"Умаа хум толгой" буюу бидний нэрлэж заншсанаар Соёмботой уулын бэлийг ухаж эхэлсэн талаар мэдээлсэн. Тус уулыг ухаж эхэлснийг сурвалжлахаар Соёмботой уулыг зорилоо. Биднийг уг газар очиход тухайн уулын бэлийг нэлээд ухсан байдалтай, тойруулж татсан хашаан дотор нь ямар ч жолоочгүй эксковатор болон ачааны машин зогсож байв.
-ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ГАЗРЫН АЛБАНААС ГАЗАР ЧӨЛӨӨЛӨХ ХОЁР ХОНОГИЙН ХУГАЦАА ӨГЧЭЭ-
Мөн хашаанд байх жижигхэн харуулын гэмээр байрны хаалган дээр Хан-Уул дүүргийн газрын албаны дарга Д.Ган-Эрдэнийн гарын үсэг бүхий шаардах хуудас наасан харагдав. Тус шаардах бичигт “Монгол Улсын Газрын тухай хуулийн 57-р зүйлийн 57.3-т зохих зөвшөөрөлгүйгээр.. газар.. дээр... барилга байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, нийслэл, сум дүүргийн засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө.
Мөн хуулийн 57.4-т “Мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол аймаг, нийслэл, сум, дүүргийн засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулна” гэж заасан учир энэ тухай албан ёсоор анхааруулж хоёр хоногийн дотор газар чөлөөлөхийг шаардаж байна.
Зөрчлийг үл тоох буюу давтан үйлдвэл Монгол Улсын Газрын тухай хууль, Хот байгуулалтын тухай хууль, Захиргааны хариуцлагын тухай хууль болон бусад хууль тогтоомжийн дагуу арга хэмжээ авахаас гадна газар эзэмших, ашиглах эрхийг хүчингүй болгох болно” гэжээ.
Бид Богд уулын хамгаалалтын захиргаанаас энэ талаар тодруулахад “Аялж уул” гэх компани 2016 оны хоёрдугаар сард Соёмботой уулын бэлд газар эзэмших зөвшөөрөл авсан байна. Бид тухайн компанийн Соёлж уулын бэлийг ухаж байгаа үйл ажиллагааг түр зогсоосон. Тус компанийн холбогдох хүмүүсийг ирж уулз гэж дуудсан байна.
Одоогоор газар эзэмших зөвшөөрөл болон бусад баримт бичигтэй нь танилцаж байгаа учраас өөр мэдээлэл өгөх боломжгүй байна” гэсэн хариулт өгсөн юм. Бид “Аялж уул” гэх компанийн талаархи мэдээллийг "Гүүгл" сайтаас хайсан боловч ямар ч мэдээлэл олдсонгүй.
-ТОМ ТОМ ЖИПТЭЙ ХҮМҮҮС ИРЖ, ЯВААД БАЙСАН ГЭВ-
Хашаанд байх жижигхэн харуулын байрнаас гарч ирсэн иргэнээс цөөн зүйл тодрууллаа.
-Та энэ газрын манаач уу?
-Үгүй ээ. Би энэ жижиг амбаарт амьдраад жил болох гэж байна. Ундааны сав, лааз цуглуулж тушааж амьдардаг хүн.
-Таныг энэ газар амьдрахыг хэн зөвшөөрсөн бэ. Газар ухуулж байгаа хүмүүсийг танина гэсэн үг үү?
-Танихгүй ээ. Тав, зургаан хоногийн өмнөөс л шөнө дөлөөр ухаад эхэлсэн. Уг нь намайг анх энд амьдарч эхлэхэд энэ газрын эзэн гэсэн нэг хүн ирээд “Хашааны хог шороог сайн цэвэрлээд, эндээ хараад байж байвал болно” гэж хэлээд явсан. Харин сая ирээд ухаад байгаа хүмүүс огт өөр хүмүүс байна лээ. Том том жиптэй хүмүүс байсан. Би энд толгой хоргодож байгаа хүн. Юу ч мэдэхгүй.
-Ямар компани гэдгийг нь мэдээгүй юу?
-Мэдээгүй ээ. Асуувал эндээсээ хөөгдчихнө шүү дээ. Намайг эндээ байж болно гэсэн.
Соёмботой уул хэмээх Их тэнгэрийн амны зүүн үзүүрийн шовх уулыг "Умаа хум толгой" гэж нэрлэж байв. Богдын ундны усыг ариусгах зорилгоор Өндөр гэгээн Занабазарын төрсөн дүү Засаг бэйл Шижирбаатарын удмын хүн Жүн ван Юндэндоржийн санаачлагаар дээр дурьдсан газар дээр буюу Зайсангийн амны доод боргионы ам дээр 1837 оны үед Умаа хум гэсэн үгийг Түвдээр цагаан чулуугаар шигтгэн бичсэнээс хойш "Умаа хум толгой" гэх болжээ. Тухайн үедээ умаа хум үсгийн туяа Туулын уснаа тусч харагдахад хүмүүс хир буртаг муу муухай зүйлээ угаахгүй усаа цэвэр байлгахыг эрхэмлэдэг байсан аж. 1936 онд Ардын хувьсгалын 15 жилийн ойгоор Умаа хум үсгийн оронд Соёмбо тэмдэг шигтгэснээр уг толгойг "Соёмбо толгой" гэх болжээ.
Эх сурвалж uurhai.mn
Сэтгэгдэл байхгүй байна