“Жаст” группийн захирал асан Ш.Батхүүг эрүүл мэндийн шалтгаанаар сулласан гэсэн мэдээлэл өнгөрсөн долоо хоногийн сүүлээр гарсан. Гэхдээ түүнийг дахин үргэлжлүүлэн хорих эсэх талаарх асуудал анхаарал татаж байна.
Ш.Батхүүгийн цагдан хорих хугацаа өнгөрөгч зургадугаар 27-нд дууссан ч прокурор үргэлжлүүлэн хорих саналыг Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн аж. Энэхүү саналыг хүлээн авахаас шүүгч татгалзсан ч прокурор дүүргийн шүүхийн Ерөнхий шүүгчид гомдол гаргаж, зургадугаар сарын 29-нд Ерөнхий шүүгч шүүгчийн өмнөх захирамжийг хүчингүй болгосон. Харин Ш.Батхүүгийн өмгөөлөгч Б.Баатарсайхан нь тухайн шүүгчээс татгалзсан гомдол гаргасан. Уг гомдлыг ерөнхий шүүгч шийдэх бөгөөд хэзээ шийдэх хурлын тов гараагүй байна.
Сануулахад “Жаст” группийн захирал асан Ш.Батхүү өнгөрсөн дөрөвдүгээр сарын 1-нд Сангийн сайд асан С.Баярцогт, “Эрдэнэс Монгол” компанийн захирал асан Б.Бямбасайхан нарын хамт баривчлагдсан бөгөөд үүнээс хойш хоёр сар гаруйн хугацаа өнгөрөөд байна. Түүнтэй хамт баривчлагдсан нэр бүхий таван хүн болон дөрөвдүгээр сарын 10-нд баривчлагдсан Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нар суллагдаад байгаа юм. Харин одоо Ш.Батхүүг үргэлжлүүлэн саатуулах эсэх тухай асуудал хүлээлтийн байдалд байгаа бөгөөд шүүх хурлын тов хараахан гараагүй байна.
Сэтгэгдэл байхгүй байна