Шинжлэх ухааны академийн Физик технологийн хүрээлэнгээс зохион байгуулж байгаа “Байгалийн ухааны орчин үеийн ололтууд ба шинжлэх ухааны боловсрол дахь дэвшилтэт технологи” (Modern trends in natural science and advanced technologies in science education ) сэдэвт олон улсын хурал өнөөдөр болж байна.
Энэхүү хурлын гол зорилго нь шинжлэх ухаан, технологи, инновацийг дэмжих бодлогын нэг хүчин зүйл болох байгалийн ухааны ололтыг их дээд сургуулийн сургалтанд хэрхэн нэвтрүүлэх, орчин үеийн сургалтын дэвшилтэт технологи, Монгол улсын хөгжлийн болон мэргэжлийн боловсон хүчний нөөцийн зах зээлийн шаардлагад хэрхэн нийцүүлэх зэрэг асуудлыг хэлэлцэнэ.
Эрдэм шинжилгээний хурлын онцлог нь манай орны хувьд нэн шаардлагатай асуудлууд, тухайлбал, байгалийн ухааны салбарын эрдэм шинжилгээний байгууллага хүрээлэнгүүд, их дээд сургуулиуд хоорондын холбоо, хамтын ажиллагааны талаар туршлага солилцох, залуу эрдэмтэн судлаачдад судалгааны ажлуудаа гадаад эрдэмтдэд танилцуулах, шинэ санаа судалгааны арга зүйг солилцох зэрэг өргөн хүрээг хамарч байгаагаараа онцлог юм.
Гурван өдөр үргэлжлэх энэхүү хуралд дээд боловсрол салбарын дэвшилтэт технологи, биотехнологи, цөмийн технологи, нанотехнолги, материал судлал зэрэг орчин байгалийн шинжлэх ухааны чиглэлээр илтгэх тавих 70 орчим төлөөлөгчид оролцож байгаагаас Австри, БНСУ, БНХАУ, Израйль, ОХУ, Тайван, Японы 30 орчим нэртэй эрдэмтэд, профессор өөрсдийн судалгааны үр дүнгээ илтгэх юм.
Австри улсын Вена хотын Байгалийн нөөц ба Амьдралын шинжлэх ухааны (University of Natural Resources and Life Sciences) их сургуулийн профессор Ф. Лиебнер (F.Liebner),
Солонгос улсын Сөулын их сургууль (SNU)-ийн профессор И. Хванг (Il Soon HWANG), Инчеоны үндэсний их сургууль (INU)- ийн профессор Ж. Канг (Joonhee Kang), Доржийн Одхүү (D. Odkhuu), Японы Токио Гакугей их сургууль (Tokyo Gakugei University) –ийн профессор Х. Нита ( H.Nitta), Японы Токай их сургууль (Tokai University)-ийн профессор А. Ито (A.Ito), Израйлийн Carasso шинжлэх ухааны паркийн мэргэжилтэн доктор Н. Фарвиаш (N. Farbiash), ШУА-ийн ФТХ-ийн Лабораторийн эрхлэгч, академич Ц. Баатар зэрэг нэртэй эрдэмтэд урилгаар оролцож илтгэл тавьж байгаа юм.
Сэтгэгдэл байхгүй байна