• Эхлэл
  • Ард түмний хүссэн шударга ёс ба Ерөнхийлөгчийн томилгоо

Ард түмний хүссэн шударга ёс ба Ерөнхийлөгчийн томилгоо

2019/04/24

Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар нийгэмд шударга ёс тогтоож, нийгмийг авлиббгаас ангижруулах том зорилго тавин ажиллаж байна. Ард түмэн ч гар газар, хөл хөсөр, амар жимэр амьдран суухыг хүсч төрийн гурван өндөрлөгт бүхий л итгэл найдвараа тавиад бүлтийтэл харж сууна. Ерөнхийлөгч маань хэлсэн амандаа хүрч шударга ёсыг тогтоохын тулд өнөөдөр хуулийн байгууллагын удирдлагыг хугацаанаас нь өмнө чөлөөлөх, огцруулах тухай хуулийн төсөл боловсруулж, УИХ-аар батлуулаад авсан. Үүний ачаар зургаан жилийн хугацаатай томилогддог Улсын дээд шүүгч, Ерөнхий прокурор, АТГ-ын дарга нар цөм хугацаанаасаа өмнө ажлаасаа чөлөөлөгдөөд байгаа билээ. Шударга ёсны хэмжүүр болсон эдгээр албан тушаалтанд Ерөнхийлөгч өөрийн хүмүүсийг томилж, өөрийн шударга ёсыг тогтоохоор зэхэж буй нь энэ юм. Гэхдээ энэ бол үе үеийн Ерөнхийлөгч нарын хамгийн түрүүнд анхаарал хандуулдаг томилгоо гэдгийг энд онцолмоор байна. Х.Баттулга Ерөнхийлөгч мөн тэдний адил өөрийн хүмүүсийг дээрх албан тушаалуудад томилъё гэхээр хуулинд заагдсан хугацаа саад болоод байж. Ингээд л өөрийн замыг шулуутгахын тулд шүүгч, прокурор, АТГ-ын даргыг ҮАБЗ-ийн санал болгосноор хугацаанаас нь өмнө чөлөөлөх боломжийг бүрдүүлсэн хэрэг. Үнэхээр тэд хууль зөрчсөн, авлига авсан төрийн өндөр албан тушаалтнуудыг хүний өөрийн гэлгүй цэвэрлэж магадгүй л юм.

Гэхдээ Ерөнхийлөгч Х.Баттулгын томилсон эдгээр хүмүүс эргээд Х.Баттулга болон У.Хүрэлсүх нарт хариуцлага тооцож чадах уу гэдэг нь эргэлзээтэй юм. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч Х.Баттулга нь ҮХАА-н сайд байхдаа Зам тээврийн сайд асан А.Гансүхтэй бүлэглэн Концессын тухай хуулийг зөрчин Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замыг барих шийдвэр гаргуулж, санхүүжилтийг гүйцэтгэлээс зөрүүтэй гаргуулж 720 тэрбум төгрөг завшсан гэх үйлдэлд холбогдон шалгуулж байсан түүхтэй. Харин өнөөдөр прокурорын орлогчоор томилогдоод байгаа С.Алиманцэцэгийг Зам тээврийн сайд асан А.Гансүхийн хүн гэх шуум явж байгаа билээ. Тэгэхээр С.Алиманцэцэг прокурор ямар нэг байдлаар Ерөнхийлөгч Х.Баттулгад хир халдаахгүй байх үүрэг авсан нь дамжиггүй байна.

Прокурорын тухай хуулийн 3.1.4-т "Прокурорын үйл ажиллагаа хараат бус, бие даасан байх" гэдэг заалт бий. Гэвч энэ заалт өнөөдөр нэр төдий зүйл болж, өөрийг нь томилсон эздэд үйлчилдэг албан тушаал болж хувирчээ. Үүний нэг тод жишээ бол саяхан Ерөнхийлөгч Х.Баттулга иргэн Ц.Элбэгдоржийг шалгаж өгөхийг ерөнхий прокурор асан М.Энх-Амгалангаас шаардаад ам руугаа алгадуулсан явдал юм. "М.Энх-Амгаланг зангарагтай байлаа, браво" гэх хүмүүс олон байсан. Гэвч учир мэдэх хүмүүс "М.Энх-Амгалан өөрийг нь өндөр албанд томилсон эзэндээ үнэнч байх гэдгийг жинхэнэ утгаар нь харуулсан явдал болоод өнгөрлөө" гэж дүгнэж байх жишээтэй. Түүх сөхвөл, М.Энх-Амгалан прокурорыг Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж 2015.02.18-ны өдөр томилсон байдаг юм билээ.

Ганцхан прокурорын томилгоон дээр жишээ татахад ийм байна. Ингэж төрийн жолоо атгасан эрхмүүд өөрийн итгэлт хүнээр, өөрийн мэдэх шударга ёсыг тогтоолгодог жишээ манайд амь бөхтэйгээр бүрэлджээ.

 

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн томилгоо

Монгол Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан - (Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж 2015.02.18-ны өдөр томилов)

Орлогч прокурор Г.Эрдэнэбат - (Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн санал болгосноор 2013.01.08-ны өдөр томилов)

Орлогч прокурор Г.Амгаланбаатар - (Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж санал болгосноор 2016.12.28-ны өдөр томилов)

АТГ-ын дарга Х.Энхжаргал - (Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж 2016.07.08-ний өдөр томилов)

Улсын дээд шүүгч Ц.Зориг - (Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж 2010.11.05-ны өдөр томилов)

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын томилгоо

Монгол Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан - (Ерөнхийлөгч Х.Баттулга 2019.04.05-ны өдөр томилов)

Орлогч прокурор С.Алиманцэцэг, М.Чинбат нарыг Ерөнхийлөгч Х.Баттулга санал болгож, 2019.04.18-ны өдөр томилов)

Улсын дээд шүүхийн нийт гишүүдийн олонхын шийдвэрээр нэр дэвшүүлсэн Д.Ганзоригийг Улсын дээд шүүгчээр томилох эсэхийг Ерөнхийлөгч Х.Баттулга шийднэ.

АТГ-ын даргад нэр дэвшээд буй С.Ганбатыг Ерөнхийлөгч Х.Баттулга санал болгоод байна.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин