• Эхлэл
  • Эрүүдэн шүүсэн хэрэг хийгээд үндэсний аюулгүй байдал

Эрүүдэн шүүсэн хэрэг хийгээд үндэсний аюулгүй байдал

2019/05/08

Улс орныг аюулаас хамгаалах ажлыг мэргэжлийн байгууллага, мэргэжлийн тогтолцоо хариуцаж байж ард иргэд нь айдас хүйдэсгүй амьдрах нөхцөл бүрдэх ёстой. Цэгцэрч тогтворжсон нийгэмд аюулаас хамгаалах байгууллага хуулиар хүлээсэн үүргээ яаж биелүүлэхээ ард түмнээс асуудаггүй, ард түмэн ч ажил үүргээ гүйцэтгэхэд нь саад тотгор учруулдаггүй. Тэр тусмаа ард түмний төлөөлөл болсон төрийн түшээд энэ ажлыг эрхлэх зөвшөөрөл лиценз олгодоггүй, би лиценз олгоогүй гээд тэд ажил үйлсэд нь садаа болдоггүй. Ийм нийгэмд хуулийг дээдэлж, хуулийн өмнө бүгд тэгш эрхтэй байдаг.

Монголын зарим улстөрч өөрсдийн явцуу эрх ашигт хохиролтой санагдсан асуудал болгонд хөндлөнгөөс оролцож, зайлшгүй явагдах ёстой үйл явцыг хорлон саатуулдаг амьд бурхад болчихсон тухай олон хүн бичиж ярьдаг. Энэ гаж буруу үзэгдэлөнөөдөр аюултай түвшинд хүрчихэж, нотолгоо нь аюулаас хамгаалах байгууллагууд улс төрчдийн адайр зан авир, олон ааш маягт дагалдан зохицохгүй бол удирдлагыг нь шахан хавчиж, байгууллагыг нь золиосонд гаргадаг явдал болж байна. Аюулаас хамгаалах байгууллагууд өөрсдийн дотоод хяналт шалгалтаар олж илрүүлсэн эрүүдэн шүүсэн хэргийг улс төрчид хувийн өшөө авах хэрэгсэл болгон ашиглаж,тэдний даалгавраар ажил үүргээ гүйцэтгэж байсан тусгай албаны ажилтнуудыг,тухайн үед тагнуулын байгууллагын дарга байсан хүнийг хүртэл барьж хорив. Улс төрчдийн сүрдүүлгэнд өртсөн аюулаас хамгаалах тогтолцоо үлбэгэр сул байх нь гарцаагүй, ийм тогтолцоо улс орны ирээдүйд л лав ашиггүй юм. Аюулаас хамгаалах байгууллагад хэн нэгэн улс төрч үүрэг өгөөд улс төрийн дайсныхаа эсрэг, улс төрийн ч юу байхав, хувийн эрх ашигтай нь зөрчилдсөн хэн хүний эсрэг хөдөлгөдөг болчихвол энэ улс орон өөрийгөө хамгаалж чадахгүйд хүрнэ.Хамгаалдаг тогтолцоо нь байхгүй болчихвол ард иргэд өөрсдөө хамгаалах гэж нэг оролдох байх, гэхдээ ийм оролдлого юунд хүргэдгийг харуулсан жишээ бэлээхэн байна.

Үндэсний аюулгүй байдлын талаарх маргаан мэтгэлцээнийг бүх түвшинд тогтмол явуулж байх хэрэгтэй боловч улс үндэсний аюулгүй байдлыг хангах ажлыг зөвхөн аюулаас хамгаалах чиг үүрэгтэй мэргэжлийн байгууллагууд хийж гүйцэтгэх ёстой юм. Улс орноо хөгжүүлэх болон аюулгүй байдлаа баталгаажуулах хоёр зорилт бие биентэйгээ зөрчилдөх биш, бие биенээ нөхөх зарчмаар тавигдсан байх ёстой. Ингэж байж ард иргэдээ амгалан тайван байлгаж, амьдрах нөхцлийг нь сайжруулж, ардчилсан үнэт зүйлсийг хамгаалах нөхцөл бүрдэх юм. Эдийн засгийн өсөлт улс орноо хамгаалах сайн хэрэгсэл гэдгийг бид сайн ойлгодог боловч ард түмний ядуу зүдүү байдал, ажилгүйдэл зэрэг нийгмийн асуудлыг үндэсний аюулгүй байдал гэдэг ойлголтоос ангид тусад нь авч үзсээр ирсэн.

Гэвч цаг хугацаа өөрчлөгдөж байна. Ард түмний ахуй амьдрал, тэдний үзэл бодлын чиг хандлага улс орны дотоод асуудал биш, гадаад аюулгүй байдалд нөлөөлөх хүчин зүйл болтлоо ач холбогдол нь өсөн нэмэгджээ. Ард түмний төлөөлөл болсон төрийн түшээдийн ухамсартай болон ухамсаргүй буруу зөрүү үйлдэл заримдаа үндэсний аюулгүй байдалд заналхийлэх хэмжээнд хүрч, хэдэн үеэрээ засч залруулахын аргагүй хортой үр дагавар авчирч мэдэхээр болжээ.

Өнөөдрийн ертөнцөд дэлхийн нөөц баялагийг эзэмшихийн төлөөх тэмцэл ид өрнөж, түүхий эдийг хууль ёсоор нь худалдаж авахаас эхлээд зэвсэгт түрэмгийлэл үйлдэх хүртэл бүх арга хэрэгсэлийг ашиглаж байна. Улс орнууд үндэсний ашиг сонирхол, давуу байдлаа хамгаалахын тулд дээд зэргийн прагматик хандлага баримталж, заримдаа илэрхий хувиа хичээсэн бодлого явуулж байна. Өмнө нь далд байсан, ядахдаа нууж хаахыг оролддог байсан энэ хандлага өнөөдөр нэгэнт ил тод зарлагдах болжээ. Ингэхдээ хүчтэй улсууд улс хоорондын харилцаанд давхар стандарт тогтоож, чөлөөт мэдээллийн хэрэгсэлийг ашиглан нийгмийн сэтгэлзүйд нөлөөлөх замаар өөрсдийн улс төр, эдийн засгийн болон бусад зорилтыг хэрэгжүүлж байна. Сонин хэвлэлээр гарч буй мэдээллийн ихэнх нь нийгмийн ухамсарт нөлөөлөх зорилготой гадаадын байгууллага, тэдний төлөөний хүмүүсийн идэвхтэй арга хэмжээний бүрэлдхүүн хэсэг гэж үзэх сэжүүр ч байна. Сонгодог ойлголтоор үүнийг мэдээллийн дайн гэж нэрлэдэг. Манай улсын эсрэг хоёр хөрш төдийгүй гуравдагч хөршүүд ч ийм халдлага хийдэг байж болзошгүй гэсэн таамаглал дэвшүүлж, түүнийгээ шалгаж тогтоохявдал зөвхөн аюулаас хамгаалах байгууллагын хийх ажил юм.

Мэдээллийн технологийн өндөр хөгжилтэй холбоотойгоор дэлхий дахины нөхцөл байдал хурдан түргэн өөрчлөгдөж, төр засгийн удирдлагад шуурхай шийдвэр гаргах цаг хугацаа улам хомс болж байна. Олон тооны эх сурвалжаас авсан их хэмжээний мэдээллийн урсгалыг ангилж боловсруулаагүй тохиолдолд тэр нь цэгцтэй мэдлэг болохгүй, харин ч ирээдүйн хөгжлийн талаарх таамаг төсөөллийгбүрхэгдүүлж, ийм тодорхойгүй байдлын улмаас төрийн тогтолцооны тууштай үйл ажиллагаа доголдож, үүнд нөлөөлдөг сөрөг хүчин зүйлүүдийг арилгах үр ашигтай, рациональ арга хэлбэрийг өөрсдөө тодорхойлох боломжгүй болж байна. Үүнээс үүдэн төр, засгийн удирдлагын алдаанаас үүдэх хохирлын хэмжээ хэд дахин ихсэж, зарим тохиолдолд засч залруулахын аргагүй болох хандлагатай байна. Аюулаас хамгаалах байгууллагын дүн шинжилгээний ажлын зорилго нь ийм хохирлоос сэргийлэх явдал юм.

Баялагийн тэгш бус хуваарилалтаас үүдсэн даяаршлын эсрэг хандлага манай улсад экологийн экстеризмын хэлбэрээр илэрч, тэр нь байгалийн баялагийн төлөө өрсөлдөгч хүчнүүдийн хувьд нийгмийг тогтворгүй байлгах, улс орныг технологийн хөгжлөөс хоцрогдсон хэвээр нь хадгалахад чиглэсэн өрсөлдөөний хамгийн үр ашигтай арга хэлбэр болж, мэдээллийн дайнд ашиглагдажбайж болзошгүй байна. Нийгэмд үймээн самуун дэгдээж, олон нийтийн төр засагтаа итгэх итгэлийг аажмаар сулруулж, эцэст нь нийгмийн сэтгэлзүйг төрийн эсрэг бүрмөсөн чиглүүлэхийн тулдтерроризм, экстермизм байхгүй улс оронд экологийн салбарт нь терроризмын үйл ажиллагаа нэвтрүүлдэгарга богино хугацаанд үр дүнгээ өгдөг болохыг харуулсан жишээ бэлээхэн байна. Хэрэв манай улсын эсрэг үйл ажиллагаа явуулдаг гадаадын тусгай албад байдаг бол энэ аргыг манай улсад хамгийн сайн тохирох хувилбар гэж үзэж таарна. Үүнийг шалгах тогтоохын хажуугаар ямар нэгэн улс орон манай улсын эсрэг дайсагнасан үйл ажиллагаа явуулж байж магадгүй гэсэн ор үндэслэлгүй сэжиг таамаг гарах тоолонд түүнийг цаг хугацаанд нь арилгаж байх явдал аюулаас хамгаалах байгууллагын хийх ажил юм.

Энэ бүх ажил улс төрчдийн явцуу эрх ашгаас үл хамааран тодорхой зорилготой,төлөвлөгөөтэй, дэс дараатай, тогтмол хийгдэж байх ёстой, олон нийтийн санаа бодол ч энд нэг их хамаатай биш. Гэтэл ард иргэдээ амгалан тайван байлгаж, хуулийн хүрээнд эрх дураараа амьдрах нөхцлийг нь бүрдүүлэх үндсэн үүрэгтэй аюулаас хамгаалах байгууллагын тогтолцоог нураах илэрхий зорилготой үйл ажиллагаа явагдаж, үүндээ олон нийтийг татан оролцуулах оролдлого хийгдэж байна. Ийм оролдлого өмнө нь ч хэд хэдэн удаа гарч байсан, харин энэ удаагийн шалтгаан нь эрүүдэн шүүсэн хэрэг болж, олон нийтийн сэтгэлзүйд сөргөөр нөлөөлж эхлэв.

Эрүүдэн шүүх ажиллагаа хууль бус, тэр тусмаа хүний эрхийг дээдэлдэг улс оронд байж болшгүй зүйл. Нөгөө талаар хүнийг эрүүдэн шүүх нь мөрдөн байцаалтын бусад арга техникээс үр ашгаар хамаагүй бага. Эрүү шүүлтэд орсон хүн мөрдөн байцаагчийн асуусан зүйлийг мэдэхгүй байсан ч худлаа үнэн хариулах ёстой болдог. Тэр хүн мөрдөн байцаагчийн хүссэн хариултыг өгдөг болохоор1937 оных шиг хэрэг хүлээлгэж л байвал үнэн худал нь хамаагүй гэсэн зорилго тавьсан бол энэхамгийн үр ашигтай арга байж таарна. Гэвч өнөө цагт ийм зорилго тавьж хэрэг хүлээлгээд, тэр ньшүүх, прокурорын олон шат дамжлагыг давж гарсан гэвэл олон зүйлийг нотлох хэрэгтэй болно. Эрүүдэн шүүгдэж хэргээ хүлээсэн хүн үнэхээр хэрэг хийсэн эсэх, эрүүдэж байцаагаагүй бол хэрэг хүлээх байсан эсэх, цааш нь эрүүдээд байвал өөр олон хэрэг хүлээх эсэх зэрэг олон асуулт нээлттэй үлддэг, өнөөдөр энэ бүх асуултыг урт удаан хугацаанд нууж хаах бараг боломжгүй юм. Энэ бүхнийг аюулаас хамгаалах байгууллагын ажилтнууд, ялангуяа тагнуулын байгууллагын дарга хэнээс ч илүү мэднэ. Хүний эрх, эрх чөлөөнд хайртайдаа биш юмаа гэхэд ямар ч үр ашиггүй арга гэдгийг захын гүйцэтгэх ажилтан, мөрдөн байцаагч гадарлана. Тэгэхээр эрүүдэн шүүх үүргийг хэн өгч, хэн гүйцэтгэсэн байж таарах вэ? Шалгаж тогтоогоогүй нөхцөлд энэ асуултанд хариулах боломжгүй, харин нэг таамаглал дэвшүүлж болно, хүнийг эрүүдэн шүүдэг практик манайд шинэ юм биш байж, мөрдөн шалгах ажиллагаанд ашигладаг, ашигладаг гэдгийг нь зарим хүмүүс мэддэг байж. Хэрэв тийм бололон хүн эрүү шүүлт амссан гэсэн үг. Үүнийг засч залруулахын тулд гэмт хэргийн бусад нотлох баримтыг үгүйсгээд зөвхөн эрүү шүүлт тулгасан гэдгээр нь гэмт хэрэгтнүүдийг ялаас чөлөөлнө гэдэг аюултай санаа. Нийгмийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж болох ийм санаа гаргасан хүмүүст нийгэмд эрүүгийн нөхцөл байдлыг хүндрүүлэх сонирхол байгаа эсэх, байгаа бол тэр нь гадны оролцоотой эсэхийг шалгах нь бас л аюулаас хамгаалах байгууллагын хийх ажил юм.

Мөрдөн шалгах арга техник, ялангуяа байцаалт авах үйл явцад алдаа завхрал гарсан бол дүрэм журмаа шинэчилэх, стандарт боловсруулж мөрдүүлэх, мөрдөн байцаагч нарын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, хөндлөнгийн хяналт тогтоох зэргээр засч залруулж болно. Байцаалт авах шинэ загвар боловсруулахдаа судалгаа шинжилгээний байгууллагуудыг оролцуулж, шинжлэх ухааны мэдлэгийг ашиглаж болно. Хүн хэрхэн шийдвэр гаргадаг, хүний ой санамж яаж ажилладаг, тэр нь хир найдвартай болох, янз бүрийн бүлгийн хүмүүсийн итгэл үнэмшил, үзэл санаанд өссөн төрсөн орчин, нийгэм соёлынхүчин зүйлс ямар хэлбэрээр нөлөөлдөг зэргийг харгалзаж үзсэн шинэлигүзэл санаа нэвтрүүлж болно. Гагцхүү ийм алдаа завхралыг хувийн эрх ашиг хийгээд өш хонзонгийн сэдэлтэйгээр аюулаас хамгаалах тогтолцоог хүчгүйдүүлэх шалтгаан болгож болохгүй. Ялангуяа энд гадны оролцоо байж бүр ч болохгүй.

Аюулаас хамгаалах байгууллагуудын үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл нь ямар ч тохиолдолд улс орны тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдал, нийгмийн тогтвортой, нэгдмэл байдал гэж үзвэл үүний эсрэг чиглэсэн аливаа үйлдэл ямар ч ариун зорилготой байсан төрийн эсрэг, ард түмний эсрэг гэмт хэрэг болно. Аль ч орны тусгай албад суугаа орныхоо нэр нөлөөтэй хүмүүсийг элсүүлэх, элсүүлдэггүй юмаа гэхэд харанхуйгаар ашиглах замаар өөрийн улсын улс төрийн бодлогыг хэрэгжүүлэх таатай нөхцлийг бүрдүүлэх зорилго тавьдаг. Ийм зорилгод үйлчилж, гадны эрх ашгийг хамгаалдагхувь хүмүүс аль ч цаг үед, аль ч улс оронд байсаар ирсэн, тэднийг нийтэд нь урвагч гэж нэрлэдэг. Аюулаас хамгаалах тогтолцоо төлөвшсөн нийгэмд урвагч хүн цаад эзэндээ ил хэвлэлээр гараагүй мэдээ дамжуулж өөрийгөө үнэ цэнэтэй хүн болгож харагдуулдаг. Энэ тогтолцоо сулраад ирэхээр нууц зүйлбайхгүй болж, бүх мэдээг сонин хэвлэлээс олчихдог болохоор тусгай албад хир баргийн мэдээлэгчийг тоохоо больж, урвагч хүн маань өөрийгөө нотлон харуулахын тулд онцгой гавъяа байгуулах хэрэгтэй болдог. Ихэнх урвагч гадны эрх ашгийг хэрэгжүүлэхэд жаахан ч болов саад болно гэж үзсэн бүх тогтолцоог устгаж үгүй хийхэд хүчин зүтгэж эхэлдэг. Тэр хүн үүнийг цаад эздийнхээ даалгавараар ч хийж болно, өөрийн үзэмжээр ч хийж болно. Урвалтын технологи нь угаасаа тийм болохоор хүссэн хүсээгүй ийм ажил хийхээс өөр аргагүйддэг. Аюулаас хамгаалах байгууллага урвагч нарыг илрүүлж тэдний хорлонтой үйл ажиллагааг таслан зогсоох үүрэгтэй болохоор энэ үүргийг хэрэгжүүлдэг тогтолцоог нураах гэсэн ямар ч оролдлогыг байгалийн жамаар эсэргүүцэж, тогтолцооны эсрэг дуугарсан хүн болгоныг хардаж сэрддэг. Энэ бол хардах өвчин биш, жам ёсны хариу үйлдэл, ажил хэргээ явуулах үндэслэл юм.

Энд би эрүүдэн шүүсэн хэргээсүндэсний аюулгүй байдал нь илүү чухал гэж хэлэх гэсэнгүй. Яагаад гэвэл тийм биш, ямар ч төрийн байгууллагын алдаа завхрал өөрөө үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлдөг дотоод хүчин зүйлүүдийн нэг байдаг. Ийм алдааг улс төрчид ашиглаад ирэхээр тэр нь үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлдөг гадаад хүчин зүйл болж хувирдаг. Аюулаас хамгаалах байгууллагууд алдаа дутагдлаа өөрсдийн дотоод хяналт шалгалтын явцад илрүүлсэн болохоор түүнийгээ өөрсдөө засч залруулаад явчих боломжтой байлаа. Гэвч энэ алдаа дутагдлыг улс төрчид ашигласан болохоор эрүүдэн шүүсэн хэрэг үндэсний аюулгүй байдлын асуудал болж хувирч байгаа юм.

С.Зориг агсны хэргийг шалгах парламентын түр хороонд аюулаас хамгаалах байгууллагатай хувийн тооцоотой гишүүд орчихвол тэд хүссэн дүгнэлтээ гаргаж, баригдсан хоригдсон хүмүүст ял хүлээлгэх гэж оролдох байх, гэхдээ Б.Хурц гэдэг хувь хүнээс өшөөгөө аваад зогсох нь юу л бол. Одоогийн нөхцөлд сайн ч бай, муу бай таарч тохирч, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхийг чадах ядахаараа хичээж байгаа аюулаас хамгаалах байгууллагын тогтолцоог ухамсартай болон ухамсаргүй үйлдлээрээ үгүй хийчихвэл Төрийн ордны орой дээр хоёр туг мандах цаг ойрхон байна хэмээн нэгэн ахмад чекист анхааруулж билээ. Монгол хүн өнөөдөр өөрсдөө гэдэс цатгалан, мөр бүтэн явахаас илүү үр хүүхдийнхээ ирээдүйг баталгаатай болгохыг илүүд үздэг гэдэгт би эргэлздэггүй. Хичнээн сайн муугаараа дуудуулсан ч Төрийн ордны орой дээр хоёр туг мандахыг хүсдэг улс төрч байхгүй гэдэгт би бүр ч эргэлздэггүй. Тэд эх орон, тусгаар тогтнолдоо хайртайдаа биш юмаа гэхэд улс орон нь гаднын хараат болчихвол өөрсдийнх нь эрх мэдэл хумигдах учраас тэр. . .

Бэлтгэл хурандаа Л.Алтангэрэл


Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин