Сэтгүүлч Б.Баяртогтохын нийтлэлийг хүргэж байна.
Чинээлэг дундаж давхарга “гоё” сонсогдож байна
Дундаж давхаргыг бэхжүүлэх нь аль ч Засгийн газрын зорилт /мөрөөдөл/ байв. Шинэчлэлийн Засгийн газрын хувьд чинээлэг дундаж давхарга бүрдүүлнэ гэж ярьсан нь содон зүйл биш. Өмнөх хамтарсан Засгийн газрын үед ч дундаж давхарга бий болгох нь тэдний зорилго байлаа. Харамсалтай нь дундаж давхарга бий болсон эсэхийг хэлж мэдэхгүй. Эвсэлийн Засгийн газрын хувьд чинээлэг гэсэн үгээрээ л ялгаатай. Тэгвэл дундаж давхарга гэж юуг бас хэнийг хэлээд байна вэ. Та бид дундаж давхаргаас цааш бас дээш алхах боломжтой юу. Ийм боломжийг Засгийн газрын яриад буй чинээлэг дундаж давхарга бүрдүүлнэ хэмээн итгэж болох уу.
Ядуу гэж нэрлээд буй хэсэг нь хэрхэн дундаж давхарга өөд мацах вэ. Дундаж давхаргын ирмэгт дэнчигнэж буй нь яаж тогтох аргаа олох гэж зүтгэх үү. Олны жишгээр яваа нь яаж чинээлэг гэсэн байр суурьтай болох вэ. Түмэн зовлон, мянган бэрхшээлийг тоочиж болох ч цаг үрэх хэрэг биз. Дундаж давхарга нийгмийг бүрдүүлж байх нь зарим улстөрчдөд халгаатай гэдэг. Өөрөөр хэлбэл, хэзээ ч УИХ-ын гишүүн болохгүй байх магадлал нь туйлаас өндөр.
Өөрөөр хэлбэл, дундаж давхаргынхан сонголтоо худалдаж, үзэл бодлоо мөнгөөр сольдоггүй нь тэдний давуу тал.Тиймээс чинээлэг дундаж давхаргатай болох Засгийн газрын зорилтыг 76 гишүүний хэд нь дэмжих бол. Хэн нь боломжгүй гэж унагах бол. Талх нь 500, мах кг нь таван мянган төгрөгөөс буухгүй байна. Ийм үнэтэй олдох нь ч өдрийн од. Тэгвэл дундаж давхарга гэж өөрөө өөрийгөө тодорхойлсон "тогтоол ус" шиг бүлгээс торойж гарах ямархан итгэл найдвар байна вэ.
"Дундаж давхарга маш сул байна" гэсэн дүгнэлт гарчээ
Анхдагч хэрэгцээгээ хангаж байгаа хүмүүсийг дундаж давхаргынхан гэж нэрлэдэг. Өөрөөр хэлбэл, өмсөх, зүүх, идэж уух, өдөр тутмын зарлагаа нөхөх чадвартай хүмүүс гэсэн үг. Үүнд, ажилтай, орон сууцтай, автомашинтай, санхүүгийн хуримтлалтай, боловсролтой, тогтсон амьдралтай, өөрийн гэсэн зорилготой, түүндээ хүрэх итгэл найдвартай хүмүүс багтдаг байна. Дундаж давхаргад хотын төвийн нийтийн орон сууцанд амьдардаг, гэр хороололд амины орон сууцтай, өөрийн хэрэгцээнд машин унаатай, хүүхдүүдээ дээд боловсрол эзэмшүүлдэг. Хөдөлмөрөөрөө амьдарч буй, мэдлэг боловсрол сайтай, шударга, нийгэмд хамгийн тунгалаг бүлэг хэсгийг дундаж давхарга ч гэж хэлдэг. Түүнчлэн өөрсдийгөө аваад явчихдаг. Ажлын байртай, төрд болон хувьд ажиллаж байгаа.
Сэтгэл санааны хувьд хамгийн их аз жаргалтай хүмүүсийг гэж үзэх нь ч бий. Магадгүй дундаж давхарга амар тайван, аз жаргалтай амьдрах боломжийг олгодог байх. Гэхдээ өнөөгийн дундаж давхаргад амар амгалан бус шил шилээ асуудал ар араасаа ундарсаар байдаг бус уу. Монголд өндөр, бага, дундаж гэсэн гурван түвшний орлоготой иргэд бий. Мөн хэт өндөр орлоготой иргэд ч байгаа л байх. Дундаж давхарга нь давамгайлсан тохиолдолд эдийн засаг, улс төрийн тогтвортой байдал бий болдог гэх. Өөрөөр хэлбэл, эдийн хөгжил дундаж давхаргаас хамаарна гэсэн үг. Гэхдээ Монголд эдийн засгийн хөгжил дундаж давхаргаас бус уул уурхайгаас хамааралтай өсөж, буурч байна.
Хөгжиж буй Азийн хүн амын орлогын бүтцээс үзэхэд 2008 оны байдлаар 43 хувь нь ядуу, дундаж нь 56 , үлдэж буй нэг хувь нь өндөр орлоготой гэсэн ангилалд багтжээ. Ойролцоогоор нэг хүний өдрийн орлого хоёр ам.доллар байна. Өмнө нь буюу 1990 онд Азийн 79 хувь нь ядуу, 21 хувийг нь дундаж орлоготой иргэд эзэлж байжээ. Харин Азийн орнуудад бүтээмж өссөнөөр орлогын бүтэц нь огцом өөрчлөгджээ.
Монгол улсын дундаж давхаргыг Моргэйжийн түвшнээр судлахад 37 өрх тутамд нэг ипотекийн зээлдэгч, таван өрх тутамд нэг орон сууц ногдож байна хэмээн Монголбанкны судалгаанд онцолжээ. Дундаж давхаргыг хуримтлалын түвшнээр нь судлахад энэ оны хоёрдугаар улирлын байдлаар иргэдийн хадгаламж 3.4 их наяд төгрөгт хүрчээ. Үүнээс үзэхэд 715 мянган өрхийн дундаж хадгаламж 2.5 сая төгрөг бол 27 мянган өрхийн дундаж хадгаламж 54 сая төгрөг. Уг нь дундаж давхаргын хуримтлал нь дотоодын хөрөнгө оруулалт болж хувирдаг эерэг талтай аж. Мөн дотоодын эдийн засгийн харилцаанд чухал нөлөөтэй /төсөвт татвар төлөх, банкнаас зээл авах/. Түүнчлэн хэрэглээний өсөлт нь тогтвортой байдаг аж. Төвбанкны судалгаанаас орлогын түвшин, моргэйжийн зээл, хуримтлал талаас нь авч үзэхэд Монгол улсын эдийн засгийн тогтвортой өсөлтийг бүрдүүлэх дундаж давхарга маш сул байна гэсэн дүгнэлт гарчээ.
“Манайх нэг дундаж л амьдралтай айл”
Бидний дийлэнх нь ингэж ярьдаг. Олонх бас тэгж л ойлгодог. Гэтэл дундаж амьдралтай айл ямар байдаг эсэх нь орчин цагт ондоо ойлголт болон хувирч байна. Тиймээс дундаж давхарга гэсэн зөрүүтэй ойлголт, ташаа “ертөнц”-ийг хэн ч оновчтой тодорхойлсон нь үгүй. Дундаж давхарга гэхээр монгол хүн бүрийн оюун санаа, ой ухаанд ижил төсөөлөл буудаг. Тэгвэл өнөөдөр дундаж давхарга гэхээр мэдлэгийн ялгаа гарч байна. Дундаж давхарга амьдралын чанар, аж төрөх байдлыг илэрхийлж чадах утга өөрөө мөн үү. Дээр дундаж давхаргыг тайлбарлах гэж оролдсон. Тэгвэл Засгийн газрын зорьж буй чинээлэг дундаж давхарга ямар байх ёстой вэ.
Ажилтай, орлоготой байх нь хүн бүрийн хэрэгцээ. Түүнээс чинээлэг дундаж давхарга гэсэн үг биш. Үүний зааг, ялгааг Засгийн газар мэдэх учиртай. Өөрөөр хэлбэл, чинээлэг дундаж давхарга гэсэн зорилгоо илүү нарийвчилж, тодорхой, оновчтой болгох хэрэгтэй. Түүнээс “лоозон” дэвшүүллээ гээд биелэх нь үгүй. “Мянга сонсохоор нэг үз” гэдэг. Хэнийг чинээлэг дундаж амьдралтай болгох гээд байгаа юм. Эндээс л төр засаг өөрийн зорилгынхоо мөн чанараа нээж олох ёстой. Түүнээс нийтэд нь чинээлэг дундаж давхаргыг бүрдүүлнэ гэж хэчнээн чардайсан ч амжилт олохгүй. Тиймээс зорилгоо улам тодруулах шаардлага гарч байна.
Ажилтай, орлоготой мөртлөө айлын байранд түрээсээр амьдрах нь дундаж давхарга мөн үү. Эсвэл ажилгүй мөртлөө болоод л байдаг дулаан оронтой хүнийг дундаж гэх үү. Ер нь дундаж давхарга гэж ямар ойлголтоор бид өдийг хүртэл ярьж ирсэн юм бэ. Хүсээд буй дундаж давхаргаа хэр сайн мэдэх улс вэ. Хамгийн энгийнээр гэхэд л ажилтай, орлоготой, өөрийн гэсэн орон байртай хүнийг дундаж давхаргын төлөөлөл гэж хэлж болохоор. Цаашилбал, хэчнээн автомашинтай, хэдэн орон сууцтай, хадгаламжтай эсэх, хаана ажилладаг, сарын орлого нь хэд гээд нарийн үзүүлэлтээр дундаж давхаргаа тодорхойлж болно. Гэхдээ л дундаж давхарга гэсэн ойлголт бүрэн дүүрэн гарч ирэхгүй байна. Бүрэн төгс хариулт үгүй. Дундаж давхарга гэж үүнийг хэлнэ гэсэн онол ч алга. Өрхийн орлогоос хамаарч хуримтлал хэдий хэр байх нь мэдээж. Өөрөөр хэлбэл, дундаж давхарга гэж хуримтлалтай хүнийг хэлэх үү. Эсвэл цалингийн зээлтэй, цалингаас цалингийн хооронд “амьдрах” нийтлэг бидний төрхийг дундаж анги гэх үү. Хөрөнгөжих тусмаа л чинээлэг дундаж давхаргын гишүүн болж байна гэж ойлгох уу.
Дундаж анги...
Их хуучин сонсогдож байгаа биз. Энэ үг бидний ой ухаанаас бүр хол ч бууж болох юм. Дундаж анги гэж. Магадгүй, Монголд одоо ч дундаж анги бүрдээгүй байж мэднэ. “Дундаж амьжиргаатай өрхийн гишүүд нийгмийн цөм болдог” гэсэн судалгааг ШУТИС-ийн багш Т.Нарантуяа боловсруулжээ. Аристотелийн үеэс хөрөнгөжих гэсэн ойлголт бий болж, тэрбээр “Иргэн бүр баяжигтун” хэмээн уриалжээ. “Иргэн баян бол төр баян” гэж бас бий. Зах зээл нь хөгжсөн орнуудад “дундаж анги” нь XIX –зууны сүүлч, XX –зууны эхэн үед аж үйлдвэржилтийн сэргэн мандалтын үр дүнд шинэ банкны эзэд, үйлдвэр худалдаа эрхлэгчид бий болсноор хөгжиж төлөвшсөн гэж үздэг. Дундаж иргэн бий болсноор дундаж амьжиргаатай өрх, дундаж анги бүрдэх аж. Тэгвэл, Монгол улсад дундаж иргэн хэчнээн байна вэ. Арилжааны 14 банкинд буй нийт хадгаламжийн 90 хувийг эзэлж буй цөөнх гэр бүлийг дундаж ангийнхан гэж үзэх үү.
“Дундаж ангийнхан өөрийн зорилгоо илүүтэй ухамсарлаж байх үүрэгтэй аж. Өндөр хөгжилтэй орнуудад тус давхаргыг бүрдүүлэгчид нь харьцангуй өндөр хөдөлмөрийн бүтээмжтэй, мэдлэг мэдээлэл сайтай байдаг тул хэрэглээний зах зээлийн бүтэц, түүний мөн чанарыг тодорхойлдог нийгмийн гол хэсэг гэж үздэг байна. Тиймээс дундаж анги нь бүхэлдээ тухайн улс орны улстөрийн болон эдийн засгийн эрх чөлөөний баталгаа болж байдаг” хэмээн дээрх судалгаанд онцолжээ. Монгол хөгжилтэй улс бус хөгжиж яваа буурай орон.
Хөрөнгөжих бололцоо
Өмч хувьчлал явагдаж, үнэт цаасны арилжаа, арилжааны банк, хадгаламж зээлийн болон бусад хоршоо зэрэг зах зээлийн шинэ бvтэц үүссэн нь монголчууд хөрөнгөжиж, бэлчих бололцоог олгосон гэж хэлж болно. Түүнчлэн хувийн бизнес цэцэглэн хөгжсөн нь дундаж давхарга бий болоход ихээхэн түлхэц болсныг тэмдэглэх нь зүйтэй болов уу. Өнгөрсөн хугацаанд эдийн засаг хоёр дахин өсөж, ДНБ-ий өсөлт 17 хувьд хүрлээ. Гэвч ядуурал байсаар. Иргэдийн амьдралын баталгаажих түвшин буурч, амьдралын чанар бага зэрэг сайжирсан үзүүлэлт гарсан нь бий.
Үндэсний статистикийн хороо, Дэлхийн банкны хамтарсан судалгааны дүнд ядуурал 9.4 хувиар буурсныг мэдэгдсэн. Хэчнээн эдийн засаг өссөн ч оюун санааны болон нийгмийн ядуурал аль ч хөгжилтэй орны тулгамдсан асуудал. Шинэчлэлийн Засгийн газрын тодорхойлж буй чинээлэг дундаж давхарга гэж юуг хэлэх вэ. Сарын тогтвортой орлоготой, үндсэн ажлаас гадна орлогын тодорхой эх үүсвэртэй, түүнийгээ нэмэгдүүлэх боломж сайтай, хуримтлалын хэмжээ нь орлогын 10 хувиас дээш байх. Өөрийн тохиолог байр сууц, хашаа байшинтайгаас гадна үйлдвэрлэл, үйлчилгээний цэг, эдэлбэр газар, амралт, сургууль, эмнэлэг зэрэг үл хөдлөх хөрөнгөтэй гэж албан судалгаанд тэмдэглэжээ. Түүнчлэн боловсрол болон эрүүл мэнддээ жилд 900.0-1.2 сая хүртэлх төгрөг зарцуулах чадвартай гэж тодорхойлсон байна. Та дээрх шаардлагыг хангаж байна уу. Засгийн газрын тэмүүлж буй чинээлэг дундаж давхаргад бид хэрхэн багтах вэ.
“Бидний араншин”
Дундаж давхарга. Дотно, дулаахан үг. Хэн нэгний маань мөрөөдөл болсон сайхан амьдрал тэнд бий. Зарим нэгнийх нь залхаж, уйдсан “там”. “Дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу” түвшин. Өөрөөр хэлбэл, дундаж давхаргын цэгээс хэрхэн чинээлэг дундаж давхаргын оргил өөд авирах боломжтой вэ. Ийм боломжийг Засгийн газар олгож чадах болов уу. Өрхийн гишүүд нь цалин сайтай, ажилтай, эсвэл боломжийн орлоготой хувийн жижиг бизнес эрхэлдэг, туслах аж ахуйтай, худалдаа наймаа эрхэлдэг, бага хэмжээний хуримлалтай бол та өөрийгөө дундаж давхаргын нэгэн эд эс гэж үзэж болох нь. Шинэчлэлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт чинээлэг дундаж давхаргыг бүрдүүлнэ гэж бий. "Чихэр" шиг амлалт. Ийм гоё мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлж чадахгүй бол дэндүү хайран бас харамсаад барахгүй харуусал.
Засгийн газар одоогийн дундаж давхаргыг илүү баян, хөрөнгө чинээтэй болгох гэж буй талархууштай хэрэг. Гэхдээ “лоозон” дэвшүүллээ гээд чинээлэг дундаж давхарга өөрөө бий болохгүй. Тиймээс ганц ч болтугай үндэсний үйлдвэртэй болъё. Дараа нь дураараа чинээлэг дундаж давхаргын тухай ярьж болохсон. Түүнээс мөрөөдөөд мөнгөтэй болохгүй. Улс мөнгөтэй боллоо гээд чинээлэг дундаж давхарга бүрдэхгүй. Монголбанкны "Эдийн засгийн өсөлт нэг хувиар буурахад ядуурлын түвшин 2.7 нэгж хувиар өсөх буюу 73 мянган иргэн ядуурлын ангилалд шилжих эрсдэлтэй" гэсэн тооцоо бий. Өөрөөр хэлбэл, нийгмийн дундаж давхарга сул байх нь эдийн засгийн эрсдэл дагуулдаг болохыг илэрхийлжээ. Дундаж давхаргыг бий болгох, бэхжүүлэхэд уул уурхайн ач тус гээд байх зүйл алга.
Оюутолгой, Тавантолгой, Асгат, Төмөртэй аль нь ч дундаж давхаргад хүртээлгүй байж мэдэх нь. Өнгөрсөн хугацаанд нэг тонн экспортын нүүрснээс төсөвт наалдах цэвэр орлого нь дөрвөн ам.доллар байж. Тус салбарын ажиллах хүчний өсөлт дундаж давхаргад нөлөө үзүүлэх нь бага гэсэн үзүүлэлт бий. "Дундаж давхаргыг дэмжихэд шаардлагатай улсын төсвийн эх үүсвэр бүрдсэнгүй. Түүнчлэн ашигт малтмалаас олох орлогыг дундаж давхаргыг дэмжихэд чиглүүлж чадахгүй, улсын төсвөөр дамжуулан дундаж давхаргыг дэмжих нөхцөлийг бүрдүүлж чадсангүй" гэж Төвбанкны судалгаанд өгүүлжээ. Чинээлэг дундаж давхарга “гоё” сонсогдож байна. Ийм "гоё" мөрөөдлөө тийм амархан бөхөөх Засгийн газар л биш байгаасай. Дундаж орлоготой иргэдийн нийт орлогын 35 хувийг хүнсний бараа бүтээгдэхүүн эзлэх бөгөөд инфляцийн дарамт 20-30 хувийн нөлөө үзүүлсээр. Харин бидний хүсээд буй өндөр орлого, чинээлэг давхаргад инфляцийн дарамт 2-3 хувь байдаг аж.
Сэтгүүлч Б.Баяртогтох
Сэтгэгдэл байхгүй байна