• Эхлэл
  • “ОНОС” төсөл  оносон шийдэл шүү

“ОНОС” төсөл  оносон шийдэл шүү

2018/07/22

 “Хаа хаанаа хариуцлагатай байцгаая“ гэж удирдах, удирдуулах явцад үл ойлголцлоос болж гарсан аливаа ажлын алдааны талаар хэлэлцэхдээ 30 хэдэн жилийн тэртээгээс л түгээмэл хэрэглэдэг болсон санамж. Мөн тэр үед “Хариуцлагагүйн зуд хаа сайгүй байна“ гэсэн хэлц ч түгсэн байлаа.

Харин өнөөдөр хариуцлага гэгчийн  олон тодотголоос нэг нь нийтэд зөв ойлголт өгч байна. Тэр нь цоо шинэхэн тодотгол буюу НЭХ юм. Нийгмийн эгэх хариуцлага гэсний товчлол юм л даа. Гэхдээ нэхэх давхар утгыг илэрхийлж байна гэж болох. Яагаад гэвэл цаг үеийн хөгжлийг урагшлуулахад аль ч салбарт НЭХ өөрөө нэхэгдэн үгүйлэгдэж эхэллээ. Арга ч үгүй зарим салбарт нь НЭХ бодитоор дүгнэгдэж, нийгэмд тогтсон байсан сөрөг дадал хэвшлийг өөрчилж эхэлж байна.

Энэ өөрчлөлтийг авчирч буй нэг  эерэг нөлөөтөн нь  Дэлхийн банк, Швейцарийн хөгжлийн агентлагийн дэмжлэгээр хэрэгжиж байгаа “Монгол Улсад нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх нь“ гэсэн төсөл юм. Түүний хүрээнд “ Олон нийтийн оролцоот сургууль“ гэсэн  “охин” төсөл нэлээд үр өгөөжтэй хэрэгжиж байгаа аж. Охин компани гэдгээр төсөөлүүлэн энд миний жишиж байгаа уг дэд төслийг Боловсролын Хамтын ажиллагааны Нийгэмлэг гэсэн ТТБ-ын зөвлөмж тусламжтайгаар Ховд аймгийн хэд хэдэн сургуульд хэрэгжүүлж байгаа юм билээ. Мөн Өвөрхангай аймагт ч нэгэн адил хэрэгжүүлж байгаа.

Энэ бүхний талаар нийгэм нийтэд мэдээлэгдсэн ч олонхийн ойголт нь төдийлөн батжаагүй ээ. Тиймээс Монголын Хэвлэлийн Хүрээлэнгээс хамтарсан сургалт зохион байгуулж, хэвлэл мэдээллийн ажилтан, сэтгүүлчдэд НЭХ болон “Олон нийтийн оролцоотой сургууль” төслийн талаар тодорхой тайлбар дэлгэрэнгүй мэдээллийг өгч, хэд хэдэн кейс дээр ажиллуулсан юм. Энэ үйл явц ганц удаагийнх биш. Орон нутгийн Хэвлэл мэдээллийн ажилтнууд, залуу сэтгүүлчид, Хэвлэл мэдээллийн зарим удирдах ажилтныг өргөн хүрээг хамарсан. Тэр нь оносон. Яагаад гэвэл “Олон нийтийн оролцоотой сургууль” /ОНОС/ нь улс, орны цаашдын хэрэгцээг хангахад чиглэсэн ирээдүй өөд хандсан маш их хэрэгтэй төсөл юм гэдгийг сэтгүүлчид сайтар ойлгосон байх зайлшгүй шаардлага байгаа.

Ирээдүй рүү хандсан гэж юугаа онцлоод байна гэвэл Ерөнхий боловсролын сургуулийг сонгон өсвөр үеийг сурч боловсроход нь тал талаасаа анхаарч, сургуулийн сургалтын орчны дэвшилд эерэгээр нөлөөлөх болсон нь нийгэм дэх хандлагын нэг өөрчлөлт, зөв зүг нь юм. Урьд өмнө нь Ерөнхий боловсролын сургуулийн тухайд суралцагчдын эцэг эх болон тухайн нутаг дэвсгэрийн төр, захиргааны байгууллага огт анхаардаггүй байсан гэвэл худлаа. Тэгж үгүйсгэхийг өнөө цаг өөрөө зорилгоо болгохгүй ээ. Тухайлбал түрүүчийн нийгэмд ажилтан албан хаагчдынхаа ажлын амжилтын үзүүлэлтийг хүүхдийнх нь сурлага, хүмүүжилтэй холбон дүгнэдэг байгууллага олон байсан. Нам засгаас гадна МХЗЭ-ийн байгууллага гэх олон нийтийн байгууллага ч сургууль болон сурагчид руу чиглэсэн ажил их өрнүүлж л байв. Гэхдээ өнөөгийн энэ НЭХ бол хамаарал агуулга, хэлбэрээрээ тэднээс тэс өөр юм.

Иргэд, Төр захиргааны байгууллага, Төрийн бус байгууллага, Хэвлэл мэдээллийн редакци, Хувийн хэвшлийнхэн эдгээрийн оролцоо жигд, эцсийн зорилго нь нэг байж НЭХ хэрэгжих билээ. Түүн лүгээ адилаар “Олон нийтийн оролцоотой сургууль” нь эдгээрийн хамтын ажиллагаа, зөв харилцан хамаарлаас уяатай байж бүрэн хэрэгжих төсөл юм. Энэхүү төслийг 2016 оны арваннэгдүгээр сараас эхлэн хэрэгжүүлж байгаа Ховдын зарим сургууль гэхэд “Үйл ажиллагаандаа эцэг эх, олон нийтийн бүтээлч оролцоог сайжруулах загварыг бий болгох” зорилтыг дэвшүүлсэн. Түүнээ хэрэгжүүлэхээр хичээцгээж байгаа аж.

Нэгэнтээ уг төслийн нээлттэй өдөрлөгийг Ховд аймгийн төвд зохион байгуулжээ. Тухайлбал: 2017 оны зургадугаар сарын 4-нд тус өдөрлөгийг хийж,уг төсөлд хамрагдсан сургуулиуд  хийж хэрэгжүүлсэн ажил үйлс, хүрсэн үр дүнгээ танилцуулж, цаашид амжилтаа хадгалан хэвшүүлэх арга замын талаар хэлэлцэн, иргэд, олон нийтэд мэдээлэл түгээжээ.

Тэр  өдөрлөгийг нээж аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди хэлсэн үгэндээ: "Олон нийтийн оролцоот сургууль" дэд төсөлд хамрагдсан аймгийн төвийн гурван сургууль, сумдын 7 сургууль нь эцэг эхчүүд, төр, төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн оролцоонд түшиглэн сургууль бүрийнхээ онцлогт тохирсон шинэлэг, үр дүнтэй загвар, брэнд ажлуудыг бий болгож, үйл ажиллагаандаа хэвшүүлсэн нь энэхүү төслөөс хүлээгдэж байсан үр дүнд хүрсэн гэж үзэж байна” гэжээ.

За ямарч байсан, Боловсролын Хамтын ажиллагааны Нийгэмлэг гэсэн ТТБ-ын зөвлөмжтэйгөөр, харамгүй өгөөжтэй гэж болохоор төсөл Ховдод үр дүнтэй хэрэгжиж байгаа нь сайшаалтай. Өвөрхангайд ч мөн өөрцгүй адилхан юм. Эдгээр нь “Анхаарлын төвд хүүхэд”, “Дунд дүнгийн цаана ноцтой дутагдал бий “ гэхчилдэг урьдын ул болсон хуурай лоозогнолын үеийнхээс огт өөр өрнүүн бодит үйлс юм.

 Ерөөс уул төслийн мөн чанарын талаар эрхэм уншигч таны  ойлголтод нэмэр гэж албан мэдээллийн нэг хэсгийг эш болгон энд сийрүүлье.

“Уг дэд төсөл хэрэгжиж буй сум, орон нутгийн бо­ловсролын үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхэд чадавхжсан иргэд, олон нийтийн бүтээлч оролцоо дээшилж, хүүхэд өсвөр үеийнх­нийг чанар­тай боловсрол эзэмших, тэдний хөгжил төлөв­шил, амьдрах ур чадварыг дэмжихэд орон нутгийн иргэд анхаарлаа хандуулдаг, сургуультайгаа байнга хамтран ажиллаж, эгэх хариуцлагыг өөртөө төлөвшүүлэх болно. Ингэснээр ЕБС-иуд нь орон нутгийнхаа хүний хөгжил, гэгээр­лийн төв болох эхлэл тавиг­дах болно. Сургууль бүр дэд төслөө хэрэгжүүлэхийн өмнө орон нутгийнхаа төр, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн төлөө­лөл, багш, суралцагч, эцэг эхийн төлөөлөлтэй хамтран сургуулийн­хаа олон нийтийн оролцооны өнөөгийн байдал, онцлог, тул­гамдаж буй асуудлыг “Олон нийтийн оролцоот сургууль”- Олон улсын чанарын стандартын аргачлалаар үнэлэв. Уг тулгамдаж буй асуудлаасаа хоорондоо ярилцаж нэг асуудлыг сонгон, үр дүн­тэй шийдэх, шинэлэг загварыг боловсруулан, туршин хэрэгжүү­лэх юм. Одоогийн байдлаар сургууль бүр өөрсдийн нэрийн хуудас болсон “ЗАГВАР” бүхий шинэлэг ажлын саналуудаа боловсруулж байна.” Үүнчилж үйл ажиллагаа нь цаашаа өргөжин өдгөө илүү үр дүнд хүрч буй тухай шинэ сэргэг мэдээ ч зарим хэвлэлээр түгж байгаа. Тэр болгоныг та бүхэн уншиж үзэж л байгаа.Харин энд монгол хүний зүйрлэн ойлгох, хэлбэр дагуулан утга шилжүүлэн ухах онцлогтой уялдуулан Нийгмийн эгэх хариуцлага / НЭХ/, “Олон нийтийн оролцоот сургууль” /ОНОС /, Боловсролын Хамтын ажиллагааны Нийгэмлэг / БХАН / гурвын товчлолыг ойролцоо дуудлагат үгээр төлөөлүүлэн уншигч зоноо уриалъюу.

Нээлттэй энэ нийгэмд  НЭХсээр “НЭЭХ” юм бол хүн төвтэй хөгжлийг эрчимжүүлэх ОНОСон “ОНЬС” тайлагдан эрин цагийн баяр бахдал ” БаХАН” тэр болно шүү !

“Олон нийтийн оролцоотой сургууль “ төсөл бол ОНОСон шийдэл шүү, дэмжээрэй !

                                                                         Б.Цогзаяабаатар                                                    

 

 

 

 

 

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна