• Эхлэл
  • Монгол Улсын Ерөнхий сайдууд

Монгол Улсын Ерөнхий сайдууд

2016/11/28

1911 онд Монгол улс тусгаар тогтнолоо сэргээснээс хойш эдүгээ хүртэл 28 Ерөнхий сайдын нүүр үзжээ. Эдгээр Ерөнхий сайд нарын тухай цухас дурьдъя.

Эдгээр хүмүүс нь нийгмийн гарлаараа хан, лам хутагт, малчин, сэхээтэн, түшмэд, мэргэжлийн хувьд эдийн засагч, санхүүч, орчуулагч, сэтгүүлч гээд янз бүрийн хүмүүс багтаж байна.

Хамгийн залуу ба хөгшин

Хамгийн залуудаа Ерөнхий сайдын албанд тохоогдсон хүн бол Олноо өргөгдсөн Монгол улсын анхны Ерөнхий сайд Сайн ноён хан Төгс-Очирын Намнансүрэн. Тэр 34 насандаа энэхүү албанд тохоогдон томилогдож нас эцэслэх хүртлээ зүтгэсэн байдаг.

Харин хамгийн хөгшин насандаа Ерөнхий сайдын алба хашсан хүн бол Пунцагийн Жасрай агсан. 59 насандаа Ерөнхий сайдын албанд тохоогдон томилогдож 4 жилийн сонгуульт хугацаагаа дүүргэсэн.

Хамгийн урт болон богино хугацаанд Ерөнхий сайдын алба хашигчид

Хамгийн олон жил Ерөнхий сайдаар ажилласан хүн бол Юмжаагийн Цэдэнбал. 1952-1974 оны хооронд нийт 22 жил Ерөнхий сайдын албанд ажилласан байна. Түүнийг 16 жил уг албын хашсан маршал Хорлоогийн Чойбалсан удаална.

Харин хамгийн богино хугацаанд Ерөнхий сайдын албан тушаал хашсан хүн бол Ардын Түр Засгийн газрын тэргүүн “цэцэг” хэмээх Дамбын Чагдаржав. Ардын хувьсгалын “Анхны 7”-гийн нэг тэрбээр 1921 оны 03 сарын 16-наас 04-р сарын 16-ны хооронд нэг сар орчим уг албан тушаалд зүтгэсэн юм.

Түүнийг анх томилогдоод албан ёсоор 3 сарын турш Ерөнхий сайдаар ажилласан Цахиагийн Элбэгдорж удаалдаг байна. Харин тэрбээр хожим нь хоёр дахь удаагаа Засгийн газрыг тэргүүлэхдээ жил хагас албан тушаалдаа тогтож чадсан билээ.

Хамгийн азтай ба азгүй

Монгол улсын Ерөнхий сайд бологсдын дотроос хамгийн азтай гэнэтийн тохиолдлоор Засгийн газрын тэргүүнээр томилогдсон хүн бол тухайн үеийн нийслэл хотын мэр Жанлавын Наранцацралт агсан байлаа.

Түүнийг нам эвслийнх нь нөхөд бус харин сөрөг хүчнээс нэр дэвшин Ерөнхийлөгчөөр сонгогдсон Н.Багабанди нэр цохон Ерөнхий сайдад дэвшихэд хүргэсэн юм.

Ерөнхий сайд нараас хамгийн азгүй гэмээр хүн бол Дашийн Бямбасүрэн гуай. Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас, чөлөөт зах зээлийн эдийн засагт улс орныг оруулах хүндхэн ачааг үүрсэн түүнийг “туршлагын” амьтан мэт ашиглачихаад эцэст нь “Буурал мянгуужин” гэх мэт элдэв хоч өгөн доромжилж байсан юм.

Гэхдээ Монгол улсын Ерөнхий сайдын албыг хашиж байгаад хэлмэгдсэн хүмүүс түүнээс илүү азгүй мэт. Тухайлбал Ардын Засгийн анхны Ерөнхий сайд Догсомын Бодоо, Ерөнхий сайд асан Гэндэн, Агданбуугийн Амар нарын ээдрээт хувь тавиланг дурсах ёстой.

Хамгийн сайн болон муу гэгдсэн

Ерөнхий сайдууд Ерөнхий сайд байсан хүмүүсээс хамгийн сайн нэр дуулж байгаа нь А.Амар. Мөн сүүлийн үед Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал, Ж.Батмөнх нар ч сайндаа орж байгаа.

Харин хамгийн муугийн жишээнд Д.Бямбасүрэн, шанзав Бадамдорж, Ц.Элбэгдорж, Н.Алтанхуяг нар орох мэт.

Хамгийн өндөр болоод хамгийн богино насалсан нь

Ерөнхий сайдаар ажилласан хүмүүсээс хамгийн өндөр насалсан нь Ю.Цэдэнбал 1916-1991. Тэр 75 насандаа хүний нутагт ихээхэн хэцүү байдалтай нас эцэслэсэн.

Харин хамгийн залуудаа нас барсан Ерөнхий сайд бол Д.Бодоо. Түүнийг 37-хон насанд нь төрд тэрсэлсэн гэх хилс хэргээр цаазаар аваачсан юм.

Хамгийн олон жил төрд зүтгэсэн нь

Монголын төрд хамгийн олон жил өндөр албанд зүтгэсэн хүн бол Ю.Цэдэнбал. Тэр 45 жил төрийн өндөр алба хашсан байдаг. Түүнийг Х.Чойбалсан, П.Жасрай, Ш.Гунгаадорж, Д.Содном, Ж.Батмөнх нар удаална.

Хамгийн амбицтай

Ерөнхий сайд Энд Ц.Элбэгдоржийг хэлж болно. Тэр намын нөхөр М.Энхсайханаас Ерөнхий сайдын суудлыг авсан ба хожим нь бас л түүний өмнүүр дайран Ерөнхий сайдын суудалд суусан билээ.

Хамгийн олон удаа Ерөнхий сайдад нэр дэвшсэн хүн

Ерөнхий сайд болж чадаагүй ч дөрвөн сарын дотор 7 удаа нэр дэвшсэн өвөрмөц амжилтын эзэн бол “халзан” хэмээх Да.Ганболд. Тиймээс ч хамгийн хамгийнд “хамгийн” сонирхолтойгоор багтаж байгаа хүн бол тэр.

Хоёр удаа Ерөнхий сайд болсон Монгол улсын Ерөнхий сайд болсон хүмүүсээс А.Амар, Ц.Элбэгдорж нар хоёр удаа уг албыг хашжээ.

Ерөнхий сайд байсан энэ хүмүүсээс 4 нь буюу А.Амар, П.Гэндэн, Х.Чойбалсан сүүлд Ю.Цэдэнбал нар харь нутагт нас нөгчсөн. Гэхдээ эхний хоёр нь хэлмэгдсэн.

Мөн Ерөнхий сайд асан Т.Намнансүрэн, С.Дамдинбазар, Ц.Жигжиджав, Ж.Наранцацралт нар учир битүүлгээр нас барсан билээ. Хуйвалдаан, гүтгэлэг, хилс хэргээр цаазлагдсан хүмүүс нь дээр дурдсан хоёроос гадна Д.Бодоо, Д.Чагдаржав нар юм.

Хуйвалдаанаар унасан Ерөнхий сайд нар бол М.Энхсайхан, Ж.Наранцацралт, Ц.Элбэгдорж, Н.Алтанхуяг нарын энэ цагийнхан. Одоо Ерөнхий сайд асан Д.Содном, Ш.Гунгаадорж, Д.Бямбасүрэн нарын ахмадууд амьд сэрүүн байгаа.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин