• Эхлэл
  • Сэрэмжлүүлэг:Залилагчдаас болгоомжил

Сэрэмжлүүлэг:Залилагчдаас болгоомжил

2016/11/22

БНСУ болон Монгол Улсын Засгийн газрын гэрээ хэлэлцээрийн дагуу манайхаас жил бүр ажиллах хүчин илгээгээд олон жил болж буй. Нэг хэсэг Өмнөд Солонгост гэрээний дагуу ажиллахаар явна гэдэг олдоход бэрх боломж гэгдэж энэ хэрээр ч зуучилж өгнө, ажилд оруулна гэсэн хууран мэхлэгчдийн арга залинд өртсөн хүмүүс ч олон бий. Тэгвэл энэ удаад ч мөн Өмнөд Солонгост ажилд оруулна хэмээн бүртгэж зуучилна хэмээн урьдчилгаа мөнгө авч залилж байгаа талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас сэрэмжлүүлсэн байна. Ингээд сэрэмжлүүлгийг хүргэе.

Бүгд Найрамдах Солонгос Улсад Хөдөлмөрийн гэрээгээр явах хүсэлтэй иргэдийг бүртгэж, урьдчилгаа болон виз гарсны дараа мөнгө авч байгаа тухай зар мэдээ цахим мэдээллийн хэрэгслээр цацагдсантай холбогдуулан иргэдийн зүгээс тус яаманд хандан энэ асуудлаар тодруулга авах хүсэлт ирүүлээд байна. Үүнтэй холбогдуулан иргэдэд дараах мэдээлэл, анхааруулгыг хүргэж байна.

Монгол Улс нь БНСУ-ын "Гадаадын иргэдийн хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцоо"-ны дагуу хоёр улсын Засгийн газар хооронд байгуулсан Харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд БНСУ-д ажиллах хүч илгээх үйл ажиллагааг удирдан зохион байгуулж байна.

Хоёр улсын Засгийн газар хооронд байгуулсан Санамж бичгийн дагуу БНСУ  руу ажиллах хүч илгээх үйл ажиллагааг монголын талаас Монгол Улсын  Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Солонгосын талаас БНСУ-ын Аж үйлдвэрийн хүний нөөцийн хэрэг эрхлэх газар удирдан зохион байгуулж байгааг албан ёсоор мэдэгдэж байна.  

Иймд аливаа аж ахуй нэгж байгууллага болон хувь хүмүүсийн зүгээс БНСУ руу Хөдөлмөрийн гэрээгээр богино хугацаанд явуулж өгнө гэх зар тарааж, бүртгэж байгаа нь хууль бус болохыг иргэдэд АНХААРУУЛАН СЭРЭМЖЛҮҮЛЖ байна.        

МОНГОЛ УЛСЫН ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ЯАМ
 

2016 оны 11 дүгээр сарын 22

 

 


Сэтгэгдэл байхгүй байна

  • Зочин
    ЗӨВ ШҮҮ
    2016 оны 11 сарын 25
  • Зочин
    ЗӨВ ШҮҮ
    2016 оны 11 сарын 24