• Эхлэл
  • 1000 тэмээ таван гараанаас зэрэг уралдана

1000 тэмээ таван гараанаас зэрэг уралдана

2016/03/01

“Монгол тэмээ- 999” дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоох “1000 тэмээний уралдаан” нь  2016 оны гуравдугаар сарын 7-ны өдөр 09.00-13.00 цагт Өмнөговь аймгийн Даланзадгад сумын нутаг дэвсгэрт, аймгийн Морь барианы газарт болно.

Тэмээний уралдаанд аймгийн 15 сумдаас 1000 тэмээ, тэмээчин оролцуулах бөгөөд бусад аймаг, сумдаас оролцохыг хүсвэл нээлттэй бүртгэл явуулж байна.

 Уралдааны зохион байгуулалт:

-1000 тэмээний уралдааныг аймгийн Засаг даргын захирамжаар томилогдсон  салбар комисс удирдан зохион байгуулна.

- Уралдаанд оролцох аймаг, сумдыг хариуцсан ажлын 5 хэсэг ажиллана. /Зохион байгуулах комиссоос томилсон төлөөлөгч, тэмээ судлаач эрдэмтэд, тухайн орон нутаг хариуцсан дарга, мэргэжилтэн, “Тэмээн соёл-уралдааны холбоо”-ны төлөөлөл/

- Харъяалах аймаг сумын тэмээ болон тэмээчдийг өгөгдсөн маягт мэдүүлгийн дагуу хариуцсан албан хаагчид 3-р сарын 5-нд нүд үзэж бүртгэнэ. Тэмээчид бүртгүүлэхдээ иргэний үнэмлэхтэйгээ ирнэ.

- Бүртгэлийн дугаарын дагуу уралдах номерийг олгоно. /1-р гараа нь 1-250, 2-р гараа 251-500, 3-р гараа 501-750, 4-р гараа 751-999, 5-р гараа 1000-1250 гэсэн дугаартай байна. / Уралдахаар бүртгүүлсэн бүх тэмээнд гараа тус бүрээр өөр өөр өнгийн  дэвсгэртэй дугаар олгоно. 1-р гараа-цагаан, 2-р гараа-шар, 3-р гараа-улбар, 4-р гараа – цайвар ногоон, 5-р гараа-цэгээн өнгийн дэвсгэртэй байна.

- Хоорондоо 100м зайтай 5 гараанаас 1000 тэмээ зэрэг гарч уралдана.

- Нэгдсэн дохио өгч, гараанаас гарахын өмнө Гиннесийн хорооны шаардлагын дагуу баримтжуулах телевизийн бичлэг, зураг авалт хийх тул тэмээ унаачид эгнэсэн байдлаараа гараан дээр тайван зогсож байхыг онцгой анхаарах ёстой.

- Гараанаас гарсны дараа 5-6 км яваад хоорондоо 100-150м зайтай байх хоёр тугийн хоорондуур орсноор уралдааныг нэг замаар үргэлжлүүлнэ.

- Уралдах нийт замын урт-15 км

- Уралдах тэмээ гарах 5 гараа нь 2 тугнаас /1 замд нийлэх тэмдэглэгээ/ ижил зайд байрлах ба замын тэмдэглэгээ болон тугнаас гадуур уралдахыг хориглоно.

- Уралдаанд зөвхөн монгол тэмээг уралдуулах ба бэсрэг тэмээг уралдуулахгүй. /Тэмээ судлаачдаас бүрдсэн тусгай комисс томилогдон ажиллана/ Комиссын тодорхойлсон монгол тэмээнд дугаар олгосноор уралдааны замд гарах зөвшөөрөл  бүрдэнэ.

- Уралдаанд оролцох тэмээ уяачид болон унах хүмүүс аюулгүй байдлыг бүрэн хангаж оролцоно. Тэмээ унах хүний насны доод хязгаар 16 байх бөгөөд 16,17 насны иргэд оролцох тохиолдолд эцэг эхийн зөвшөөрөл болон харгалзах хүний батлан даалттай байна.

- Уралдаанд зориулалтын бус техник хэрэгсэл хэрэглэхийг хориглоно.

 

Холбоотой мэдээллийг энд дарж уншина уу.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


Сэтгэгдэл байхгүй байна