Улаанбаатар хотын захирагч С.Батболдын санаачилгаар зохион байгуулагдаж байгаа Зүүн хойд Азийн хотуудын дарга нарын форум өнөөдөр “АСЕМ вилла” цогцолборт үргэлжиллээ.
Өчигдрийн хуралдаанаар хотууд бодлого, технологийн дэвшил, инновацийн мэдээллээ хуваалцсан бол өнөөдрийн хурлаар байнгын ажиллагаатай институци бий болгох, форумын үйл ажиллагааг тогтмолжуулах, хэлэлцэх сэдвийн хүрээг тэлэх тухай санаачлагч хотын саналуудыг хэлэлцэж, төгсгөлийн бичиг баримтаа гаргасан. Мөн форумд оролцож байгаа хотын дарга нар нууц санал хураалтаар дараагийн форум зохион байгуулах хотыг сонгосон юм.
Зүүн хойд Азийн хотын дарга нарын форум нь хотуудын тулгамдсан асуудлаар санал солилцож, туршлага хуваалцдаг бүс нутгийн хамтын ажиллагааны чухал арга хэмжээ болсныг С.Батболд дарга хэвлэлийн бага хурлын үеэр онцолсон. Тэрээр агаарын бохирдлоо бууруулахад бусад хотууд ямар туршлага инноваци нэвтрүүлж байгааг мэдэх, арга туршлага судлах, бодитой хэрэгжүүлэх боломж бий болж байгааг дурдаад “Нарийн бичгийн дарга нарын зөвлөл байгуулагдаж, байнгын үйл ажиллагаатай болгосноор ногоон хөгжил, ногоон өсөлт, нүүрстөрөгч багатай хотын хөгжлийн чиглэлээр хотуудын хийж байгаа ажил, үр дүнгийн талаар байнга мэдээлэл солилцож байх боломжтой болсон” хэмээн форумын ач холбогдлыг тодорхойлсон юм.
Улаанбаатар хотын санаачлагаар зохион байгуулагдсан Зүүн хойд Азийн хотуудын дарга нарын форум ийнхүү өндөр зохион байгуулалттай, үр дүнтэй зохион байгуулагдлаа. 6 улсын 18 хотын дарга, шийдвэр гаргагчид оролцсоноос Сөүл, Бээжин, Москва, Пхеньян, Токио зэрэг томоохон хотуудын төлөөлөгчид оролцсон нь их онцлог байсан бөгөөд зөвхөн хотуудын түвшинд төдийгүй дэлхийн цаг агаарын дулаарал, цаг уурын өөрчлөлттэй холбоотой асуудлын талаар өргөн хүрээтэй хэлэлцэж, агаарын бохирдлын асуудлыг шийдэхийн тулд гадна дотны санхүүжилт хөрөнгө оруулалтыг хэрхэн татах, санхүүжилт олж авахын тулд хотууд ямар идэвх санаачилгатай ажиллах ёстой тухай ярилцсан нь тун олзуурхууштай байлаа. Мөн агаарын бохирдлоо богино хугацаанд шийдэж чадсан Бээжин хот болон цаг уурын хувьд ойролцоо Москва хотууд арга туршлагаа хуваалцсан нь оролцогчдын сонирхлыг татсан юм.Зүүн хойд Азийн хотууд 4 жил тутамд нэг удаа Улаанбаатар хотод зохион байгуулагдахаар болж байна. Цаашдаа хэлэлцэх асуудал хамрах хүрээгээ өргөжүүлж, бүс нутгийн эдийн засаг, соёл, боловсрол, тогтвортой хөгжил гээд олон асуудлыг форумаар хөндөн ярилцаж, нэгдсэн шийдэл гаргах боломжтой хэмээн төлөөлөгчид санал нэгдлээ. Нууц санал хураалтаар Сөүл хот дараагийн буюу 4 дэх удаагийн форумыг зохион байгуулах эрхийг авч шилжин явах тугаа гардсан. Сөүл хотын дэд дарга Юн Жун Бён хэлэхдээ “Хотууд том жижиг гэлгүй бие биенээ дэмжиж хамтран ажиллаж чадвал асуудлаа бүрэн шийдвэрлэж чадах боломж байгааг олж харж байна” гэлээ. Тэрээр “4 дэх удаагийн форумаар агаарын бохирдлыг бууруулах асуудлаас гадна Зүүн хойд Азийн хотуудын хамтын ажиллагаа, энхтайвнаар зэрэгцэн орших, стратегийн түншлэлийг хөгжүүлэх зэрэг чиглэлээр ярилцаж, хамтын ажиллагаагаа улам бүр өргөжүүлэх асуудлаар хэлэлцэх болно” гэсэн юм.
Хотын мэрүүд өнөөдөр Говь компанийн үйл ажиллагаатай танилцаж, бэсрэг наадам үзэх төлөвлөгөөтэй ажээ.
.
Сэтгэгдэл байхгүй байна