Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан нарын Монголын нийт шүүхээр тойрсон аяны зам Сэлэнгэ, Булган, Дархан-Уул, Орхон аймгийн шүүхүүдэд 4 хоног үргэлжлэв. Жилийн өмнө тэд Өмнөговь, Дундговь, Төв аймгийн шүүхүүдэд ажиллаж, иргэдэд МУ-ын Ерөнхийлөгчийн санаачлан эхлүүлсэн шүүхийн шинэтгэлийн талаар тайлбарлан таниулж, шүүхийн талаархи санал сэтгэгдлийг нь сонсч явсан юм.
Иргэдийн хэрсүү үг, хэлсэн саналаас илүү шүүхийн шинэтгэлийн ололтыг нуруундаа үүрч, хамтдаа зүтгэсэн шүүх хэмээх "их айл”-ын нөр их хөдөлмөрийн бодит үнэлгээ гэж үгүй.
Аймаг болгоны хамгийн том заал танхимд хөр цасыг ч ажралгүй хөдөөгийн сумдаас манартал давхиж, ирийтэл цугласан иргэд шүүхийн шинэтгэлийг биеэр мэдэрч, ахиулан ажиллахад нь санаагүй санаа, бодоогүй бодлыг цочтол илэрхийлэх нь энэхүү аяны хамгийн том ололт.
Чухам иймээс л шүүхийн арын албыг залгуулж буй профессор Н.Лүндэндоржийн гардаж хэрэгжүүлсэн ажлаа газар дээр нь танадаж, иргэдтэй уулзсан энэхүү уулзалт нь эцэж цуцашгүй эрч хүчийг түүнд өгдөг болов уу. Энэ эрхмийн хэлийн цэц, хөлийн хурд Монголын шүүхийг бүтэн тойрчихлоо. Сэтгүүлчид түүнийг шүүхийн шинэтгэлийн автор, шүүхийн "манаач” гэдэг.
Үнэхээр ч урт холын замд шүүхийн шинэтгэлийг хэрхэн юуны учир эхлүүлсэн, ямар үр дүнд хүрсэн, дэлхий үүнийг хэрхэн үнэлсэн, ололтыг хэрхэн, яаж хамгаалан бэхжүүлэх тухай хаанаас нь ч гацаж түгдрэлгүй иргэдэд ярьсан уулзалтууд нүд чих онгойлгох шиг л болов. Сэлэнгийн иргэдийг төлөөлж иргэн н.Оюунбилэг шүүх, прокурор, цагдаа 3 чинь хамтдаа нэг малгай дор харьяалагдах уу.
Өмгөөлөгчдийг ямар байгууллага харьяалдаг юм бэ, тэд хуулийн байгууллагыг муухай харагдуулж, иргэд биднийг хохироож байна гэж асуусан бол хуулийн байгууллагад 23 жил ажилласан, дэд хурандаа Л.Өлзийсайхан авилгын хэрэг илрүүлснийхээ төлөө шахалт дарамт амссан намайг шүүх 7 удаа цагаатгасанд шүүхийн шинэтгэлд талархал илэрхийлье гэв. Иргэн н.Хасбазар шүүхийн шинэтгэлийн талаар холоос зорин ирж сэтгэлд хоногштол ярьж, иргэд биднийг сонсч байгаад баярлалаа гээд шүүхийн шийдвэр гүйцэтгэлтэй шүүх холбоотой юу, алдаа мадагтай гэрээг яаж засах вэ, шүүхийн шинэтгэлийг хэн хянадаг вэ гэж асуув.
Энэ нь шүүх өөрчлөгдсөнийг мэддэг нь ам нээсэн дээрээ уушги нээж, мэддэггүй нь шүүх чинь миний амь амьдралд ийм үнэ цэнэтэй юм байна гэдгийг мэдрэх боломжийг энэ өргөн уудам нутаг дэвсгэр даяар олгосноороо шинэтгэлийн иргэдэд чиглэсэн хүртээмжийг илтгэх аж.
Жирийн иргэд бид л мэддэггүй болохоос шүүхийн арын алба гэдэг толгой эргэм, тоймгүй бэрхшээлтэй ажил юм байна. Үүнийг бол очсон шүүх бүрт "тогооны” яриа нь илтгэж байв. Шүүхийн байрны гачигдал, эсвэл элэгдэл хоргодол хаа сайгүй. Үнэхээр ч Н.Лүндэндорж эрхмийн учирласнаар "Аль л хуучин муу акталсан байр савыг шүүх эрүү өвдгөө дэвсэн байж гуйж авах нь нийтлэг гачигдал”. Дарханы шүүх ОХУ-ын мэдлийн байрыг түрээслэн ажиллаж, Сэлэнгийн шүүх хөлдүүс болсон хүйтэн байранд дагжиж сууцгаана. Шүүхийн ерөнхий зөвлөл боломжоороо засч сэлбэхээр угаас муу байр нь хана туурганаасаа нурж унах аюул нүүрлэдэг. Одоогоор Завханы шүүхийн байр ийм аюулын ирмэгт ажиллаж байна. Булганд шүүгчийн орон тоо хүрэлцэхгүйгээс нүүдэллэн ажиллахад томилолтын мөнгө, бензин тос нь хүрэхгүй, адаглаад бичиг хүргэгч нь өвөл зунгүй явган таваргасаар гутал нь ханз татна, шүүгч ажилтны байр сууцны гачигдал гээд зовлонгоо Шүүхийн захиргааны даргадаа дуулгалаа. Өнөөх л мөнгөнөөс үүдэлтэй арга мухардлаа тоочвол хэдий их ч өнөөдөр 2500 "ам бүлтэй” Монголын шүүх засаглал сүүлийн 3 жилийн шинэтгэлээр олсон 10 үр дүндээ, маргаашдаа бүрэн итгэл төгс байна. Тэдний сэтгэлд тэр гэхийн тэмдэггүй, тэнэсэн сум шиг итгэл харважээ. Тэр нь л шүүгчдийн өөртөө итгэх итгэл, ажилдаа хандах урам зориг, эрхэм оршихуйг нь цогцлоож харагдана.
Шүүхийн үүд ёрдойсон хадаастай, иргэдийн сандал эвдэрхий, шүүгчийн нөмрөг сэмэрхий байвал Шүүхийн захиргааны уруу дорой байдал учраас Н.Лүндэндорж дарга шүүх бүрт нэг ч цоожтой хаалгыг алгасахгүй татаж, өнгийж, тонгойж үзэж явав. Иргэдэд зориулсан зай талбай хамгийн чухал нь учраас Орхон аймгийн шүүхийн тамгын газрын дарга М.Ганчулуунд шүүх хуралдааныг үүдэндээ шууд дамжуулан үзүүлэх 4 дэлгэц байршуулах үүрэг өгнөлээ.
Дарханы давж заалдах шатны шүүх цэмцийсэн гэж жигтэйхэн цахимжсан шүүх байх аж. Тамгын газрын дарга Д.Ууганбаяр шүүхийн цогцолбор ордонтой болох санал тавихад Н.Лүндэндорж дарга "Ордонтой болохоо хүрвэл бидэнд маш том амбиц бий. Одоо цагт мөнгө нь байвал барилга барихад хуучных шиг уддаг асуудал байхгүй болсон” гэж хариулсан. Аль ч шүүхэд шүүгчдийн өрөөнд нэрийн хуудас, илүү сандлын асуудал босч байв. Энэ нь шүүгч хүн бусадтай холбоо харилцаа тогтоохоос сэргийлэн нэрийн хуудасгүй байдаг нь өдгөө дэлхийн жишиг болж байгаа, шүүгчийн өрөөнд хэн нэгэн тухалж, аяга ёроолдохоос хамгаалж илүү сандалгүй байлгах хараат бус байдлын ойлголт юм байна. Шүүгчид харин үүнд жаахан гайхасхийж байх шиг санагдсан.
Үргэлжлүүлээд Н.Лүндэндорж профессор хуулийн албан ёсны эх сурвалжаар хангагдаж чадаж байгаа эсэх, ачаалал багатай үедээ мэдлэгээ ахиулах, шүүгчийн биеэ авч явах байдал, хувцаслах соёл гээд алхам бүртээ олны хяналтанд байдаг шүүгчдэд зөвлөж, санал солилцох нь содон сонсогдоно. Өөгүй байхыг өндөр нэр хүндтэй ажил нь мөнхөд шаардаж байдаг шүүгч хүн зараа толгойлоод, жинсэн өмдтэй гүйвэл итгэл төрүүлэхгүйц байдал алдагдаж, цаашлаад шүүхийн шийдвэрийн хүлээн зөвшөөрөгдөхүйц байдалд ч халгаатайг тэрбээр сануулж явлаа. Шүүгчийн туслахын цалин бага ч тэд эдийн засгийн баталгаа нь хангагдсан шүүгч болохын төлөө хошуу унжуулалгүй сахилгатай ажиллаж байна. Булганыхан харин бусад шүүхийг бодвол Шүүхийн захиргааны даргадаа санал бодлоо ил шулуун илэрхийлж байснаараа ялгарахуйц юм.
Ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн мэндийн зөрөөгүй жолоочийн орон тоо шургуу шаардаж, шаардаж үлдсэн. Үнэндээ жолоочгүйн гайгаар туслахууд томилолтонд дайчлагдан, ажил цалгарддаг юм байна. Хөтөлийн Сум дундын шүүхийн шүүгчид шүүхийн шинэтгэлийн том ололт болсон дагнасан шүүхээс хоцорч байгаагаа, мөн шүүгчийн орон байрны асуудлыг хөндөж байлаа. Тус шүүх Монголын шүүхээс дагнаагүй үлдсэн Сум дундын 8 шүүхийн нэг нь.
Дөрвөн аймгийн шүүх бүрт чухлаар яригдсан сэдвийн нэг нь татан буугдсан Тахар буюу шүүхийн аюулгүй байдал. Шүүхийн үүдийг эзэнтэй болгож, түүндээ асар өөриймсөг зүтгэж байсан Тахарыг татан буулгаж, хүн хүч, машин унааг нь шийдвэр гүйцэтгэл рүү шилжүүлж, үрэн таран хийсний золиосонд шүүхийн аюулгүй байдал ганхаж эхэлжээ. Шөнөжин эргүүлд гарсан улаан нүдтэй цагдаа нойрмоглон, шүүх хуралдааны дэг сахиулах нь нүглийн нүдийг гурилаар хуурахын үлгэр л болж байна. Байдалтай газар дээр нь танилцсан Н.Лүндэндорж дарга "Тахарын алба эрт орой хэзээ нэг цагт эргэж сэргэнэ. Харин бид тэр болтол марталгүй, сануулсаар, хөндсөөр байх нь чухал” гэв.
Шүүхэд үүрэг гүйцэтгэсэн цагдаа мэдээлэл хийх гэж бостол хэсгийн ахлагч нь ганц эвгүй хараад л нам суулгаж байгаад хэдэн үг дуртай дургүй хэлүүлэх аястай. Уг нь Тахар бол шүүхийн шинэтгэлийн маргашгүй үр дүнгийн нэг. Ийм л хүнийсэл, хүйтэн харьцаа шүүхийн аюулгүй байдлыг "зоолж” байна. 100 төгрөгийн хятад бал барьсан эмээ өвөө нар шүүхийг манаж байсныг тэвхийсэн залуусаар сольж, айдгаа авдартаа хийж байсан Шүүхийн захиргааны дарга орон даяар энэ талаарх судалгааг хийж байгаагаа дурьдсан нь ямартаа ч дуугүй суухгүйнх бололтой.
Эрдэмтэн хүний хувьд хамгийн сайн чаддаг зүйлээ тэрбээр "Сургалт, сургалт, бас дахин сургалт” гэх хэлэх дуртай. Шүүхийн хүний нөөцийг урд хожид байгаагүй 60 хүртэл хувиар шинэчлэн сэлбэсэн шүүгчийн сонгон шалгаруулалт, гадаад дотоодын сургалтууд, мэргэшсэн шүүх, нээлттэй шүүх, шүүхийн эдийн засгийн баталгаа гээд шинэтгэлийн үр дүнгүүдийг Н.Лүндэндорж дарга иргэд, шүүгч ажилтнуудад 4 өдрийн турш тасралтгүй ярьж явлаа. Шүүгчид түүнийг одоогоос 10 жилийн өмнө "Шүүх эрх мэдлийн хямрал” нийтлэлдээ өнөөдрийн шинэтгэлийг өнгөтөөр зөгнөчихсөн хүн хэмээн толгой сэгсэрч байхыг олонтаа харав.
"Хүрсэн түвшингээ мэдэхгүй хүн хөгжих тухай саналтгүй. Шүүхийн шинэтгэлийн цаашдын бодлогыг тодорхойлох, түүнээсээ урам зориг авах, дутуугаа дүүргэх том хүч бидэнд бий. Эн тэргүүний чухал ажил бол шүүгчийн хариуцлага” гэж Н.Лүндэндорж дарга онцолж, 2017 онд бүсээ чангалж, хэмнэж гамнахыг ч сануулахаа мартсангүй. Ажлын албаных нь төсвийг 2 дахин багасгасан тухайд бол толгойгоо ганзагалах нь битгий хэл, тоох ч юм алга. "Угтаа тэр нь Т.Мэндсайхан бид хоёрын тансаглал биш. Шүүх, шүүгчдэд зориулагдах сургалтын хөлс, унааны зардал, засварын мөнгө” гэж л дуугарлаа. Америкт 1908 онд шүүхийн шинэтгэл эхлээд, шүүх эрх мэдэл Гүйцэтгэх засаглалынхаа дээр гартлаа өрнөсөн бөгөөд шүүгчид нь "буугүй хувьсгалаа” нийгмийнхээ үнэт зүйл болгож чадсан тухайгаар профессор Н.Лүндэндоржийн уулзалт өндөрлөв. Түүнийг хаа ч явсан шүүх, шүүгчийн цалин ярьдаг хүн гэсэн имиж хэдийнэ тогтжээ. Монголын өргөн уудам нутгаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан эхлүүлсэн шүүхийн шинэтгэлийн мөр дагасан эрдэмтний их аяны зах зух ийм байна. Яагаад гэвэл шүүх судлалд сэтгэл зүтгэлээ зориулж, арын албыг нь манаж, шинэтгэлийг гардаж яваа түүний дуу хоолойг тоймлох төсөр ажил биш аж.
О.Усгал
Эх сурвалж:judcouncil.mn
Сэтгэгдэл байхгүй байна