бөгөөд тэдний идэвх зүтгэлээр хувийн нэгэн компанийн худалдаж авсан харьд байсан 49 хувийг одоо Монголын иргэдэд үнэгүй хувьцаа болгон тарааж өгөх ёстой гэсэн давалгаа ч хүчтэй болоод байгаа билээ. Гэтэл нөгөө талаасаа өмнө “Эрдэнэт” үйлдвэрт бараа бүтээгдэхүүн шахаж байсан болон цаашид энд ноёрхлоо хадгалан үлдээх гэсэн улстөрийн бүлэглэлийнхний гомдлоор өдөөгдөж байгаа бас нэгэн тоглолт ч гэж үзэх нь бий. Тухайлбал, улстөрийн хүчтэй, хүчтэй мэдэгдлүүдийн ард “Эрдэнэт”-ийн захирлаар өөрсдийн хүнээ томилох гэсэн зорилго харагдаж байгаа гэсэн ч тайлбар бий. Дуулиант энэ асуудлыг УИХ-ын байнгын хороогоор хэлэлцэж, тухайн үеийн Ерөнхий сайд байсан Ч.Сайханбилэгийг хэсэг байцаасан. Гэвч зарим нэг улстөрчийн асууж байсанчлан нэгэнт хийгдсэн гэрээ хэлэлцээрийг УИХ-аар дахин хэлэлцэх эрх зүйн зохицуулалт байхгүй бөгөөд ийн маргаан даамжирснаар Монголчуудад харин ч сөрөг нөлөө үзүүлж магадгүй гэгдэж буй.
Өнгөрсөн долоо хоногт “Эрдэнэт”-ийн асуудлыг хүчтэй “тоглогч” болоод байгаа УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж Засгийн газарт хандан “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирлыг яаралтай томилохыг үүрэгдэж, юунаас болж томилгоо хийгдэхгүй саатсаныг лавлаж, байв. Үүнд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат “Ерөнхий захирлын нэрийг тогтоогүй байна, тодорхой болсон цагт “Эрдэнэт” үйлдвэрийн Төлөөлөн удирдах зөвлөл хуралдахад бэлэн байгаа” гэх хариулт өгсөн билээ. “Эрдэнэт”-ийн захирлын хувьд дээр өгүүлсэн анх дуулиан дэгдсэн халуун зунаас хойш яригдаж байгаа. Хотын дарга асан Г.Мөнхбаяр, УИХ-ын гишүүн асан Ж.Бадамжунай нэр энэ суудалд томилогдож магадгүй гэсэн дуулиан дэгдсэн ч өөрсдөө үүнийг үгүйсгэсэн. Мөн “Алтжин” компанийн захирал сенсацитай хатагтай Г.Алтанг томилогдож магадгүй гэсэн яриа ч гарч байсан билээ.
Тэгвэд одоо энэ албанд Уул уурхайн дэд сайд Х.Бадамсүрэнг томилж магадгүй гэсэн яриа гарчээ. Х.Бадамсүрэнг Уул уурхайн дэд сайд болохоосоо өмнө Аж үйлдвэрийн яамны харьяа Зэс хайлуулах цэвэршүүлэх үйлдвэрийн төсөл хэрэгжүүлэх нэгжийн захирлаар ажиллаж байсан. Орос, Монголын хамтарсан “Монголросцветмэт” нэгдлийг удирдаж байсан гэдгээр нь Мөн энэ томилгоонд Х.Бадамсүрэнгээс гадна гурван хүний асуудал яригдаж буй гэсэн мэдээлэл байна. Гэхдээ өнгөрсөн баасан гаригт х.Бадамсүрэнгийн материалыг нь Авлигатай тэмцэх газар руу илгээсэн гэсэн мэдээллээс үүдэхэд эрх баригч МАН-ийнхэн “Эрдэнэт”-ийн томилгоонд ерөнхийдөө санал нэгдсэн гэж үзэж болохоор байна. Тус газраас нэр дэвшигчтэй холбоотой лавлагаа гаргасны дараа “Эрдэнэт” үйлдвэрийн Төлөөлөн удирдах зөвлөлд нэрийг нь хүргэх аж.
Хэрвээ “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирлаар Х.Бадамсүрэн томилогдвол МАН дотор дэд сайдын суудлын төлөөх марафон бас эхэлнэ.
Н.Алтанхуягийн айдас
Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг ирэх жил болох Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө гэж зарласнаар бас нэг анхаарал татах хүн болоод байгаа. Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг АН-ын удирдах төвшинд шийдэх ёстой. Гэтэл Н.Алтанхуяг ийн өөрийнхөө нэрийг зарласныг өөр учир шалтгаантай гэж үзэх ч хэсэг байна. Түүнийг ийн нэрээ зарлахын өмнөх өдөр эхнэр Э.Сэлэнгийг хилээр гарах эрхийг хориглосон бөгөөд Н.Алтанхуяг гэр бүлийнхнийгээ хамгаалахын тулд ийн улстөрийн шийдэл сонгосон гэгдэж байгаа. Харин үүнээс хойш Н.Алтанхуягийн төрсөн эгчийнх нь охин болон төрсөн дүү Н.Наранцэцэгийг нь баривчлан саатуулаад байна. Түүнийг Ерөнхий сайдаар ажиллаж байхад нь ахлах зөвлөх Л.Гансүхийг мөн баривчлахад үүнийг улстөрийн учир шалтгаантай үйлдэл, товчхондоо намайг айлгахын тулд найзыг минь баривчиллаа гэж байсан билээ. Тэрээр Ерөнхийлөгч нэр дэвшихээ зарласнаас хойш, улстөрийн өрсөлдөгчөө нухчин дарахын тулд гэр бүл, хамаатан садан, найз нөхдийг нь “намнах” ажиллагаа хийдэг болсон нь нууц биш гэж зарлаад байгаа. Үүний учир шалтгаан нь Ерөнхий сайд байхдаа улстөрийн бүлэглэлийн Тавантолгой, Оюутолгойтой холбоотой саналыг хүлээж аваагүйгээс үүдэлтэй гэж зарлаад байгаа юм.
Дээрхийн гэгээнтний айлчлал
Монголд ес дэх удаагаа айлчилж буй дээрхийн Гэгээнтэн XIV Далай ламын айлчлал ч мөн дуулиан тарьж байна. Түүнийг Монголд айлчлахын өмнө Монголын бурхан шашинтны шинэ төвийн тэргүүн З.Санждорж хэмээгч энэхүү айлчлалыг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн. Харин өнөөдөр “New York Times” сонинд Хятадын эрх баригчид Дээрхийн гэгээнтэн XIV Далай ламын Монгол Улсад хийж буй айлчлалыг хориглохыг шаардсан талаар мэдээлсэн байна. Тус сонины “Хэдийгээр Далай ламын айлчлалыг Монголын төр засгаас ямар ч оролцоогүйгээр зохион байгуулж байгаа гэж буй ч энэхүү айлчлал нь Хятад, Монголын геополитикийн асуудал болж хувираад байна. Зохион байгуулагч Гандантэгчэнлин хийдийн зүгээс айлчлалыг зөвхөн номын айлчлал гэдгийг тодотгожээ. Сошиал ертөнцөд ч Далай ламын айлчлалын талаар янз бүрийн санал, маргаан дэгдэж байгаа ч бурхны шашинтан монголчууд өвлийн хахир хүйтнийг ч эс хайхран Далай ламын явсан газар бүрэн цугларан адис авч, алсаас ч болов барааг нь харахыг эрмэлзэж байна. Далай лам арваннэгдүгээр сарын 23-нд Монгол дахь айлчлалаа өндөрлөнө.
Нэр солих бас нэгэн аян
Эрх баригч болсныхоо дараахан өмнө нь Сүхбаатарын нэртэй байгаад Чингис хааны болж өөрчлөгдөөд байсан төв талбайн нэрийг эргүүлэн өөрчилсөн дуулианаар ажлаа эхлүүлсэн МАН-ынхан Хэнтийн Хан уулын нэрийг Бурхан Халдун уул гэж өөрчлөх тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн дэмжээд, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтжээ. Өмнөх Засгийн газрын хийж байсан ажлыг зогсоож, хэлбэр, нэрийг нь өөрчилсөн жишээ үүгээр тогтохгүй хэд хэд байгаа. Өмнө нь засаг барьж байсан АН-ынхны үед ч ийм жишээ мундахгүй олон бий.
Харин энэ удаад Хэнтийн нурууг бүхэлд нь Бурхан халдун нэртэй болгох саналыг эсэргүүцэгсэд олон байна. Хан Хэнтийн дархан цаазат газар нь Хэнтий аймгийн Батширээт, Өмнөдэлгэр, Төв аймгийн Мөнгөнморьт, Эрдэнэ, Батсүмбэр, Сэлэнгэ аймгийн Мандал, Ерөө, Хүдэр сумдыг хамарсан өргөн уудам нутгийг эзлэх бөгөөд уртаашаа 158 км, өргөөшөө 185 км газар нутгийг хамран сунаж тогтсон. Бурхан халдун нь Чингис хааны тахиж мөргөдөг байсан Хан Хэнтийн нурууны нэгэн оргилын нэр. Харин хамгийн өндөр оргилыг Асралт хайрхан гэж нэрлэдэг. Ийн Хан Хэнтийн нурууны нэрийг бүхэлд нь нэгэн оргилынх нь нэрээр өөрчлөх болсон шалтгаан нь тодорхойгүй. Бас цаашдаа ч хэр олон нэрийг хэрхэн өөрчлөх нь бас тодорхойгүй байна.
Энэ талаарх нийтлэлч Д.Батбаярын нийтлэлийг дор дарж уншина уу.
Сэтгэгдэл байхгүй байна