Монголын үндэсний бөхийн холбооны ээлжит бус “Их эе” хурал энэ сарын 10-ны өдөр болох талаар цэцдийн гишүүд мэдээллэж байсан. Түүний дараа “Энэ хурлыг болохгүй, албан ёсны биш” хэмээн Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүн Р.Нямдорж мэдэгдэл хийсэн юм.
Энэхүү мэдэгдлийн хариу болгож, УИХ-ын гишүүн, дархан аварга А.Сүхбат тэргүүтэй төлөөлөгчид өнөөдөр /2016.12.07/ мэдээлэл хийлээ.
Хэвлэлийн хурлын үеэр “Өнгөрсөн 26 жилийн хугацаанд бөхийн найраа утгаа алдаж байна. Ард түмэнд жүжиг үзүүлснийхээ төлөө нэг ч хүн хариуцлага хүлээдэггүй. Мөн монгол бөхөд шинэ менежмент хөгжил хэрэгтэй байна. Гэтэл ямар ч арга хэмжээ авдаггүй. Монголын бөхийн өргөөг амин хувийн аж ахуйдаа ашиглаад л сууж байна" хэмээн шүүмжилсэн юм.
УИХ-ын гишүүн, дархан аварга А.Сүхбат "Би Монголын ард түмэн, үндэсний бөхөд өртэй хүн гэж өөрийгөө боддог. Монголын эрийн гурван наадам тэр дундаа бөх намайг хүн болгосон. Ийм ч учраас би ирээдүй хойч үедээ олон зүйлийг хийж, өв уламлжлаа хадгалан үлдэхийн тулд олон зүйл хийх ёстой. Хөдөө хүүхэд байхаасаа ноцолдож төрийн наадмын зүлэг ногоонд дэвжээнд гарснаас хойш 30 жилийг бөхийн тогоонд өнгөрүүлжээ.
Р.Нямдорж тэргүүн ээ хууль бусаар 26 жил суулаа. Одоо хангалттай юм биш үү. Дахиад хэр удаан хугацаанд суух гэсэн юм бэ. Танаар удирдуулах хүсэлтэй бөх, бөхийн зүтгэлтнүүд одоо байхгүй. Сум, аймгийн наадам үнэн шударгаар найраагаар явах болжээ. Сумын заан 5 сая, аймгийн арслан 50 сая, улсын начин 500 сая төгрөгт хүрчээ. Олон сайхан бөхчүүдийн цол эрэмбийг олгохгүй хохирч үлдлээ. Дундговь аймагт 256 бөх барилдуулаад цол өгөх гэж байхад та нар 128 л барилдуул. 256, 512 бөх барилдуулж болохгүй гэсэн байгаа юм. Олон сайхан бөх барилдаад үзэгч олон баясаж байх ёстой юм биш үү.
Ард түмэндээ шударга сайхан барилдаан үзүүлэх, Монгол бөхийг хөгжүүлэх олон сайхан менежмент байна. Үндэсний бөх их спортын суурь болж байдаг. Олимпийн аварга Н.Түвшинбаяр, Б.Бат-Эрдэнэ, Г.Өсөхбаяр, Д.Сумъяабазар нарын аваргуудын нэрлэж болно. Р.Нямдорж тэргүүн өнөөдрийг хүртэл халх, дөрвөдөөд нь ялгаж харьцан хагаралдуулж ирсэн.
Бөхийн өргөөг Увсынхан, А.Сүхбат авах гээд байна гэдэг. Бөхийн өргөө минийх ч биш, Нямдорж тэргүүнийх биш. Монголын ард түмний сайхан сэтгэл хандиваар боссон тэдний өмч. Цэцдийн зөвлөлд Х.Баянмөнх, А.Сүхбат байдаггүй гэж мэдэгдээд байгаа. Яагаад Монгол Улсын дархан аварга хүмүүс бөхийн холбооны үйл ажиллагаанд оролцох эрхгүй юм бэ. Өнөөдөр ингэж л халх дөрвөд, цол эрэмбээр нь ялгаж байна шүү дээ. Ээлжит бус их эв эед 21 аймгийн төлөөлөл 8-10 хүн сонгоод 200 гаруй хүн оролцоно. МҮБХ-ны тэргүүний төлөө өрсөлдөх эрх хүн бүхэнд нээлттэй шүү" гэв.
Хуралдуулах ажлын хэсгийн ахлагч Ү.Хүрэлбаатар "МҮБХ-той холбоотой маргаан 2002 оноос хойш эхэлж өнөөдрийг хүрлээ. Үүнийг эцэслэх цаг болсон. 14 жилийн турш үргэлжилсэн энэ маргаанаас хуулийг яаж завхруулж хууль бусаар яаж эрх авч болдгийг харлаа. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас 2014 оны зургадугаар сарын 24-нд Цэцдийн зөвлөл албадан хуралдуулсан. Р.Нямдорж тэргүүн үүнийг ирцэндээ хүрээгүй гэж үздэг. Гэтэл цэцдийн 67 гишүүний таван хүн бурхан болсон байсан ч ирцэндээ хүрсэн. 2016 оны тавдугаар сарын 4-нд Улсын дээд шүүхээс ээлжит бус их эв эеээ хуралдуулж хууль ёсны тэргүүнээ сонго гэсний дагуу хуралдах гэж байна" гэв.
Ийнхүү цэцдийн гишүүд шүүхийн шийдвэрийн дагуу “Их эе” хурлаа энэ сарын 10-нд хуралдуулна гэдгээ энэ үеэр мэдэгдлээ.
Ч.Болор
Сэтгэгдэл байхгүй байна