Анагаах ухааны доктор, профессор Н.Сүмбэрзул: Дэлхийн түвшний мэргэжилтэн бэлтгэхийн тулд АШУИС сургалтынхаа чанарт анхаарч байна
АШУҮИС-ийн Боловсролын асуудал эрхэлсэн тэргүүн дэд захирал, анагаах ухааны доктор, профессор Н.Сүмбэрзултай сургалтын агуулга хийгээд чанарын түвшингийн талаар ярилцлаа. АШУҮИС академик сургалтаас судалгаанд суурилсан их сургууль болох зорилтын хүрээнд олон төсөл, хөтөлбөрийг амжилттай сайн хэрэгжүүлж байна. Улсын хэмжээнд анх удаагаа их сургуулийн сургалтын эмнэлэгтэй болж байгаа бөгөөд удахгүй Ботаникийн цэцэрлэгийн дэргэд баригдаж буй Их сургуулийн оюутны хотхон руугаа нүүнэ гэдгээ тус сургуулийнхан мэдэгдээд байгаа.
-Монгол Улсын хэмжээнд 2017-2018 оны хичээлийн жилд боловсролын салбар, тэр дотроо дээд боловсролын сургалт, чанарт анхаарах зорилтыг дэвшүүлж ярьж байна. Энэ хүрээнд АШУҮИС ямар бодлого, төлөвлөгөөтэй ажиллаж байна вэ?
-АШУҮИС өөрийн бодлого, стратеги төлөвлөгөөг 2024 он хүртэл ерөнхийд нь төлөвлөөд, сургалт, эрдэм шинжилгээ, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ гэхчлэн бүх чиглэлд шалгуур үзүүлэлт, хүрэх түвшинтэйгээ жил жилээр батлагдсан. Тэр хүрээндээ манай бодлого, үйл ажиллагаа тасралтгүй явагдаж байна. БСШУСЯ дээд боловсролын чиглэлээр тодорхой анхаарал тавьж энэ сарын сүүлчээр “Тогтвортой хөгжил, дээд боловсрол “ үндэсний зөвлөгөөн зохион байгуулагдана. Энэ хүрээнд дээд боловсролын өнөөгийн байдал ямар байна, цаашид ямар бодлого баримтлах вэ, Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан үйл ажиллагаатай дээд боловсролыг яаж уялдуулах вэ, хэтийн зорилго юу байх вэ зэрэг өргөн хүрээнд дээд боловсролын байгууллага, төрийн бус байгууллага, судалгааны байгууллага, иргэний нийгмийн төлөөллүүд уулзаж ярилцана. Манай сургууль , хамт олон ч гэсэн гэсэн өөрийн бодлого, төлөвлөгөөний хүрээнд юунд нь илүү анхаарах вэ гэдгийг оны эхээр зохион байгуулсан багш нарын хэлэлцүүлэг дээрээ ярилцсан. АШУҮИС бол үндэсний тэргүүлэх их сургууль, анагаах ухааны чиглэлээр дээд боловсролын үйлчилгээ үзүүлдэг их сургуулиуд дотроо манлайлагч нь. Тиймээс бид үндэсний хэмжээнд төдийгүй олон улсын түвшинд ажиллах чадвар бүхий эмч, эмнэлгийн мэргэжилтнийг бэлтгэе, үүний тулд их сургууль өөрөө ч Ази Номхон далайн баруун эргийн бүсийн анагаах ухааны шилдэг сургуулиудын түвшинд ойртож дөхье гэсэн зорилго тавьж байгаа. Үүний тулд сургалтынхаа чанарт илүү анхааръя, энэ дотроо тодорхой нэгж хичээлийн чанарт илүүтэй анхаарах зорилт дэвшүүлсэн. Өнгөрсөн жилүүдэд сургалтын макро түвшинд нэлээн ажлуудыг хийчихсэн байгаа. Тухайлбал, манай хүний их эмч бэлтгэх хөтөлбөр 2022 он хүртэл Европын холбооны дээд боловсролын олон улсын магадлан итгэмжлэлийн АSIIN гэдэг байгууллагаар магадлан итгэмжлэгдсэн учраас төгсөгчид маань Европын холбоонд очоод шууд лицензийн шалгалтад орох нь нээгдэж байгаа. АНУ-д бол нээлттэй байдаг. Сургалтын орчин, багшийн хөгжлийн чиглэлээр бид нэлээд зүйлүүдийг хийж байна. Одоо бидний илүү анхаарах чиглэл юу вэ гэвэл оюутнууд маань практик ур чадвар эзэмшиж, туршлага олж авдаг эмнэлзүйн дадлагын хичээл, түүний чанар юм. Тиймээс нэгж хичээлийн чанараас мэргэжилтний чадавхи хамаарна гэсэн уялдаа холбоог илүүтэй барьж ажиллах зорилт дэвшүүлсэн. Дадлагын хичээлийг залуу багш нар, харьцангуй туршлага багатай багш нар заадаг, тэр байтугай мастер, доктор оюутнууд ч өөрсдийн судалгааны сэдэвтэй уялдсан тодорхой хичээлүүдийг профессор багш нарын удирдлаган дор заадаг олон улсын жишиг байдаг. Бид ч гэсэн энэ жишгээр явж байгаа. Гэхдээ тэнд байгаа хүмүүстээ сурган заах арга зүйн болон тухайн мэргэжлийн чиглэлээр, эргээд тэр хичээл маань тухайн хүний яг тэр мэргэжлээр амьдралд гарч ажиллахад ямар өгөөжтэй юм бэ, тэр талаас илүү харж хичээлийн чанарт түлхүү анхааръя гэсэн бодлогоор энэ хичээлийн жилийг эхлүүлсэн.
-Удахгүй танай сургууль сургалтын эмнэлэгтэй болох гэж байгаа гэсэн. Өмнө болоод одоо дадлагын хичээлийг ямар нөхцөлд явуулж ирэв?
-АШУҮИС өөрийн төгсөгчид, эрүүл мэндийн байгууллагуудтайгаа хамтын ажиллагаа сайтай. Энэ бол манай ахмад үеэс уламжилж ирсэн харилцаа, өнөөдөр ч гэсэн хадгалагдаж байна. Сургууль маань өөрийн эмнэлэгтэй болохоор бүтээн байгуулалтын ажил өрнүүлж байгаа ч гэсэн бид эрүүл мэндийн байгууллагуудтайгаа, өрхийн эмнэлэгээс авахуулаад гурав дахь шатлалын үндэсний төвүүд, нэгдсэн эмнэлгүүдтэй хамтран сургалтаа явуулж ирсэн. Дэлхийн нийтийн жишигт зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн мэргэжилтэн бэлтгэе гэвэл төгсөгчид, эрүүл мэндийн байгууллагуудтайгаа хамтран ажиллаж байж энэ зорилтод хүрнэ үү гэхээс сургууль дангаараа зүтгээд боломжгүй. Олон улс ийм гаргалгааг дэвшүүлж байна. Бид ч гэсэн энэ жишгийн дагуу, өмнө байсан уламжлалаа улам сайжруулж шинэ шатанд гаргаад, мөн олон улсын чиг хандлагад нийцүүлэн эрүүл мэндийн байгууллагуудтайгаа хамтран ажиллах бүрэн боломжтой.
Мэдээж сургуульд өөрийн сургалтын бааз эмнэлэг зайлшгүй байх хэрэгтэй. Их сургуулийн эмнэлгийн тогтолцоо гэж бусад орнуудад бие даасан, нэлээн өндөр хөгжсөн байдаг. тэрийг манай сургууль анхдагчаар, Монгол Улсын эрүүл мэндийн чиглэлээр дээд боловсрол олгодог системд бүтээлчээр нэвтрүүлэхээр ажиллаж байна. Энэ бүхний дүнд анагаах ухааны чиглэлээр сургалт явуулах нэгэнт бүрдсэн орчин, нөхцөл улам сайжирч өргөжнө гэж үзэж болно. Дээд боловсролын байгууллага ажил олгогчидтойгоо харилцан ашигтай, нягт хамтран ажилласнаар аль аль нь сэтгэл хангалуун байх, бие биенээ дэмжсэн нөхөрсөг хамтын ажиллагаа өргөжинө.
-Танай төгсөгчид хөдөлмөрийн зах зээл, техник, технологийн дэвшил гэхчлэн хөгжилтэй хэр хөл нийлүүлж чадаж байна вэ ?
-Өнөөдрийн хөдөлмөрийн зах зээлийн нэг онцлог нь даяаршил. Тухайлбал, Монголчууд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хайн гадаадад зорчихдоо өндөр хөгжсөн орнуудын эмнэлгийн үйлчилгээг авч байна. Нөгөө талаар Монголд өнөөдөр таван тивийн хүн хөлхөж байна. Азийн орнуудаас, ялангуяа япон, солонгосчууд манайд ихээхэн ирж бизнес эрхэлдэг. Тэр хүмүүс биднээс юу шаардаж байна гэхээр яг өөрийнхөө оронд авдагтай адил эрүүл мэндийн тусламж үйлчилгээг шаарддаг. Нөгөө талаас тухай улс орнуудын зүгээс өөрсдийнх нь иргэд Монголд ажиллаж, амьдарч байгаа учраас Монголын эрүүл мэндийн тогтолцоо, анагаахын сургалт, судалгаа яаж явагддаг вэ гэдгийг сонирхож, бидэнтэй туршлагаасаа хуваалцаж, дэмжлэг үзүүлдэг. Хамгийн энгийн жишээ гэвэл, Японы эмнэлэг байна. Иймд бид олон улсын түвшинд мэргэжилтэн бэлтгэх шаардлага зүй ёсоор тавигдаж байгаа юм. Өнөөдөр маш олон орноос, тухайлбал БНХАУ, БНСУ, ОХУ, Энэтхэг зэрэг улсаас эмч нар ирж Монголд ажиллаж байна. Эрүүл мэндийн тусламжийг зөвхөн монгол хүмүүс үзүүлдэг цаг өнгөрөөд олон үндэсний, олон мэргэжлийн баг тусламж, үйлчилгээ үзүүлдэг болсон. Түүнийг дагаад олон соёл холилдож, багаар ажиллах шаардлага тулгарч байна. Дээр нь олон хэл холилдож байгаа учраас төгсөгчид заавал хэлний мэдлэгтэй байх шаардлага гарч байна. Орчин үед эрүүл мэндийн салбар гэлтгүй бүх салбарт ухаалаг тоног, төхөөрөмжүүд нэвтэрчихлээ. Энэ бүхэн маш олон чадварыг хүнээс шаардаж байна. Үүнд бид мэргэжилтнээ тохируулж бэлдэх зайлшгүй шаардлага шинээр тавигдаж байгаа бөгөөд энэ түвшинд төгсөгчидөө бэлтгэх нь бидний үүрэг юм.
-Тэгэхээр Монголдоо төдийгүй дэлхийд өрсөлдөх чадвартай эмч, мэргэжилтнүүд бэлтгэх шаардлага тулгарч байна гэж та хэлж байна уу?
-Ази Европын Их, дээд сургуулийн удирдлагуудын уулзалт Чехийн Карлын их сургууль дээр болоход тэнд оролцогчид нэн тэргүүнд даяаршлын асуудлыг онцолж байсан. Түүний зэрэгцээ дижиталчлалын тухай ярилцсан. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд ухаалаг төхөөрөмж маш хүчтэй нэвтэрч байгаа учраас төгсөгч тухайн мэргэжлээрээ өндөр мэдлэгтэй байхаас гадна дижиталь технологийн маш өндөр мэдлэгтэй байхгүй бол урагшаа явахгүй. Өнөөдөр Америкт сууж байгаа эрдэмтэн роботоор дамжуулаад Японд байгаа өвчтөнд хагалгаа хийчихэж байна шүү дээ. Дижиталь төхөөрөмж нэвтэрчихээр эмнэлгийн үйлчилгээ, сургалт цаг хугацаа, орон зайнаас үл хамаарч байна. Үүнийг бид нэвтрүүлэх ёстой. Түүнээс биш багш өмнө нь гараад лекц уншаад байдаг үе өнгөрсөн. Өнөөдөр оюутнууд багш өмнө нь гараад юм ярьж байхад үнэн ярьж байна уу гэдгийг гар утас руугаа ороод л хяначихаж байна шүү дээ. Тэгэхээр энэ талын мэдлэг чухал. Манай улс дэлхийн зах зээл рүү хүчтэй татагдаж орж байгаа учраас тэдний хэмнэлд зохицохоос өөр аргагүй. Бид тэр улсуудтай өрсөлдөхийн тулд, бизнесээ хамгаалахын тулд өөрсдөө тэдэнтэй адил өдөр болгон шинэчлэгдэж, тасралгүй төгөлдөршиж, шинэ мэдээллийг авч, түүнийгээ ур чадвар болгож өрсөлдөхгүй бол хоцрогдчих гээд байна. Өөрөөр хэлбэл, энэ үүднээс тасралтгүй инновац чухал. Энэ нь гагцхүү судалгаанд л суурилна. Их сургуулиуд судалгааг хөгжүүлэхээс аргагүй. Эмч нар хэлдэг дээ, миний хийсэн хагалгаа төдөн хувийн баталгаатай гэж. Тэр цээжний бангаар хэлээгүй, ядаж 100 хагалгаа хийчихээд хэдэн хувьд нь амжилттай хийлээ гэдэг судалсаны үндсэн дээр хэлж байна шүү дээ. Тийм ур чадварыг манай төгсөгчид авахаас өөр аргагүй. Энэ чиглэл рүү бид оюутан суралцагчдаа хөгжүүлэх, чадавхижуулахад анхаарч байна. Түрүүнд хэлсэнчлэн энэ бүхэн орж байгаа нэгж хичээлийн чанараас их шалтгаалдаг. Иймд суралцагчдад мэдээллийг олж авдаг, мэдээллийн санд нь хүрч чаддаг, тэндээс хэрэгтэйгээ авч ашиглаад үйлчилгээ болгон хүргэж чаддаг тэр чадавхийг суулгах нь чухал. Энэ талаас анхаарахгүй бол төгсөгчид зах зээл дээр гараад тодорхой хэмжээгээр ажил олоход хэцүү. Бас нэг зүйл нь дээд боловсрол өөрөө судалгааны нэг том салбар юм. Бид анагаах ухаан, техникийн ухаан, байгалийн ухаан гээд явж байгаа ч дээд боловсрол өөрөө бас шинжлэх ухаан. Хөдөлмөрийн зах зээл дээр ямар хэрэгцээ байна, ойрын 5-10 жилд ямар өөрчлөлт гарах нь вэ, тэрийг судалж байж бид оюутнууддаа юу заах вэ гэдгээ сонгохгүй бол бидний үед энийг зааж байсан, тэрийг сургаж байсан заавал заах ёстой гэдэг орчин нөхцөл өнөөдөр өөрчлөгдсөн. Түүний оронд 10-15 жилийн дараа, багаар болоход 4-5 жилийн дараа хөдөлмөрийн зах зээл дээр ямар эрэлт хэрэгцээ гарах нь вэ, тэр рүү баримжаалж заах хичээлийн агуулгыг тогтоох хэрэгтэй юм.
-Энэ талаар манайд судалгаа байна уу?
-Саяхан Хонконгийн их сургуулийн эрдэмтэн, профессорууд хамтарсан Азид дээд боловсролын судалгаа ямар байдаг вэ гэсэн ном гарсан. Энэ номд “Монголд дээд боловсролын судалгаа шилжилтийн үед ямар байна вэ” гэсэн миний судалгаа багтсан байгаа. Судалгаанаас үзвэл, 2000 оноос хойшхи дээд боловсролын талаар хийгдсэн судалгааг авч үзэхэд удирдлага, менежмент, сургалтын хөтөлбөр, арга зүй, үнэлгээний чиглэлээр дийлэнх судалгаанууд хийгдсэн байдаг. Судалгаа их байгаа нь энэ асуудлууд илүү анхаарал татаж байна гэсэн үг. Дээд боловсролын үйлчилгээнд хувийн хэвшил орж ирсэн, олон улсын сургуулиуд ч орж ирлээ. Энэ бүхэн эргээд хоорондоо өрсөлдөнө, оюутнуудаа булаацалдана. Гэтэл энд юу нь болж байна, юу нь болохгүй байна гэдэгт судалгаа хомс. Тиймээс тухайн салбар шинжлэх ухааны судалгааг явуулахаас гадна бид цаашид юуг зааж сургах вэ гэдэгт судалгаа хийж байх хэрэгтэй. “Оюутан бол дүүргэж байдаг сав биш дүрэлзэж байдаг бамбар байх ёстой” гэдэг үг бий. Оюутныг дүрэлзэж байдаг бамбар болгохын тулд энэ судалгааны арга барилыг оюутнуудадаа суулгаж төгсгөх зорилтыг АШУҮИС түлхүү тавьж байгаа. Жишээ нь, Европын холбоо, Германы эрүүл мэндийн байгууллагууд “Манай их сургуулийг төгссөн хүн шууд мастер зэрэгтэй төгсдөг” гэж хэлдэг. ОХУ-д хуучин тогтолцооны үеийн Улс түмний найрамдлын их сургууль гэж бий, одоо ч бий. Түүнийг анагаахын чиглэлээр төгсч байгаа хүн шууд мастер зэрэгтэй төгсч ирдэг. Тэгэхээр кредит, судалсан агуулгаас гадна зургаан жилийн хугацаанд судалгааны арга барил эзэмшээд гарч байгаа учраас тэр хүмүүст мастерт байх шаардлагуудыг хангаж байгаа учраас тэр зэргийг нь өгөөд гаргаж байна. Тиймээс бид цаашид бодлогын түвшиндээ суралцах хугацаанд 200 гаруй кредит судалж эмчилгээний ангийг төгсч байгаа оюутнуудаа мастерын зэрэгтэй төгсөх чиглэл барьж ажиллана. Энэ бүхэн нэгж хичээлийн чанараас шалтгаалах учраас түүнийг зааж байгаа багш болгон дээр анхааръя гэж бид үзсэн.
-Нөгөө талаас багш нараа чадавхижуулах чиглэлд ямар ажлууд хийж байна?
-Оюутнуудаа ямар түвшинд бэлдэх талаар сая ярилаа. Тийм хэмжээний мэргэжилтнүүдийг бэлтгэхийн тулд өндөр мэдлэг, туршлагатай, чадварлаг багш шаардлагатай. Бид багшийн хөгжилд анхаарч, гадаад дотоодын сургалтад хамруулж, мэргэжлийн чиглэлээр туршлага судлуулж байна. Боловсролын чиглэлд Сингапурын үндэсний их сургууль дээр Ази Номхон далайн анагаах ухааны боловсролын хурал жил болгон болдог. Тэнд бид хүмүүсээ оролцуулж илтгэлүүдээ хэлэлцүүлдэг. Хамгийн сүүлийн жишээ гэвэл, Харвардын их сургуультай хамтран багш нараа хөгжүүлэх төслийг хамтран хэрэгжүүлж байна. Канадын Калгарийн их сургуультай мастер багш бэлдэхэд хамтрах төслийг эхлүүлсэн. Дээр нь манай төгсөгчдөөс дэлхийд нэртэй мундаг эмч нар төрж байна. Тухайлбал, манай төгсөгчдийн нэг ХӨСҮТ-ийн захирал Ж.Чинбүрэн сая Францын мэс заслын академийн хүндэт гишүүнээр сонгогдсонд бид бахархаж байгаа. Тэднийхээ туршлагаас аль болох харилцан суралцаж, төгсөгчид, эрүүл мэндийн байгууллагуудтай хамтарч ажилласны дүнд зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн чадварлаг боловсон хүчин бэлтгэх зорилго тавин ажиллаж байна. Төгсөгчид чадварлаг байж, өөртөө ажлын байр бий болгож, бизнесийг эрхэлж чаддаг байхаас дээд боловсролын ялгаа бас харагдана. Саяхан бид сургууль дээрээ “Чадварлаг мэргэжилтэн бэлтгэхэд багш миний оролцоо” сэдэвт хэлэлцүүлэг хийсэн. Түрүүн миний хэлсэн нэгж хичээлийн чанарыг сайжруулахад сургууль юунд анхаарах вэ, хөрөнгө мөнгөний талаар ямар туслалцаа үзүүлэх вэ, багш нар юунд анхаарах вэ гэдгийг гаргалаа. Энэ дагуу тодорхой ажлуудыг төлөвлөн ажиллана.
-Төгсөгчид ямар байх вэ гэдгийг зөндөө ярилаа. Тэгвэл элсэгчид ямар байх талаар мэдээлэл өгөөч?
-Элсэгчдийн хувьд манай сургууль нэлээд өндөр шалгуур тавьдаг. Тухайлбал, анагаах ухааны суурь боловсролын чиглэл болох хими, биологийн хичээлээр өндөр түвшинд бэлтгэгдсэн байх учиртай. Нөгөө талаас, энэ сургуулийг сонгож буй бол хамгийн түрүүнд өрөөлийн төлөө өөрийгөө золиослох сэтгэлзүйн бэлтгэлтэй байх ёстой. Шөнө унтаж байхад хүн өвдлөө, өвчин нь хүндэрлээ гэсэн дуудлага ирэхэд нойроо харамладаггүй, чамаас тусламж эрэн ирэх хүнд аав, ээж, ах дүү шигээ хандаж тусладаг, хүний төлөө гэсэн ийм л сэтгэлзүйтэй байх хэрэгтэй. Сурах, мэдлэг чадвар эзэмших бусад зүйл бол аяндаа болчихно. Хамгийн гол нь дээд миний дурьдсан сэтгэл, хүний мөс чамд сууж уу, үгүй юу гэдгийг л анхаарч манай сургуулийг сонгоорой гэж хэлэх байна. Мянга өндөр мэдлэгтэй, чадвартай хэрнээ тэр сэтгэл байхгүй бол хүн ардын эрүүл мэндийн төлөө зүтгэж чадахгүй, хий цаг, мөнгө хөрөнгөө үрсэн ажил болно. Эмч нэр хүндтэй сайхан мэргэжил, хүний төлөө зүтгэдэг бас хариуцлагатай хэцүү алба. Гэхдээ нинжин сэтгэл, хүн чанар байх аваас бүх зүйл болно. Тиймээс эмчийн мэргэжлийг сонгох гэж байгаа хүн тэр тал дээр өөрийгөө сорьж үзээсэй гэж хэлэх байна.
Ярилцлагыг тэмдэглэсэн Ч.Үл-Олдох
Сэтгэгдэл байхгүй байна