Өнгөрсөн 2016 оны гол дуулиан болсон Дэд бүтцийн сайд С.Зоригийн хөнөөсөн гэх хэргийн анхны шүүх хурлын дуулиан намжаагүй байна. Таван өдөр үргэлжилж арванхоёрдугаар сарын 27-нд өндөрлөсөн. Шүүхээс С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт Ц.Амгаланбаатарт 25, Б.Содномдаржаад 24, Т.Чимгээд 24 жил хорих ял оноосон. Хэдийгээр тухайн үед 16 настай байсан Ц.Амгаланбаатар улс төрийн захиалгатай гэх энэ хэргийг хийсэн байх уу, 18 жилийн турш улс төрийн хэмээгдэн цагдаа, тагнуулын байгууллага хамтран шалгаж байсан энэ хэргийг яагаад ахуйн хэрэг гэж тодорхойлох болов гэх мэт олон асуулт байгаа ч хэргийн зүйлчлэлээс харахад хоёроос дээш хүний амийг хөнөөсөн гэсэн ойлголт төрөхөөр байгаа. Мөн Улсын Ерөнхий прокурорын зүгээс “Дөрвөн хүний амь насыг хөнөөсөн болох нь тогтоогдсон” гэсэн тайлбар өгөөд байгаа юм.
Мөн яллагдагчдын ар гэрийнхэн үүнийг гүтгэлэг, хилс хэрэг гэж мэдэгдэж байгаа. Харин хохирогчдыг төлөөлж УИХ-ын гишүүн асан С.Оюун мэдэгдэл гарган энэ хэргийг эцэслэн шийдэгдсэн гэж үзэхгүй байгаагаа илэрхийлсэн. Тэрээр мэдэгдлийн талаар Eagle телевизэд ингэж ярьжээ.
С.Оюун:18 жилийн дараа анх удаа хавтаст хэрэгтэй танилцаж байна
-Би хохирогчдыг төлөөлж шүүхийн шийдвэрт эргэлзэж байгаа тухайгаа мэдэгдэл гаргасан. Би яагаад эргэлзэж байгаа вэ гэдгийг хэлэх эрхгүй. Учир нь, уг хэрэг төрийн нууц гэдэг үндэслэлээр. Нөгөө талаасаа бас хууль хяналтынхан шүүгдэгчдийг хэрхэн нотолсноо мэдээлэх боломжгүй. Мөн л төрийн нууц гэдэг утгаар. Ингээд бүгд утгагүй байдалд орчихоод байна.
-Та уг нь шүүх хурлыг нээлттэй хэлэлцэх хүсэлтийг тавьж байсан шүү дээ?
-Би анхнаасаа л хэргийг нээлттэй болгоё гэж Нийслэлийн прокурор, шүүхт хүсэлт гаргасан. Энэ хэрэг чинь хүн амины хэрэг. Хүн амины хэргийг нууцаар шүүнэ гэж юу байдаг юм бэ. Зарим хэсгийг нь хаалттай хэлэлцээд зарим хэсгийг нь хуралдаж болох юм. Бид ийм л шаардлага тавьсан. Харамсалтай нь, Нийслэлийн прокурор энэ бидний хүсэлтийг хүлээж аваагүй.
Мөн бид шүүх дээр хэргийн нууцлалыг нууц байлгана гэдэг дүгнэлт нь өөрөө төрийн нууцын дагуу болсон уу үгүй юу гэдэг дээр шинжээчдийн бүрэлдэхүүн томилох хүсэлт тавьсан. Тэрийг бас хүлээж аваагүй.
-Таныг төлөөлж өмгөөлөгч тань шүүх хуралд оролцсон. Та яагаад шүүх хуралд оролцсонгүй вэ?
-Шүүх хурлыг нээлттэй явуулахгүй гэсэн тул би эсэргүүцээд оролцоогүй. Би нэгэнт хаалттай юман дотор ороод, тэнд дотор өөрийн байр сууриа илэрхийлж чадахгүй гарч ирнэ. Эргэлзээтэй эсвэл итгэлтэй гэдэг дээр өөрийн байр сууриа илэрхийлж чадахгүй. Тиймээс тэр процессын нэг хэсэг болохыг хүссэнгүй.
Бид өнөөдөр УИХ-ын Тусгай хяналтын дэд хороонд хаалттай байдалд байгаа шинжээчийн дүгнэлтийг хянаж өгөөч ээ гэдэг албан тоот хүргүүлсэн. Ард түмэн минь энэ олон жил хэргийг илэрнэ гэж итгэж ирсэн. Бид ч гэсэн найдаж, итгэж, хүлээцтэй, тэвчээртэй хандсаар ирсэн. Уг нь хэрэг шүүхэд шилжихэд нээлттэй болно гэсэн ойлголттой явсан. Гэтэл болоогүй.
-Та хавтас хэрэгтэй танилцсан уу?
-18 жилийн дараа анх удаа хавтаст хэрэгтэй танилцах боломжийг хохирогчдод олгосон. Өмнө нь мөрдөн байцаалтын нууц гээд энэ хавтас хэрэгтэй танилцуулдаггүй байсан. Гэхдээ төрийн нууц учраас гарын үсэг зураад танилцсан.
-Шүүх хурал дээр юу яригдсан нь бүгдэд нууц байгаа. Гэхдээ ямар нотлох баримтуудад үндэслэн тэр гурван хүнийг яллачихсан юм бол. Таны бодлыг сонсмоор байна?
-Үүнийг прокуророос асуух ёстой. Гэхдээ прокурор хариулт өгөх болов уу даа. Өмнө нь хүн амины хэргийг хаалттай хэлэлцэж байсан тохиолдол байдаггүй юм билээ. Зарим хэргүүдийн тодорхой хэсгийг хаалттай, зарим хэсэг нь нээлттэй хэлэлцэж байсан тохиолдол байсан юм билээ.
Би энэ хэргийг бүрэн шийдэгдсэн гэж ерөөсөө бодохгүй байна.Тухайн үеийн улс төрийн нөхцөл байдлын талаар гэрчүүдийн өгсөн мэдээллүүд байдаг. Тэр хүмүүсийн дийлэнх нь улс төрийн зохион байгуулалттай аллага байсан болов уу гэдэг таамаглалыг хэлсэн байдаг. Гэтэл одоо ахуйн шинжтэй, шуналын сэдлээр үйлдсэн хэрэг ч болчихов уу. Тэгсэн хэрнээ захиалгатай ч юм шиг. Захиалагч нь хэн бэ гэдэг нь мэдэгдэхгүй.
Бид дараагийн давж заалдах шатны шүүх хурлыг зайлшгүй нээлттэй байх ёстой гэдэг шаардлагыг тавьж байгаа. Би энэ хэргийг бүтэн шийдэгдсэн гэж ерөөсөө бодохгүй байна.
Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалан яллагдагчдыг дөрвөн хүний амийг хөнөөснийг тогтоосон гэсэн талаар дээр дурдсан. Энэ нь 1998 онд С.Зоригийг тэд хамтран хөнөөсөн Ц.Амгаланбаатар 2007 онд таксины жолоочийг мөчилж хөнөөсөн хэргээс гадна дөрвөн хүний амь насны асуудал яригдсан гэсэн үг бололтой. Гэхдээ УИХ-ын гишүүн О.Баасанхүүд 2007 онд гал түймэрт дөрвөн хүн амиа алдсан хэргийг мөн тохох гэж байна гэж яллагдагч Б.Содномдаржаагийн ээж Н.Жавзмаагийн өмнө гомдол гаргаж байсан гэсэн мэдээлэл байгаа
Захиалагч нь хэн бэ?
Хамгийн их асуугдаж буй асуулт. Гэвч бас тодорхойгүй. Захиалагч нас барсан, оргон зайлсан, эсвэл үргэлжлүүлэн шалгаж байгаа тохиолдолд зарлахгүй байх боломжтой гэж хуульч О.Алтангэрэл тайлбарласан байдаг. Ингэнгүүт мөн л нас барсан хүн рүү хэрэг чихэх гэж байна буюу УИХ-ын гишүүн асан ГОК-ийн захирлаар олон жил ажилласан Ш.Отгонбилэгийг хамаатуулах оролдлого гэсэн өмнө нь олонтаа яригдсан хардлага сөхөгдөнө. Үүнд мөн Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар Ш.Отгонбилэгийн малыг малладаг байсан гэсэн явган яриа байгаа. Мөн л Т.Чимгээ ГОК-д тогоочоор ажиллаж байсан гэсэн мэдээлэл. Энэ гурван хүн гурвуулаа Эрдэнэтийнх, багадаа хамар хашаанд байсан, мөн өргөмөл эгч дүүсийн хамаатнууд гэх мэт холбох зүйл олон. Тэгээд ч ГОК-д хамааралгүй хүн Эрдэнэтэд ховор биз ээ.
1998 он-Улс төрийн нөхцөл байдал
Хэдийгээр яг тухайн үед Ардчилсан холбоо эвсэл олонх байсан ч хоёр Засгийн газраа огцруулсан, гурав дахь Ерөнхий сайдаа тодруулж чадаагүй гацаанд ороод байсан үе. 1998.04.22-Ерөнхий сайд М.Энхсайханы Засгийн газар огцорсон
1998.07.24-Ерөнхий сайд Ц.Элбэгдоржийн Засгийн газар ердөө гурван сар болоод огцров.
Хэрэг гарсан 1998 оны аравдугаар сард С.Зориг агсан Дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан бөгөөд түүнийг дараагийн Ерөнхий сайдад нэр дэвшүүлж магадгүй гэгдэж байв. Яг энэ үед Да.Ганболдыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлсэн ч тухайн үеийн Ерөнхийлөгч Н.Багабанди долоон удаа татгалзсан гэдэг. Мөн энэ үед Ш.Отгонбилэг агсныг ГОК-ийн захирлаар үргэлжлүүлэн ажиллуулах эсэх асуудал яригдаж байсан. Ерөнхий сайдад нэр дэвшигчийг ГОК-д ямар байр суурь баримтлах нь чухал байсан бөгөөд энэ талаар С.Баяр талийгаачаас асуухад Ш.Отгонбилэгийг дэмжихгүй гэдгээ илэрхийлж байсан гэж яригдаж байв. Мөн Дэд бүтцийн сайдын хувьд өнөө ч яригдсаар байгаа Эгийн голын усан цахилгаан станц гэх мэт 24 шалтгаанаас болж С.Зоригийн амийг хөнөөсөн байж болох талаар хэрэг гарсны дараахан сэтгүүлч Р.Даваажав дуулиант таамаглалаа “Нөгөөдөр” сониндоо нийтэлж байв. Өнөөдөр ч гэсэн С.Зоригийн үхэлтэй холбоотой хүн амины 10 хэрэг гэх мэт дуулиант материалууд гарсаар байгаа (энд дарж уншина уу) Гэвч энэ бүхэн мэдээж таамгийн төдийд 18 жил болж байна.
Д.Булган-хохирогч уу, гэрч үү?
Хэдийгээр өдгөө С.Зориг агсны гэргий гэж бүгд нэрлэдэг ч тэд гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй байсан гэдэг. Бас хэргийн цорын ганц гэрч. Тэр бүү хэл түүнийг гэмт этгээдүүдийн талаар худал мэдүүлэг өгсөн учраас хамжигч байдлаар хорьж шалгаж байна гэсэн мэдээлэл байсан. Харин суллагдсаных нь дараа Д.Булганд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон талаар эх сурвалж өгүүлсэн байдаг. Хэдийгээр түүнийг яагаад шүүх хуралд оролцоогүй вэ гэсэн асуулт байгаа ч албаны эх сурвалж оролцоогүй гэж хэлээгүй, бас оролцсон ч гэж батлаагүй. Ийн шүүх хуралд оролцсон эсэх талаар асуулт гарч ирж байгаагийн гол учир нь сэжигтнүүдийн ам зургийг түүний мэдүүлгээр гаргасан гэдэг. Тийм ч учраас мөн эсэхийг нүүрэлдүүлсэн эсэх талаар олон нийт сонирхож байгаа байх. Энэ талаар ч мөн тодорхой мэдээлэл байхгүй, мөн л гэрчийн хувьд нүүрэлдүүлэн мэдүүлэг авсан нь тодорхой гэсэн таамаг л байгаа юм.
Анхны ам зураг яасан бэ?
Тухайн үед энэ ам зурагтай төстэй этгээдийг харсан гэж талийгаачийн байрны орчмын хүмүүс мэдүүлсэн байдаг аж. Үүнд гурван хүн ам зурагтай төстэй хүн хэд хоногийн турш тэр хавиар эргэлдэх болсон. Юу хийгээд байгааг асуухад “Хүн хүлээж байна” гэсэн. Нэг нь бүр “Хүн хүлээгээд. Гэхдээ хэнийг хүлээгээд байгаагаа мэдэхээ байлаа” гэж мэдүүлсэн байдаг. Тэд тухайн үедээ:
-Үсээ зүүн гар тийшээ налуулсан, царай, нүдний хэлбэр нь анхны ам зурагтай тун төстэй, давхраагүй нүдтэй, 34-35 орчим насны, 169-172 орчим см өндөртэй, яльгүй махлагдуу, задгай энгэртэй ноолууран цамцтай, чернилэн ягаан брюк, ботинктой, догшин, ширүүн биш жирийн л нэг байдаг хүн. Тэгсэн атлаа уйтгартай, гунигтай юм шиг бор царайтай. Дуу хоолой нь шингэвтэр, намуухан, зөөлхөн яриатай гэж дүрсэлж байжээ.
Анхны ам зургийг тухайн үед телевизээр дамжуулан эрэн сурвалжилж байсан бөгөөд үүнд мөн 25-30 насны хүн гэж зарлаж байсан гэдэг
Өнөөдөр ч тухайн үед 16 (Ц.Амгаланбаатар), 24 (Б.Содномдаржээ), 21 (Т.Чимгээ) настай байсан хүмүүс улс төрийн аллага үйлдсэн байх уу гэсэн эргэлзээ хүчтэй байна. Мөн Ц.Амгаланбаатарыг хэрэг гарснаас нэлээд хэдэн жилийн дараа цэрэгт анх татагдахдаа Улаанбаатар хот орж үзсэн гэж гэрийнхэн нь хэлдэг. Энэ мэт эргэлзээтэй асуултууд зөндөө.
Гэхдээ ямар ч байсан яллагдагчдын өмгөөлөгч нар дараагийн шатанд давж заалдах нь тодорхой. Энэ тохиолдолд мэдээлэл арай илүү тодорхой болох биз ээ.
А.Ану
Холбоотой мэдээллийг дор дарж уншина уу
Ц.Амгаланбаатар нар 2-3 хүний амь хөнөөсөн бололтой
Ц.Амгаланбаяр, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт 24-25 жилийн ял оноов
Эрдэнэт үйлдвэрийн 49 хувь ба С.Зоригийн үхэл
Сэтгэгдэл байхгүй байна