
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай Улсын Их Хурлын 1999 оны 27 дугаар тогтоолд нэмэлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг өнөөдөр /2026.03.19/ өргөн мэдүүлэв.
Уг тогтоолын төсөл батлагдсанаар нийтийн өргөн хэрэглээний бүтээгдэхүүн болох автобензиний гаалийн албан татварын хувь хэмжээг тогтоох эрхийг Засгийн газарт олгох, зах зээлийн нөхцөл байдалтай уялдуулан гаалийн албан татварыг тогтоох, зохицуулалт хийх боломж бүрдэнэ гэж төсөл санаачлагч тодотголоо.
Манай улс шатахууны хэрэглээгээ 100 хувь импортоор хангаж байгаа бөгөөд нийт импортын 95 орчим хувийг ОХУ, үлдсэн хувийг БНХАУ эзэлдэг. Өнгөрсөн арванхоёрдугаар сард Улсын Их Хурал, Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хоорондын Худалдааны түр хэлэлцээрийг соёрхон баталсан. Холбооны бусад гишүүн орнууд хэлэлцээрийг баталснаар автомашины бензиний гаалийн татвар тэглэгдэнэ гэдгийг салбарын сайд онцолж байв.
Хэлэлцээр хэрэгжиж эхлэх хүртэл, мөн Ойрхи Дорнодод үүссэн нөхцөл байдлаас шалтгаалж, олон улсад газрын тосны бүтээгдэхүүний үнэ савлаж буйтай холбогдуулан авч хэрэгжүүлэх хариу арга хэмжээний хүрээнд энэхүү тогтоолын төслийг санаачилжээ. Улсын Их Хурлын 1999 оны 27 дугаар тогтоолоор шатахууны гаалийн албан татварын хэмжээ 5 хувь байсныг тэглэсэн бөгөөд тогтоолын төсөл батлагдсанаар түлш, шатахууны борлуулалтын үнийн өртөг мөн хувиар буурах ач холбогдолтойг төсөл санаачлагч хэллээ. Тухайлбал, одоо борлуулж байгаа Аи-92 шатахууны гаалийн албан татвар тонн тутамд 125,633 төгрөг бөгөөд гаалийн албан татварыг 0 төгрөг болгосноор литр тутамд үнэ 106 төгрөгөөр багасаж, 57 төгрөгийн ашигтай болно гэж тооцсон байна. Улсын Их Хурлын тогтоолын төсөл нь хоёр зүйлтэй бөгөөд тогтоолын үйлчилж эхлэх болон хүчин төгөлдөр байх хугацааг тус тус нэмэлтээр тусгажээ.


Сэтгэгдэл байхгүй байна