Б.Хурц & Ц.Нямдорж

2019/04/25

ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг энэ сарын 23-ны орой ЭЦГ-аас саатуулсан мэдээлэл энэ долоо хоногийн гол сенсациудын нэг байлаа. Түүнийг баривчлаагүй, мэдүүлэг авахаар дуудсан гэсэн мэдээлэл бас гарсан.  Үүний дагуу тэрбээр тайлбар өгөхөөр очсон ч улсын нууцтай холбоотой асуудлуудыг хөндсөн учраас “ТЕГ-ын дарга Д.Гэрэлийн гарын үсэг бүхий зөвшөөрөлгүйгээр би ямар ч мэдүүлэг өгөхгүй” гэжээ. Чухам энэ нь ТЕГ-ын экс даргыг 48 хоногийн хугацаатайгаар саатуулах шалтаг болсон бололтой. Б.Хурцыг үргэлжлүүлэн саатуулах эсэхийг өнөөдөр шийднэ.

Түүнийг С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт яллагдагчдыг эрүүдэн шүүсэн асуудлаар шалгаж байгаа гэх мэдээлэл байгаа юм. Энэ асуудлаар хуулийн байгууллагын дөрвөн ажилтанг саатуулан шалгаж байгаа юм. Яг үүнтэй зэрэгцээд Э.Бат-Үүлийг баривчлах гэж байна, Ц.Нямдоржийг эрүүгийн цагдаагийн газраас шалгаж байна гэсэн мэдээлэл гарсан ч Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж “Тагнуулынхан надтай уулзаагүй удаж байна. Намайг шалгаж байгаа гэсэн мэдээлэл гарахаар нь асуусан чинь үгүй л гэж байна” гэсэн хариулт өгсөн билээ. Харин Э.Бат-Үүлийн тухайд мөн тэрээр ташаа мэдээлэл байна гэж залруулсан. Гэхдээ эрхэм сайд “одоохондоо Э.Бат-Үүлийг баривчлаагүй” гэсэн үг унагасан нь нэгийг өгүүлж байх шиг.

Ийн Б.Хурцыг саатуулсан сургаар зарим хүмүүс түүнийг Элчин сайдаар томилогдсон эсэх асуудлыг санагалзав. УИХ 2017 оны арванхоёрдугаар сард Б.Хурцыг БНСУ-д суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар томилохыг зөвшөөрсөн ч Ерөнхийлөгч энэ асуудлыг түдгэлзүүлснээр өнөөдрийг хүртэл БНСУ-д суух Элчин сайдлын асуудал шийдэгдээгүй байгаа. Ийн хоёр жил дамнан Элчин сайд томилохгүй байгаа нь хоёр улсын харилцааны асуудалд ч нөлөөлөх вий гэсэн шүүмж өрнөж байсан. Б.Хурц ТЕГ-т ажиллаж байхдаа С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт холбогдуулан иргэн Б.Энхбатыг гурван улс дамжуулан хулгайлж авчирсан асуудлаар Герман улсад саатуулагдаж байгаад ирснийхээ дараахан ТЕГ-ийн орлогч даргаар томилогдож байсан юм.

Ийн сүр дуулиантай саатуулагдаж байгаа Монгол Улсын генерал, ТЕГ-ийн дарга асан Б.Хурцыг үргэлжлүүлэн хорих эсэх тухай асуудлыг өнөөдөр шийдвэрлэнэ. Хэрвээ хугацаа сунгах бол Монголын генералуудын өдрийг урьдчилан хорих төвд өнгөрөөх нь ээ.

А.Ану


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин