• Эхлэл
  • Роберто Бэнестэй хамтын ажиллагааны талаар уулзалт хийжээ

Роберто Бэнестэй хамтын ажиллагааны талаар уулзалт хийжээ

2016/12/03

ҮСХ-ны дарга А.Ариунзаяа НҮБ-ын Хүүхдийн Сангийн Монгол улс дахь суурин төлөөлөгч Роберто Бэнесийг ҮСХ-нд хүлээн авч уулзлаа.

Тус хороо нь НҮБ-ын Хүүхдийн сантай 1990-ээд оны дунд үеэс эхэлж нягт хамтран ажилласаар ирсэн бөгөөд энэ хугацаанд нялхас, эх, хүүхдийн эрүүл мэнд, өсөлт, хөгжил, хамгааллын чиглэлээр хэрэгжиж буй олон улсын гэрээ, конвенц, тунхаглалын хэрэгжилт, өөрийн орны хүүхэд хамгааллын чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг хянахад шаардлагатай үзүүлэлтийг бий болгох, мэдээллийн сан бүрдүүлэх, өрхөд суурилсан судалгааг зохион байгуулах арга аргачлал, үндэсний боловсон хүчин бэлтгэх чиглэлээр ихээхэн ахицтай ажиллаж байна.

НҮБ-ын Хүүхдийн сан нь Олон үзүүлэлтийн бүлгийн түүвэр судалгааг улсын хэмжээнд 5 удаа /1996, 2000, 2005, 2010 онуудад “Хүүхэд хөгжил судалгаа” нэртэйгээр, 2013 онд “Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаа” нэртэйгээр  зохион байгуулахын зэрэгцээ Хөвсгөл аймаг, Улаанбаатар хотын Налайх дүүрэгт 2012, 2016 онуудад дээрх судалгааг зохион байгуулахад санхүү, техникийн туслалцааг тухай бүр үзүүлсээр ирсэн юм.

Уулзалтаар хоёр байгууллагын цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцож Хүн амын хөгжил нь Улс орны хөгжлийн гол үндэс болдог учраас ирээдүйн боловсон хүчин болох хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, хөгжил, хамгааллын асуудал чухал болохыг онцлон тэмдэглэлээ.

Дээрх ажлын хүрээнд ҮСХ-той тоо мэдээллийг гаргах, мөн хүүхэд хамгааллын албан ёсны статистик үзүүлэлтийг бий болгох чиглэлээр болон 2018 оны Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгааг зохион байгуулахад хамтран ажиллахад бэлэн байгаагаа мэдэгдсэн.

Мөн бодлого боловсруулагч, шийдвэр гаргагч нарт тоо мэдээллийг хүргэхэд инфографик, нугалбар болон мэдээллийг орчин үеийн арга хэрэгслийг ашиглан хүргэхэд хамтран ажиллахад дэмжлэг туслалцаа үзүүлэхэд  бэлэн байгаа хэмээн дурдсан юм.

Ноён Роберто Бэнес ҮСХ-той удаан хугацаанд хамтын ажиллагааны найрсаг харилцаатай, тогтвортой ажиллаж байгаадаа талархал илэрхийллээ.


Сэтгэгдэл байхгүй байна