УИХ-ын чуулганы өнөөдрийн ээлжит хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Гантулгыг чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцлээ. Хэлэлцэх асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж хариулт авлаа.
Ж.Батзандан:
-Сүүлийн үед Д.Гантулгын асуудлаар далимдуулж эрх баригч нам Үндсэн хуулийн өөрчлөлт нэрийн дор УИХ-д 30-аас дээш настай хүн нэр дэвших заалтыг оруулж ирж байна. Эрх баригч нам залуучуудын улс төрийн оролцоог багасгах, хүний эрхэнд халдах үйлдэл хийж байна гэж хардаж байгаа. Д.Гантулга гэдэг залуу алдсан байж болно. Үүгээр далимдуулан залуучуудын улс төрийн оролцоог хязгаарлах оролдлого хийж байна. Үүндээ тайлбар өгнө үү?
Д.Лүндээжанцан:
-Өчигдөр Ж.Батзандан гишүүн байнгын хорооны хуралдаан дээр мөн энэ байр сууриа илэрхийлсэн. Сүүлийн үед иргэдээс УИХ-ын гишүүнд нэр дэвших насны хязгаарыг 35, 40 нас болгох талаар санал маш өндөр давтамжтай ирж байгаа.
Ер нь бол эрх баригч хүчин залуучуудын сонгох сонгогдох эрхийг хязгаарлах тухай байр суурь баримтлаагүй. Энэ асуудал шийдэгдээгүй яригдаж байгаа санал гэдгийг хэлмээр байна.
УИХ-ын гишүүн Л.Болд:
-Парламент бол ард түмний тусгал. Өнөөдөр хүн амын 70 гаруй хувь нь залуучууд боловч парламентад тэдний цөөхөн төлөөлөл бий. Эмэгтэйчүүд, үндэсний цөөнх, залуучууд, нам эвсэл гээд тал бүрийн төлөөл байх нь чухал. Харамсалтай нь дуулианыг далимдуулж цөөнхөө үгүй хийж байна.
Д.Лүндээжанцан гишүүн ард түмэн хүсч байна гэж худлаа ярилаа. Өнөөдөр дэлхий нийтийн хандлага залуучуудаа дэмжихэд чиглэж байгаа. Олон улсын парламентын холбооны зөвлөмжид 30-аас доош насны залуучуудыг нэр дэвшихэд 20 хувийн квот тогтоогооч ээ гэж заасан байгаа. Үүнийг дэлхийн 30 гаруй орон хэрэгжүүлээд явж байгаа гэв.
Хэлэлцэж буй асуудлаар нэмж асуулт асуух, үг хэлэх гишүүн гараагүй учир Д.Гантулга гишүүний чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжье гэсэн томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон 60 гишүүний 45 нь буюу 75 хувийн саналаар Д.Гантулгыг УИХ-ын гишүүнээс чөлөөллөө.
Тэрбээр Төрийн далбаандаа хүндэтгэл үзүүлж, УИХ-ын даргатай гар барьснаар чуулганы танхимаас гарав.
УИХ-ын гишүүн Д.Гантулга энэ сарын 11-нд чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын даргад өгсөн бөгөөд Төрийн Байгуулалтын Байнгын Хорооны өчигдрийн хуралдаанаар хүсэлтийг нь хэлэлцэж дэмжсэн юм.
Ийн УИХ-ын гишүүнээс чөлөөлгдсөнийхөө дараа тэрээр сэтгүүлчдэд ийм тайлбар өгсөн байна.
Д.Гантулга:Би асуудлаа хуулийн байгууллагаар шийдүүлнэ
-Одоо би жирийн иргэний хувьд асуудлаа хуулийн байгууллагаар шийдүүлнэ. Нийт сонгогчдоосоо хүлцэл өчиж байна.
-Асуудлын буруу, зөвийг хуулийн байгууллагаар тогтоолгосны дараа улс төрд эргэж ирэх үү?
-Улс төрд буцаж ирэх, явах гэх ойлголт УИХ-ын гишүүн байхаар хэмжигддэг гэж бодохгүй байна. Тиймээс тэр дундаа нийгэмд байгаа бодож санаж хийж бүтээх ажлууд маань үргэлжилнэ.
-Танд намын зүгээс шахалт үзүүлсэн үү?
-Энэ бол зөвхөн миний шийдвэр.
-Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хийх ажлуудаа амжуулж чадсан уу?
-Хэд хэдэн зүйл хийхийг бодож байсан. Би өөрөө тойргийг төлөөлдөг гишүүнээр хайрцаглаж болохгүй гэсэн байр суурьтай байдаг. УИХ-ын гишүүд зөвхөн тойргоо л төлөөлж байгаа учраас парламент дээр том улс орны хэмжээний төслүүд гацаж, тойргийн хэмжээний жижиг төслүүд ихэвчлэн шийдэгдэж, бүлэг фракц болдог асуудал байдаг. Тиймээс би тойргийн гишүүн биш УИХ-ын гишүүний хувьд бүтэн хардаг байх юмсан гэж бодож өнгөрсөн хугацаанд 21 аймгаа тойрч, залуучуудын хөгжлийн асуудал, гэр бүл, залуучуудын агентлагтай болсон, хуультай болсон гээд залуу гишүүний хувьд хийсэн гол ажлууд юм. Бусад асуудал нь хамтын цаг хугацааны явцад асуудал нь шийдэгдэнэ биз ээ.
Холбоотой мэдээллийг дор дарж уншина уу
Хэнтийн нөхөн сонгуулийн “зурлага”
Сэтгэгдэл байхгүй байна