• Эхлэл
  • 16 нас хүртэлх хэрэглэгч цахим хаяг нээх шинэ зохицуулалтыг нэвтрүүлнэ

16 нас хүртэлх хэрэглэгч цахим хаяг нээх шинэ зохицуулалтыг нэвтрүүлнэ

2026/03/11

Засгийн газрын өнөөдрийн /2026.03.11/ хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар холбогдох сайд нар мэдээлэл хийлээ.


Боловсролын сайд П.Наранбаяр:

-Засгийн газрын ээлжилт хуралдаан үргэлжилж байна. Миний бие өнөөдөр нийгэмд үүсээд байгаа дээрэлхэлтийн асуудалтай холбоотойгоор Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төслөө өнөөдөр Засгийн газарт танилцууллаа.

Интернэт хэрэглэгчдийн ойролцоогоор гурван хүн тутмын нэг нь 18-аас доош насны хүүхэд байна. Цар тахлын нөлөөгөөр хүүхдүүдийн дунд цахим хэрэглээ нэмэгдсэн. ДЭМБ-ийн судалгаагаар дэлхий даяр нийт 200 сая орчим хүүхэд цахим платформын зохисгүй хэрэглээтэй байна.

Олон улсын хуулийн зохицуулалтууд ямар байна вэ гэдгийг харвал, жишээ нь Франц улс 2023 оны зургадугаар сарын 29-нд нийгмийн сүлжээнд хүүхдийн бүртгэлийг зохицуулах хууль баталсан. Үүний үндсэн агуулга нь 15-аас доош насны хүүхэд нийгмийн сүлжээнд хаяг нээхэд эцэг эхийн зөвшөөрөл заавал шаардлагатай бөгөөд платформууд хэрэглэгчийн насыг шалгах, эцэг эхийн зөвшөөрлийг баталгаажуулах систем нэвтрүүлэх ёстой гэсэн шаардлагыг тусгасан байна. Мөн 2026 оны нэгдүгээр сард Хүүхдийн сэтгэцийн эрүүл мэнд, кибер дарамт, хорт контентоос хамгаалах зорилготой хуулийн өөрчлөлтийг батлагдсан. Энэ нь 2026 оны есдүгээр сард хэрэгжиж эхлэх бөгөөд үүнд 15-аас доош насны хүүхдэд нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох, платформууд нас баталгаажуулах (age-verification) систем нэвтрүүлэх, зөрчил гаргасан платформд компанийн жилийн орлогын 1 хувь хүртэл торгууль ногдуулах боломжтой гэсэн зохицуулалтыг оруулсан байна.

Харин Монгол Улсад өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа дараах гурван хуулийн зохицуулалтуудыг дурдаж болно. Үүнд:

  • Эрүүгийн хууль /2015/ 16.9 дүгээр зүйлийн 1 "Хүүхэд оролцуулж садар самууныг сурталчилсан хэвлэл, ном зохиол, зураг, кино, дүрс бичлэг, бусад зүйлийг бэлтгэсэн, борлуулсан, тараасан, хадгалсан”
  • Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль/2021/ 29.1″Мэдээллийн эзнээс хуульд заасан үндэслэл болон анх зөвшөөрөл авснаас өөр зорилгоор мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглахыг хориглоно"
  • Хүүхэд хамгааллын тухай хууль /2024/ 8.6.-т "Интернэтийн орчинд эрх эзэмшиж байгаа иргэн, хуулийн этгээд хүүхдэд зориулсан тусгай багцын үйлчилгээтэй байх бөгөөд үйлчилгээний гэрээ байгуулахдаа тухайн этгээдийн асран хамгаалалд 18 нас хүрээгүй хүүхэд байгаа эсэхийг заавал асууж, насанд хүрэгчдэд зориулсан тусгай сувгийн үйлчилгээг хэрэглэх эсэхийг тохиролцоно
  • 25.2-т "Хүүхдийн эрүүл мэнд, бие махбод, оюун санаа, ёс суртахууны хөгжил, төлөвшилд сөрөг нөлөө үзүүлэхүйц цахим тоглоом, хүүхдэд хортой агуулга, цахим сүлжээнээс хүүхдийг хамгаалах талаар зөвлөмж, зааварчилгааг олон нийтэд түгээх, хэрэгжилтэд нь хяналт тавих чиг үүргийг хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, Харилцаа холбооны зохицуулах хороо, цагдаагийн төв байгууллага хэрэгжүүлнэ"
  • 25.3-т "Хүн, хуулийн этгээд хүүхдийг цахимаар урхидах, дээрэлхэх, дарамтлахыг хориглоно
  • 25.4-т "Хүн, хуулийн этгээд хүүхдийн нэр төр, алдар хүндийг гутаан доромжилсон, эсхүл хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн зөвшөөрөлгүйгээр хүүхдийн зураг, дуу, дуу-дүрсний бичлэг агуулсан контент, мэдээ, мэдээлэл, бүтээлийг олон нийтэд түгээхийг хориглоно" гэж тус тус заасан байдаг.

Гэвч бидэнд тусгайлсан хууль зайлшгүй шаардлагатай байгаа. Үүний тулд Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай анхдагч хуулийг санаачлан, боловсруулсан. Үүний хамгийн чухал нь бид насны хязгаартай хэрэглэгч гэх зохицуулалтыг оруулж ирсэн. Үүнд 16 нас хүрээгүй хүүхдийг хамруулж ойлгоно. Ингэснээр насны хязгаартай хэрэглэгч цахим хаяг нээхэд олон төрлийн баталгаажуулалт шаардалагатай болно.

Мөн үйлчилгээ эрхлэгчийн үүргийг зохицуулж өгсөн. Хэрэв аль нэг платформд насны хязгаартай хэрэглэгчтэй холбоотой асуудал үүсвэл тухайн үйлчилгээ эрхлэгчид хариуцлага тооцхоор хуулийн төсөлд тусгасан.

Бид хуулийн танилцуулгаа холбоотой дөрвөн яамд хүргүүлж, батлуулсан. Өнөөдөр Засгийн газарт танилцууллаа. Цаашид Засгийн газарт өргөн барих бэлтгэл ажлыг хангах үүрэг, чиглэл авлаа.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням:

-Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар маш удаан яригдсан Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх, Монгол Улс болон ОХУ хоорондын хэлэлцээрийн нэмэлт өөрчлөлт болон үндсэн хэлэлцээрийг УИХ-ын холбогдох байнгын хороодоор зөвшилцөж эцэслэн батлах үйл ажиллагааг эхлүүлэх шийдвэрийг гаргалаа.

2025 оны хавар энэ асуудал УИХ-ын чуулганаар хэлэлцэгдэж, гишүүдийн тодорхой шаардлагын улмаас зогссон. Үүнээс хойш Засгийн газар гишүүдийн тавьсан шаардлагад тулгуурлан ОХУ-тай тууштай хэлэлцээр хийсний үр дүнд хэлэлцээр амжилттай болсон.

Энэ хаврын чуулганаар холбогдох байнгын хороодтой зөвшилцөж, хэлэлцээрт гарын үсэг зурах эрх авна. Үүний дараа УИХ-аар соёрхон батлуулах ажил явагдана. Энэ хэлэлцээрийн хамгийн том үр дүн бол ОХУ-аас Монгол Улсад нефтийн бүтээгдэхүүнийг тогтвортой нийлүүлэх үүргийг хүлээх хоёр гэрээний нэг болох хэлэлцээр юм. Энэ хэлэлцээр хүчин төгөлдөр болсноор хоёрдох хэлэлцээр буюу Монгол Улсад нефтийн бүтээгдэхүүнийг тогтвортой нийлүүлэх үүргээ хууль ёсоор биелүүлэх хариуцлагыг хүлээх юм.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна