ШУА-ийн эрдэмтэд өнгөрсөн 2017 онд хэд хэдэн шинэ нээлтүүд хийж, олон шинэ инновацийн бүтээгдэхүүн гаргажээ. Тухайлбал, Монголын эрдэмтдийн бүтээл гадаад ертөнцөд танигдах хүрээ улам тэлж, гадаадад хэвлүүлсэн бүтээлийн тоо өмнөх оныхтой харьцуулахад есөн хувиар өссөн байна. ШУА-ийн Хими, хими технологийн хүрээлэнгийн эрхлэн гаргадаг “Mongolian Journal of Chemistry” сэтгүүл олон улсын нээлттэй сэтгүүлүүдийн санд, АШУҮИС-иас эрхлэн хэвлүүлдэг “Central Asian Journal of Medical Sciences” сэтгүүл Номхон далайн баруун бүсийн анагаах ухааны сэтгүүлийг индексжүүлэх байгууллагад тус тус бүртгэгджээ.
2017 онд ШУА-ийн эрдэмтэд ном, нэг сэдэвт болон хамтын бүтээл 170, эрдэм шинжилгээний өгүүлэл 718 (үүнээс гадаадад 227), эрдэм шинжилгээний илтгэл 939 (гадаадад 309), патент, технологийн заавар 9, стандарт 12, аргачлал 23, ТЭЗҮ, ашигтай загвар 2, зураг, каталог 23-ыг тус тус гаргасан байна.
Ингээд монгол эрдэмтдийн инновацийн шинэ бүтээлүүдийг танилцуулъя.
Шар цав дахь үлэг гүрвэлийн мөр:
Дэлхийн сээр нуруутны палеонтологийн судалгааны хамгийн гайхамшигтай, сонирхол татсан олдворт газруудын нэг болох одоогоос 70-80 сая жилийн өмнө тамгалагдан үлдсэн үлэг гүрвэлийн мөр бүхий Шар цав дахь судалгааны үл хөдлөх, биет өвийг газар дээр нь хамгаалах, шинжлэх ухааны аялал жуулчлалыг хөгжүүлэх, ЮНЕСКО-ийн геопарк хөтөлбөрийг Монголд нутагшуулах зорилго бүхий “Палеопарк” төсөл хэрэгжүүлж, үлэг гүрвэлийн мөрнүүд дээр хээрийн музей байгуулах ажлыг эхлүүлж, амжилттай хамтран ажиллаж байна.
Шар цаваас дэлхийн хамгийн том үлэг гүрвэлийн мөр олджээ
Шинэ төрлийн үлэг гүрвэл олов:
Түүнчлэн Холимог идэшт үлэг гүрвэл орнитомимозаврын бүлэгт хамаарагдах нэгэн шинэ олдворт хийсэн ясны морфологи судалгааны дүнд Aepyornithomimus tugrikinensis хэмээх шинэ төрөл, зүйг ангилан тогтоож, “Монголын Төгрөгийн ширээгийн дээд цэрдийн жодохт формациас олдсон анхны Орнитомимид үлэг гүрвэл” хэмээх өгүүллийг манай судлаачид “Nature”-ийн “Scientific Reports” сэтгүүлд хэвлүүлэв.
Хүннүгийн он цагийг урагшлуулжээ:
Төв аймгийн Баянцагаан сумын нутагт орших Чихэртийн зоо хэмээх дурсгалт газарт археологийн малтлага судалгаа хийж, Хүннүгийн дурсгалын холбогдох он цагийг урагшлуулсан “нээлт” хийсэн байна. ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн төслийн удирдагч, доктор Г.Эрэгзэн Төв аймгийн Баянцагаан сумын нутагт орших Чихэртийн зоо хэмээх дурсгалыг анх 2013 онд археологийн авран хамгаалах судалгааны явцад илрүүлсэн байна. Тэнд газрын өнгөн хөрсөн дээр ил мэдэгдэх цагариг хэлбэрийн, чулуун дараастай 300 орчим хүннү булш бүртгэгджээ. 2016 оноос БНСУ-ын Төвийн бүсийн соёлын өвийн хүрээлэн, Чүнбукийн Үндэсний Их сургуулийн Археологи, эртний урлагийн түүхийн тэнхимтэй хамтран Чихэртийн зооны дурсгалт газарт археологийн малтлага хийж, булшны бүтэц зохион байгуулалтын онцлог, илэрсэн олдворын хэв шинж, дагуул булшнаас нь гарсан хүрэл болон ясан зэв зэргээс үндэслэн Чихэртийн зоогийн Хүннү булш нь он цагийн хувьд харьцангуй эрт үед буюу НТӨ III-II зуунд хамаарах боломжтойг тодорхойлоод байна.
Түүнчлэн “Дэлхийд тархсан монголын өв” цуврал судалгааны хүрээнд ОХУ-ын Эрмитаж дахь сан хөмрөгт хадгалагдаж байсан Хараагийн Ноён уулаас олдсон Хүннүгийн язгууртны цогцолбор дурсгалыг судалгааны эргэлтэд оруулж, анх удаагаа цогцоор нь монгол улсад хэвлэн нийтлүүлж, олны хүртээл болгов. 1923-1926 онд алдарт эрдэмтэн П.К.Козловын удирдсан Монгол-Түвдийн экспедицийн хүрээнд Ноён уулан дахь Хүннүгийн язгууртны булшнаас олж тухайн үеийн Ленинград хотод аваачсан дурсгалыг 90 жилийн дараа ийнхүү бүрэн хэмжээгээр нь хэвлэн нийтлүүлж олон түмэнд түгээж чадсанаараа ихээхэн үнэ цэнэтэй ажил болсон байна.
Шүлхийн вакцин бүтээв
“Шүлхийгээс сэргийлэх вакцины технологи, ариутгал халдваргүйтгэлийн цогц арга хэмжээ” шинжлэх ухаан технологийн төслийн хүрээнд Антигений концентрат ашиглан шүлхийгээс сэргийлэх 80-аас доошгүй хувийн идэвхитэй тосон адьюванттай вакцины технологи боловсруулав.
Импортыг орлох бэлдмэлүүд
“Нэг дамжлагаар импортыг орлох байгалийн гаралтай гурван төрлийн бэлдмэл үйлдвэрлэх нь” инновацийн төслийн хүрээнд мал, амьтны төрөл бүрийн гаралтай шарх эмчлэх “Бартазел” тосон түрхлэг, яс, зөөлөн эдийн бэртэл, гэмтлийг эмчлэх “Барагшун-EN” бэлдмэл, мал, амьтныг эрдэс, амин дэмээр хангах “Барагшунт” тэжээлийн нэмэлт бэлдмэлүүдийн технологийг боловсруулж, үйлдвэрлэн худалдаанд гаргав.
Монголд алт, алмаасжилттай шинэ төрлийн кимберлитийн цорго үүсчээ
ШУА-ийн Палеонтологи, геологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахмад ажилтан, ШУ-ны доктор, профессор Д.Доржнамжаа Монгол орны нутгаас цагариган бүтэцтэй, дугариг хэлбэртэй солирын тогоонуудыг Завхан аймгийн Алдархаан сумын Агьт Хангай, Баянхонгор аймгийн Хүрээ марал сумын Хүрээ Мандал, Дорноговь аймгийн Хөвсгөл сумын Баян Хүрээ, Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын Цэнхэр зэрэг газар илрүүлж, алт, алмаасжилттай шинэ төрлийн кимберлитийн цорго үүссэн болохыг тогтоожээ.
Тэрхүү орчин нөхцөлд үүсэж биежсэн халуун цөм-магмын биет, цоргон бүтэц, тэдгээрт хурж хуримтлагдсан алт, алмаас, хар соронзон үрэл, рений зэрэг 60 орчим үнэт ховор чулуу, эрдэс, бодис флюидо динамикийн ижил зүй тогтолтой болохыг шинээр илрүүлж, байгалийн шинжлэх ухаанд урьд өмнө огт хэрэглэгдэж байгаагүй астропаип (одны цорго) хэмээх шинэ ойлголт, үзэл бодлыг дэвшүүлэн тавьж байгаа юм. Ялангуяа Завханы Алдархаан сумын нутаг дахь Агьт Хангайн солирын тогоо бол дэлхийд ховорт орох хосгүй нандин тогтоц буюу ёстой л эрдэнийн уул юм. Хүрээ Мандалын солирын тогооч бас дутахгүй. Ийм ч учраас ШУА-иас асуудал боловсруулан тавьснаар улсын тусгай хамгаалалтанд оруулсан байна.
Эртний хүний судалгаанд шинэ дэвшил гарав
ШУА-ийн Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний залуу ажилтан Р.Одонгоо эртний хүний митохондрийн ДНХ-ийн ялгаатай байдал дээр үндэслэн гаплобүлгүүдийг нь тогтоох судалгаа хийжээ. Митохондрийн ДНХ нь эхээс хүү, охин аль алинд нь удамшдаг тул У хромосомыг бодвол илүү өргөн тархдаг. Одоогоор манай оронд энэ төрлийн судалгаа хийгдээгүй байгаа.
Манай эрдэмтдийн судалгаагаар Баянхонгор, Булган аймгаас олдсон Хожуу хүрэл болон Хүннүгийн үед хамаарах эртний хүмүүст С4, G2а гэсэн гаплобүлгүүд илэрсэн байна. Үүнийг тогтоосноор тухайн бодгалын гарал үүсэл, тархалт зэрэг олон талт мэдээллийг авах боломжтой болжээ. Булган аймгаас олдсон Хүннүгийн үед хамаарах булшин дахь эртний хүн С4 гаплобүлэгтэй байсан нь Зүүн хойд Азид түгээмэл тохиолддог, тэр дундаа орчин үеийн монгол хүмүүст 16 хувийн дамтамжтай илэрдэг бүлэг юм. Судалгааны дүнд С4 гаплобүлэг хожуу хүрлийн үеийн болон хүннү үеийнхоёр эртний хүнд илэрсэн аж. Сонирхолтой нь энэ хоёр хүний булш Булган аймгийн Хутаг-Өндөр сумаас олдсон байдаг. Хэдийгээр хоорондоо 1000 гаруй жилийн зөрүүтэй ч ижил гаплобүлэгтэй байгаа нь тухайн нутагт олон үе улиран тогтвортой суурьшиж байсныг нэг талаас гэрчилж, нөгөө талаас монголын эртний оршин суугчид болон орчин үеийн оршин суугчдын хооронд удмын холбоотойг харуулж байгаа хэрэг юм. Тэгэхээр бидний өвөг хүннүчүүд байжээ гэсэн дүгнэлт хийж болохоор байна.
Сэтгэгдэл байхгүй байна