• Эхлэл
  • Н.Цэрэнбат сайдын авсан зээл нь 4.2 тэрбум төгрөгт хүрэв үү

Н.Цэрэнбат сайдын авсан зээл нь 4.2 тэрбум төгрөгт хүрэв үү

2019/05/02

“ЖДҮ-д нэр холбогдсон 49 гишүүн хэн байв” гарчигтай нэрсийн жагсаалт “Өдрийн сонин”-ы энэ сарын 3-ны өдрийн дугаарт нийтлэгдсэн билээ. Уг жагсаалтад ЖДҮХС-гаас эрх мэдэл, албан тушаалаа ашиглан өөрийн болон хамаарал бүхий компанидаа их хэмжээний зээл авсан 49 гишүүний нэрийг нийтэд ил зарласан юм. Тэгвэл уг жагсаалтын дөрөвдүгээрт, УИХ-ын гишүүн, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат бичигдэж байна. Тэрбээр өөрийн хамаарал бүхий гурван компанид нийт нэг тэрбум 10 сая төгрөгийн зээл гаргаж өгсөн нь илэрлээ. Тодруулбал, 2018 оны долдугаар сарын 5-нд “Баруун загвар” ХХК-д 160, мөн оны долдугаар сарын 9-нд “Баян таван тэс” ХХК-д 250, мөн оны есдүгээр сарын 21-нд “Аргалантын хур” ХХК-д 600 сая төгрөг гээд нийт нэг тэрбум 10 сая төгрөгийн зээл гаргуулж авсан байгаа юм. Энэ бол сайдтай хамаарал бүхий зээл гэдэг нь албан ёсоор баталгаажсан буюу хуулийн байгууллагынханд ил мэдэгдэж буй компаниуд юм.

Тэгвэл ЖДҮХС-гийн зээлийн дуулиан үүсэх үед Н.Цэрэнбат сайдтай холбоотой ахиад гурван ч компанийн нэр дурдагдаж байсан. Тодруулбал, УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан 2016-2017 оны түүний ХОМ-т дурдсан “Булган буудайн түрүү” ХХК нь ЖДҮХС-гаас 600 сая төгрөгийн зээл авсан нь тодорхой болсон гэж хэвлэлээр бичигдэж байв. Мөн түүний хувь эзэмшдэг гэх “Хархираан хөгжил” ХХК нь нэг тэрбум, “Наму дэвжих” ХХК 1.6 тэрбум төгрөгийн зээл авсан гэх мэдээлэл тархаад байсан юм. Ямартай ч одоогоор Н.Цэрэнбат сайдтай холбоотой зургаан компанийн нэр яригдаж байгаа бөгөөд тэдгээр компанийн авсан нийт зээлийн хэмжээ 4.2 тэрбум төгрөгт хүрээд байна.

Тэгвэл өнөөдөр УИХ-ын нэр бүхний 49 гишүүн ЖДҮХС-аас өөрийн болон хамаарал бүхий компанидаа эрх мэдэл, албан тушаал, мэдээлэлд ойр байдлаа ашиглан бага хүүтэй зээл авсан дуулиан “түр” намжиж, АТГ шалгаж, тогтоох ажлаа үргэлжлүүлж буй. Хамгийн сүүлд гэхэд, УИХ-ын гишүүн Г.Солтан, Л.Энхболд, Д.Дамба-Очир нарын хэргийг шалгаж, шүүхэд шилжүүлэх саналаа прокурор хүргүүлчихсэн байгаа. Тэгвэл тэдний араас дөрвөн хүнийг яллагдагчаар татахаар болсон гэнэ. Тодруулбал, ХХААХҮЯ-ны ТНБД Д.Энхбат, Н.Цэрэнбат сайдын нэр холбогдоод буй “Наму дэвжих” ХХК-ийн захирал Ш.Мөнхбаяр, “Топ мах боловсруулах” үйлдвэрийн Б.Мөнхтулга, “Жаргалант харвест” ХХК-ийн захирал Л.Батсүрэн нарыг тус тус яллагдагчаар татахаар болсон байна.

Яллагдагчаар татагдахаар болсон “Наму дэвжих” ХХК-ийн захирал Ш.Мөнхбаярын тухайд БОАЖ-ын сайд Н.Цэрэнбаттай холбоотой гэх баримт байгаа аж. Түүний хувь эзэмшдэг байсан гэх уг компани нь ЖДҮХС-аас 1.6 тэрбум төгрөгийн зээл авсан. Гэвч Н.Цэрэнбат сайд тухайн үед энэхүү компанийг “Өөрийн хамаарал бүхий этгээд биш. Ш.Мөнхбаяр гэх хүнд худалдсан” гэдэг тайлбарыг өгч байсан юм. Түүнээс гадна сайдын эзэмшдэг “Булган буудайн түрүү” гэх компани ч мөн хэд хэдэн сангаас зээл авсан асуудал сөхөгдөхөд, Н.Цэрэнбат сайд мөн л уг компанийг “Би эзэмшдэггүй, өөр хүнд худалдсан” гэсэн тайлбар өгсөн байдаг. Гэхдээ тэрбээр 2015, 2016, 2017 оны ХОМ-тээ “Булган буудайн түрүү” ХХК-ийг эзэмшдэг гэдгээ албан ёсоор мэдүүлсэн байдаг. Харин 2018 оны ХОМ-т нь энэ компанийнх нь нэр байхгүй болсон байлаа. Мэдээж хэрэг, Н.Цэрэнбат сайдын ХОМ-т нэр дурдагдсан компаниуд байхгүй учраас түүнийг ЖДҮХС-аас зээл авсан асуудалд шууд холбож үзэж болохгүй нь дамжиггүй. Гэвч Улсын бүртгэлийн ерөнхий газрын бүртгэлийг шүүж үзвэл, “Наму дэвжих” ХХК-ийн захирал Ш.Мөнхбаяр өөрийн нэр дээрх хоёр компаниа анхнаасаа өөрөө үүсгэн байгуулсан байгаа юм. Өөрөөр хэлбэл, “Намуу дэвжих” ХХК-ийг Ш.Мөнхбаяр нь 2007 онд байгуулсан бол “Булган буудайн түрүү” ХХК-ийг 2018 оны дөрөвдүгээр сарын 3-ны өдөр Ш.Мөнхбаярт шилжүүлсэн байдаг. Ямартай ч Н.Цэрэнбат сайдын эзэмшиж байсан компаниудыг худалдаж авсан гэх Ш.Мөнхбаярыг АТГ-аас яллагдагчаар татахаар болсон гэнэ. Харин Н.Цэрэнбат сайд хэрэгт холбоотой эсэхийг хуулийн байгууллага эцэслэх нь цаг хугацааны асуудал боллоо. Учир нь тэрбээр ЖДҮХС-гаас зээл авчхаад ганцаараа шахам сайдын сэнтийдээ үлдэж, уснаас хуурай гарч чадсан овсгоотой нэгэн юм. Ийн Увс аймгаас сонгогдсон Н.Цэрэнбат сайд өөр яамнаас өлхөн 4.2 тэрбум төгрөгийн зээл авч чадаж байгаа юм хойно өөрийнхөө яамнаас хэдэн тэрбум төгрөгийг хувийнхаа 26 компанидаа хуваарилсан бол гэсэн хардлага ч олон нийтэд төрж буй. АТГ-аас Н.Цэрэнбатыг яамандаа засвар хийх, хурлын танхимын тоног төхөөрөмж нийлүүлэх 200 орчим сая төгрөгийн тодорхой хэсгийг ном, товхимлын мөнгө мэтээр халхавчлан тус яаманд хэрэгжиж буй төслийн мөнгөнөөс “Эрдэнэзул” ХХК-ийн данс руу шилжүүлж, бэлэн мөнгө болгон гарган авсан гэж мэдээлж байсан ч тэгсхийгээд мартагдсан.

БОАЖЯ-ны сайд Н.Цэрэнбат нь 30 гаруй насандаа 30 орчим компанитай, Монгол Улсын тэргүүлэх салбарыг толгойлж яваа эрх мэдэлтэй цорын ганц сайд. Түүний 2016-2018 оны АТГ-т өгсөн ХОМ-т өөлөх зүйл нэгээхэн ч үгүй. Гэхдээ ХОМ-ийг нь шүүхэд нэг зүйл анхаарал татаж байлаа. Энэ нь 2015 онд Н.Цэрэнбатын жилийн нийт орлого 2.5 тэрбум төгрөг байсан бол 2016-2018 онд 23 сая төгрөг болтлоо буурсан байгаа нь сонирхол татаж байгаа юм. Жилд 2.5 тэрбумын орлоготой бизнесмэн залуугийн хөрөнгөтэй гишүүн болмогцоо 23 сая төгрөг болж буурдаг нь ямар учиртай вэ. Түүнээс, сайд болж дэвшээд хөрөнгөд нь нэг зуслангийн газар нэмэгдэж, хувь эзэмшдэг 26 компаниас нь нэг компани хасагдсанаас бусдаар бүгд хэвээр байгаа юм. Өөрийн нэр дээрээ 26 компанитай хүн уг нь төрөөс гар харахааргүй сайхан амьдарч болмоор. Гэвч ямар эрх ашиг байгаа учраас сайдын суудалдаа шигдээд байдаг юм бол. Ямартай ч Toyota, Land Cruiser 200- 1,Lexus,RX 400 нэг автомашинтай, хадгаламждаа 100 сая төгрөгтэй, гурван орон сууцтай баян сайдын “балгийг” бүр сайн шалгавал “Но” илрэх нь гарцаагүй.

ЭХ СУРВАЛЖ:"АРДЧИЛАЛ ТАЙМС" ҮНДЭСНИЙ ӨДӨР ТУТМЫН СОНИН. Б.Бямбасүрэн

 


Сэтгэгдэл байхгүй байна