Манжийн дарлалын үед монголчууд “Тэвэр тэвэр мөнгөөр
Түмнээ худалдсан ноён гуай
Уут уут мөнгөөр
Улсаа худалдсан ноён гуай...” гэж дуулдаг байв даа. (Киноноос үзсэн л байлгүй) Түүх давтагддаг гэдэг нь үнэн бололтой.
Өнгөрөгч долоо хоногт УИХ-ын чуулган хаалттай хуралдаж нэгэн асуудлыг яаран хэлэлцсэн нь одоо улс төр сонирхогчдын маргааны гол сэдэв болоод байна. Маргааны сэдэв гэхээсээ шүүмжлэлийн бай, түгшүүрийн харанга болов. Уг хуралдаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол Улс ШХАБ (Шанхайн хамтын ажиллагааны байгууллага)-д элсэх тухай асуудлыг танилцуулж, УИХ-ын гишүүдийн нэгээс бусад нь (Б.Пүрэвдорж) дэмжжээ. Улс төрд олон жил явсан, арай тулхтайд тооцож болох Д.Тэрбишдагва гишүүн хүртэл “Монгол Улс 14 жил ШХАБ-ын ажиглагч улс байлаа. Энэ хугацаанд ямар ч үр дүнгүй байна. Хоёр хөрш Монголыг тойруулаад замаа, нефтээ, газаа барьчихлаа. 2017 онд Энэтхэг, Пакистан хоёрыг элсэхээс өмнө(2017 он) манайх элсчихсэн бол төмөр замаа тавиулчих байсан юм” гэж ярьсан байна. Гай шүү!!!
Хаалттай хуралдаанд Ерөнхийлөгч оролцоогүй боловч саяхан болсон “Эдийн засгийн форум”-ын үеэр Монгол Улсыг ШХАБ-д элсүүлэх санаагаа тов тодорхой хэлсэн. Монгол Улс чөлөөт эдийн засгийн биш, геополитикийн аргаар хөгжинө гэсэн билээ. Тэгэхээр Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр ШХАБ-ын асуудал дээр дөрөө нийлжээ.
ШХАБ хэрхэн бий болов?
Хуучин ЗХУ, БНХАУ-ын хооронд олоон жил үргэлжилсэн газар нутгийн маргааныг нэг тийш шийдвэрлэх тухай яриа бүр 1980-аад оны эцсээр эхэлсэн байна. Асуудлаашийдэж амжаагүй байтал ЗХУ задран унаж, хилийн маргаантай улс орнууд ч(Тажикстан, Киргизстан, Казакстан) нэмэгджээ. Тиймээс хамтарч асуудлаа шийдэхийн тулд энэ таван улсыг оролцуулсан “Шанхайн тав” хэмээх байгууллага 1996 онд бийболсон байна. Байгууллагын гол зорилгыг цэргийн салбар дахь харилцан итгэлцэл, хил орчим дахь цэрэг зэвсгийн тоог харилцан бууруулах гэж томъёолсон байв.
2001 онд Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ) болгон өргөжүүлж,өөрийн төсөв, үйл ажиллагааны механизмтай болгон албажуулжээ. Байгууллагын зорилгыг: хамтын итгэлцэл, найрамдал, сайн хөршийн холбоо, энх тайван аюулгүй байдал, бүс нутгийн тогтвортой байдлын төлөөх хамтын ажиллагаа, терроризм, салан тусгаарлал, хэт давралын эсрэг хамтран тэмцэх (гэвч одоо болтол үр дүнтэй хамтын ажиллагааны механизм олоогүй байгаа тул тус тусдаа, өөр өөрийн замаар тэмцэл явуулж байгаа), улс төр худалдаа эдийн засгийн хамтын ажиллагаа гэх мэтээр тодорхойлжээ.
ШХАБ нь 2004 оноос ажиглагчийн статус бий болгож, хамгийн түрүүн Монгол улс нэгдсэн байна. Гишүүнээр элсүүлэх урилгыг юун түрүүн Монгол, Туркменистан хоёрттавьсан боловч түркменчүүд татгалзаж, харин Монгол улс хоёр хөршийнхөө байнгын урилга заллага, хатуу нэхлийн үр дүнд ажиглагчаар оржээ. Манай дараа Энэтхэг, Афганистан, Пакистан, Иран улсууд ажиглагчийн статустай болсон ба Энэтхэг, Пакистан хоёр өнгөрсөн онд гишүүнээр элсэв. Судлаачид энэ байгууллагын зорилгыгЕвро-Азийн төв болсон энэ хэсэгт Орос, Хятад хоёр улс өөрийн нөлөөг тогтоох,гадаад улсуудын нөлөөг энэ бүс рүү оруулахгүй байх явдал гэж тодорхойлдог.
Өнгөрсөн арав гаруй жилийн түүхийг эргэн харахад ШХАБ-ын эдийн засгийн хамтын ажиллагаа төдийлөн тод харагдсангүй. Нийгэмлэгийн хүрээнд бүтээсэн томоохон ямар ч төсөл байхгүй. Бүхий л эдийн засгийн хамтын ажиллагаанууд хоёр талын, их сайндаа гурвалсан төслийн хэмжээнд явагдаж иржээ. Орос-Хятадын худалдааны баланс 2000 онд гурван тэрбум ам.доллар байсан бол өдгөө 80 тэрбумд хүрчээ. Хятадын байгалийн хийн импортын 20 хувийг Тажикстан ганцаараа хангаж байна. (Б.Баабар. 2018 он) ШХАБ-ын хүн амын 96 хувь, үндэсний нийт бүтээгдэхүүний 97 хувь нь Орос, Хятад хоёрт хамаарч байх тул зөвхөн энэ хоёр орны эрх ашгийг хамгаалах байгууллага гэсэн нь хоосон үг биш юм.
Б.Баабар энэ тухай “ШХАБ нь байгуулагдсан цагаасаа цэргийн хамтарсан сургууль хийх болжээ. 2003 онд Казахстанд болсон анхны сургуулилтад ШХАБ-ыг цэргийн эвсэл мэтээр харагдуулахаас болгоомжилж Хятад оролцоогүй бол ердөө хойтон жил нь дараагийн сургуулилтыг өөрийн нутагт зохион байгуулжээ. 2005 оноос эхлэнШХАБ-ын далбаан дор Орос-Хятадын хамтарсан цэргийн хээрийн сургууль “Энхийн элч” нэртэйгээр тогтмол явагдах болов. ШХАБ нь цэргийн холбоо биш, зөвхөн терроризмын эсрэг сургуулилт хийдэг хэмээн байнга мэдэгддэг боловч, том хэмжээний хээрийн сургууль, тэр дундаа далайн цэргийн сургуулилт нь зорилгоосоо асар хальсан мэт” хэмээн бичсэн байна.
Үргэлжлэлийг ЭНД дарж унш.
Сэтгэгдэл байхгүй байна