Сумын Засаг дарга нар томилогдохоор дуншиж байх зуур Архангай аймгийн Өгийнуур сумын Засаг даргаар томилогдох нь тодорхой болсон МАН-ын угшилтай Л.Алтангэрэлийг тус сумаас Иргэдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдсон АН-ын гишүүд хүчтэй эсэргүүцэж байгаа гэнэ.
Тэрээр өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд сумын Засаг даргаар ажиллахдаа сум орон нутгаа өөд нь татахаар дорвитой ажиллаагүй төдийгүй орон нутгийн эзэмшлийн газрыг гадаадын иргэдэд зарж дамласан байж болзошгүй гэж үзэж байгаа аж.
Тухайлбал, Ногоон Ази гэх нэртэй БНСУ-ын байгууллагад мод тарих нэрийн дор сумын 50 га газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэх захирамж гаргасан нь түүнийг Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн заалт зөрчсөн гэж үзэж, АТГ болон Захиргааны хэргийн шүүхэд хандах үндэслэл болно гэж нутгийн иргэд үзэж байна.
Газрын тухай хуулинд Монгол улсын газрыг Монгол улсын иргэн, аж ахуйн нэгжид эзэмшүүлнэ гэсэн заалтыг зөрчин, гадаадын иргэнд удаан хугацаагаар эзэмшүүлэх болсон нь иргэдийг ийнхүү бухимдуулахад хүргэжээ.
Гадаад улс, олон улсын байгууллага, гадаад улсын хуулийн этгээд, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, гадаадын иргэн, харъяалалгүй хүн тодорхой зориулалт, хугацаа, болзол, гэрээний үндсэн дээр хууль тогтоомжийн дагуу газар ашиглагч байж болно гэж заасан байдаг болохоос биш эзэмшүүлнэ гэсэн заалт байдаггүй тул албан тушаалаа ашиглан дур мэдэн хууль зөрчсөн гэж үзэж байгаа юм.
Сэтгэгдэл байхгүй байна