
Олон нийтэд санхүүгийн боловсрол олгох зорилготой "Дэлхийн мөнгөний 7 хоног-2026" аяны нээлт өнөөдөр /2026.03.19/ боллоо. Монголбанк, Монголын Банкны холбоо, арилжааны банкнууд, Санхүүгийн зохицуулах хороо, Хадгаламжийн даатгалын корпорац хамтран "Дэлхийн мөнгөний 7 хоног-2026" аяныг эхлүүлж байгаа юм.
Дэлхийн 170 гаруй улсад жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг тус аянд Монгол Улс 2013 оноос эхлэн нэгдэж, хүүхэд залууст санхүүгийн мэдлэг олгох, мөнгийг ухаалгаар удирдах талаар нөлөөллийн ажлуудыг хэрэгжүүлж ирсэн. Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын хэмжээнд тус аянд 193 мянга гаруй хүүхэд, залуус оролцож, давхардсан тоогоор 3.7 сая иргэнд санхүүгийн мэдлэг, мэдээллийг хүргэж ажилласан байна.
Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт аяныг хэлсэн үгэндээ "Санхүүгийн боловсролтой иргэн зөвхөн өөрийн амьдрал, хувийн санхүүгээ зөв зохион байгуулаад зогсохгүй, улс орны эдийн засгийн тогтвортой байдалд хувь нэмэр оруулдгаараа онцлогтой байдаг бөгөөд ‘Иргэн баян бол улс баян’ хэмээдэг нь санамсаргүй хэлсэн үг биш юм" хэмээн онцоллоо.
Аян өнөөдрөөс эхлэн гурван долоо хоногийн турш улс орон даяар үргэлжилнэ. Энэ хүрээнд банк, санхүүгийн байгууллагууд, төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран олон нийтийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх, тэр дундаа хүүхэд, залуучуудыг халаасны мөнгөө удирдах, санхүүгийн зөв шийдвэр гаргах, хуримтлал үүсгэх, хөрөнгө оруулалт хийх, санхүүгийн эрсдэлээс урьдчилан сэргийлж чиглэлээр олон талт сургалт, сурталчилгааны ажлыг зохион байгуулна.


Сэтгэгдэл байхгүй байна