Өнгөрсөн долоо хоногт УИХ гишүүн Д.Мурат, Д.Гантулга нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэхгүй байх шийдвэр гаргасан. Харин Монгол Улсын Ерөнхийлөгч өнөөдөр УИХ-ын гишүүн Д.Мурат, Д.Гантулга нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэхгүй байх УИХ-ын тогтоолын төсөлд хориг тавьсан. Үүнээс өмнө УИХ-ын гишүүн Д.Гантулга гишүүний албанаас чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасан.
Харин УИХ-ын гишүүн Д.Мурат Ерөнхийлөгчийн хоригтой холбогдуулан байр сууриа илэрхийлсэн байна. Тэрбээр “Ерөнхийлөгч хориг тавьсан байна. Би үүнийг нь дэмжиж байгаа. УИХ-ын гишүүн байна уу, жирийн иргэн байна уу бүгд хуулийн өмнө тэгш эрхтэй. Би шалгуулахад ч бэлэн байгаа. Удахгүй шалгуулаад буцаж орж ирнэ гэж бодож байгаа. Угаасаа надтай холбогдоод байгаа энэ хэрэг нь зохиомол. Би огт гэмт хэрэг хийгээгүй. Шалгуулахад бэлэн байна. Ерөнхийлөгчийн хоригийг миний хувьд дэмжиж байна' гэсэн байна.
Харин түүний хуульч Л.Батмөнх
-Гишүүнтэй холбогдох тус хэрэг олон нийтийн сүлжээгээр бичигдээд байгаа шиг бэлгийн дарамт учруулсан асуудал биш. Прокурорт бусдын биед хөнгөн гэмтэл учруулсан гэдэг эрүүгийн зүйл ангиар шалгагдаж байгаа. Энэ төрлийн хэрэг амьдралд хэдэн зуун мянгаараа гардаг. Тодорхой хугацаанд хуулийн байгууллагаар шалгагдаад явдаг. Аль 2017 онд үүссэн хэрэг одоо хүртэл шалгагдаж байгаа нь удаашралтай байна. Гэхдээ хуулийн байгууллагадаа итгэж байна. Үүний цаана улс төр байна уу гэсэн хар бол байна. Тодорхой хугацаанд хурдан шийдэж өгөх байх гэдэгт найдаж байна гэсэн тайлбар хэлсэн байна.
Түүнээс гадна Д.Муратын хохирогч гэгдсэн Б.Бахытгүл гэсэн бүсгүй гомдлоо цагдаагаас татаж аван, Казакстан руу дүрвээд байгаа. Харин энэ мэдээллийг дамжуулсан сэтгүүлчийг бусдын хувийн нууцад халдсан хэргээр шалгаж байгаа юм.
Харин Б.Гантулгын хувьд Наранзаяа хэмээх бүсгүйг хүчиндсэн гэх хэрэг нь цагдаагийн байгууллагаар шалгагдаж байгаа. Өнөөдөр түүний Улсын Их Хурлын гишүүнээс чөлөөлөх саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон 11 гишүүний 10 нь буюу 90.9 хувь нь дэмжсэн тул энэ талаарх санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар тогтлоо.
Харин Ерөнхийлөгчийн хоригийг удахгүй хэлэлцэх бололтой. Нэгэнт Д.Мурат гишүүн өөрөө хоригийг дэмжиж байгаа тохиолдолд УИХ-ын гишүүд ч Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авч асуудлыг дахин хэлэлцэх болов уу.
Сэтгэгдэл байхгүй байна