-Өсөлтийг тэтгэх мөнгөний бодлого-
Дэлхийн улс орнууд өөрсдийн эдийн засгийн өсөлт саарч байгааг харгалзан мөнгөний бодлогын хүүгээ бууруулах нь түгээмэл. Ингэж бодлогын хүүгээ зөөллөж байсан орны нэг нь манайх. Монголбанк уламжлалт мөнгөний бодлогоос татгалзаж, зах зээлд шинэ “дэглэм” авчирсан нь саяхан. Үүнийг уламжлалт бус мөнгөний бодлого хэмээн тунхаглан, эдийн засагт дэмжлэг үзүүлэх хэрэгсэл гэж тодотгож байсан нь одоогоос ердөө дөрөв хүрэхгүй жилийн өмнө. Тэр үед эдийн засгийн урьдын өндөр өсөлтөө хадгалж үлдэх гэж төв банк зүтгэсэн. Инфляцийг буулгахын зэрэгцээ эдийн засгаа өсгөхөөр эрмэлзсэн юм. Бодлогоо хэрэгжүүлэх замын зураглалаа томъёолж байсан нь энэ. Гэвч өсөлтийг тэтгэх учиртай мөнгөний бодлого төгрөгийн ханшид сэв суулгасан нь өнөөдрийн хүндрэлийн голомт болж байна.
Төсвийн жил дамнасан өндөр алдагдал мөнгөний бодлогын орон зайг улам хумьж эхэлсэн юм. Энэ нь бодлогын хүү тэнцвэр алдахад хүргэсэн талтай. Мөнгөний бодлогын үр нөлөөг төсвийн алдагдал үгүйсгээд зогсохгүй гарцгүй болгосон нь үнэн. Төсөв, мөнгөний бодлогын аль аль нь байгаа боломжоо 100 хувь ашигласан тул өөр сонголт ховорхон үлдсэн гэж эдийн засагч Б.Алтанцэцэг өгүүлж байлаа. Улсын нэгдсэн төсвийн алдагдал түүхэн дээд түвшиндээ хэлбэлзэж байна. Инфляцийг агшааж, улмаар ажлын байраа тогтоох гэсэн төв банкны оролдлого ч үүнээс болж бүдэрсэн гэх.
Төгрөгийн ханшийн хямрал эдийн засаг, бизнесийн орчинд нэвчих болсноор ам.доллар тэргүүтэй валютын үнэ уралдан өссөн билээ. Тогтвортой өсөлтөөс илүү өндөр өсөлтийг бүтээх зорилгоор Монголбанк төсвийн шинжтэй мөнгөний бодлогыг хавтгайруулсан нь төгрөгийн сүр хүч ганхахад нөлөөлсөн нь энэ. Төгрөгийн ам.доллар болон бусад валюттай харьцах ханш суларсан нь иргэнд үнийн өсөлтөөр, улсад өрийн дарамтаар илэрч байна. Эдийн засагт тодорхойгүй “уур амьсгал”-ыг бүрдүүлсэн ам.долларын ханшийн өсөлт валютын зээлтэй үндэсний аж ахуйн нэгжийг алдагдалд түлхсэн талаар Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас мэдээлж байв.
Үндэсний мөнгөн тэмдэгтийн үнэ хямдарсан нь бидэнд сорилт, гаднынханд завшаан болсон хэрэг. Мэх мэхэндээ гэгчээр инфляцийг “тонгорох” гээд бид өөрсдөө ойчих шахсан юм. Дээрх өсөлтийг тооцоолсон уламжлалт бус бодлогын дэмээр инфляцийг газардуулсан ч шинэ эрсдэл бий болсон юм. Хэдий төв банкны зорилтот түвшнээс хэрэглээний үнийн индекс буюу инфляци гажаагүй ч өндөр үнээр өнөөдрийн амжилтыг босгосон. Тодруулбал, зах зээлд долоон их наяд буюу улсын төсөвтэй тэнцэх хэмжээний мөнгийг зөвхөн зээл хэлбэрээр гаргасан нь эерэг болон сөрөг олон үр дагаврыг араасаа дагуулж байна. Инфляцийг бүрэн хяналтад авсан дэлхийн 50 гаруй орны жишгээр мөнгөний нийлүүлэлтээр эдийн засгаа засах гэсэн ч эрэлтээс давсан нийлүүлэлтийг манай улс бий болгочихсон. Үүний тод жишээ нь, барилгын салбар юм.
Эдийн засгийн өрнүүн өсөлтийг онилсон мөнгөний бодлого инфляцийг намжаасан ч төгрөгийн ханшаа тухайн нөхцөлд аргамжиж чадаагүй нь сургамж болж байна. Нийт эдийн засгийнхаа 20 гаруй хувьтай тэнцэх мөнгийг маш бага хүүтэйгээр богино хугацаанд зах зээлд нийлүүлсэн нь дээрх хүндрэлийн шалтгаан болсныг зарим эдийн засагч одоо хүртэл хэлдэг. Мөнгөний бодлогын хүүгээр дамжуулан эдийн засгаа өсгөх бололцоотой. Ингэж үр дүнд хүрсэн орон байгаа. Гэхдээ мөнгө болгоны ард баталгаа байх ёстой. Өөрөөр хэлбэл, хэвлэж буй төгрөг бүрийн үнэ цэнийг хадгалах валютын орох урсгал манай улсад хангалттай байх байсан. Гэвч ам.доллар дутмаг байсаар хүнд үетэй нүүр тулсан билээ. Нөхцөл байдлыг хэт өөдрөг төсөөлж төгрөгийн нийлүүлэлтийг нэмэгдүүлсэн нь уршиг тарьсан. Өрийн эргэн төлөлт хамар дор буучихаад байгаа өнөө цагт сайн менежмент хүндрэлээс түрхэн зуур гаргаж байгааг “Хуралдай” бондоос харж болно. Гэхдээ хүндрэлийн “үүл” сарниж арилсангүй. Уул уурхайн түүхий эдийн үнэ уруудаж, гадаадын шууд хөрөнгө оруулалт багассан нь төгрөгийн ханшийн уналтыг улам түргэтгэсэн юм.
Төсвийн алдагдал, өрийн дарамт ачааны хүнд нь болж байгаа цагт эдийн засагт мөнгө нийлүүлэх нь улам эрсдэлтэй болж байна. Энэ нь эдийн засгийг дэмжих гэхээсээ илүү төгрөгийн ханш жингүйдэхэд шууд нөлөөлөх сул талтайг 2017 оны төрийн мөнгөний бодлогын үндсэн чиглэлд дурджээ. Мөнгөний бодлогын мэдэгдэлд ч энэ талаар удаа дараа хөндсөн. Дэлхий нийтээр ирээдүйд хандсан мөнгөний бодлого мухардалд орж байна. Ингэснээр бодлогын хүүг нэг түвшин удаан хугацаанд хадгалах, бууруулах боломж улам хумигдаж эхлэв. Харин эсрэгээрээ сангийн бодлого буюу төсвийн тэнцэлд дэлхий нийтээр анхаарал хандуулж байна. Засгийн газруудын өсөн нэмэгдэж буй өр, хязгаараас давсан төсвийн өндөр алдагдал нь эдийн засгийн өсөлтийг бий болгох мөнгөний бодлогын орчинг хумих аж. Инфляци нэг оронтой тоонд орсноор бүх зүйл сайн сайхнаар эргэсэнгүй. Хүндрэл, сорилт нэг мөр арилж, эдийн засгийн ужиг өвчин эдгэрсэнгүй. Харин хүндрэл улам гүнзгийрч байна. Төрөлжиж чадаагүй эдийн засгийн сул тал ч үүгээр тод харагдаж байгаа юм.
Эдийн засгийн өндөр өсөлтөөр жигүүрлэж байсан дэврүүн үе ард үлдлээ. Харин тогтвортой өсөлтийг дэмжих улс орнуудын хандлага ил болж байна. Төв банк эдийн засгийн өсөлтийг зорилгоо болгох үед үүсдэг томоохон хүндрэл нь үндэсний мөнгөн тэмдэгтийн үнэгүйдэл. Үүнийг дагаад инфляци өсөх талтай. Харин эерэг нөхцөл нь зах зээлд илүү их мөнгө нийлүүлэх замаар дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтөө хадгалж үлдэх явдал. Өсөлтийг дэмжиж байгаа үед бизнес эрхлэгчид зээл авахад улам хялбар болно. Эдийн засагт мөнгө байгаа учраас бараа, бүтээгдэхүүний эргэлт хурдсах нь лавтай. Гэхдээ энэ болгон нь манайх шиг үйлдвэрлэгч бус хэрэглээний эдийн засагтай, импортоос үлэмж хамааралтай оронд хэр тогтвортой байх нь эргэлзээ төрүүлнэ.
Эрэлт, нийлүүлэлтийн гаралтай инфляцийг “засварлаж” чадсан төв банкны мөнгөний бодлогын хүү 14 хувьтай тэнцэж байна. Бодлогын хүүг өндөр дүнтэй хадгалж байгаа нь энэ. Мөнгөний бодлогын зөвлөл ээлжит хурлаараа хүүгийн хэмжээг хэлэлцэж, одоогийн түвшинд хэвээр үлдээсэн. Ядуурлыг бууруулах, эдийн засгийн өсөлтийг дэмжих, зээлийн хүүг бууруулах, урт хугацаатай зээлийн эх үүсвэр бий болох нөхцөл бүрдэх боломжийг нам инфляци олгосон ч төгрөгийн ханшийн төлөв сэргэхэд ихээхэн цаг хугацааг зарцуулах бололтой. Төсөв болон төлбөрийн тэнцлийн алдагдал, гадаадын өрийн дарамтаас сугарч гарах нь тогтвортой хөгжих бололцоог олгох бодит гарцуудын нэг.
Инфляцийг онилж байгаа нь эдийн засгаа дэмжиж байгаа илрэл. Харин тусгай хөтөлбөр хэрэгжүүлэх замаар өсөлтийг огцом бий болгох нь өндөр эрсдэлтэйг өнөөдрийн нөхцөл байдал илтгэх аж. Өсөлтийг тэтгэх мөнгөний бодлогыг зоос гэж үзвэл, нэг нь ханшийн жингүйдэл, нөгөө тал нь дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт болж байна. Өрийн дарамт, төсвийн алдагдлаа тэлсээр эдийн засгаа өсгөж болно. Гэхдээ хямралын “хана” мөргөх аюул бий. Эдийн засаг өсөх нь ажлын байр тогтвортой байх үндэс. Гэвч төгрөгийн ханш сулраад байвал өрхий зардлаа тодотгоход хүрнэ. Энэ болгон нь эерэг, сөрөг хоёр талтайг эндээс анзаарсан байх. Тэнцвэр хадгалах зохистой мөнгөний бодлого үгүйлэгдэж байгаа нь энэ.
Сэтгүүлч Б.Баяртогтох
Сэтгэгдэл байхгүй байна