Зогс

2019/05/09

Иргэдийнхээ хэтэвчрүү өнгийдөг  засгийн  газартай улс  дэлхийд Монголоос өөр хаана ч байхгүй. 2016 оны сонгуульд МАН нам  олонхийн санал авч  засгийн газрын эрх мэдлийг  давуу эрхээр захирах болсон.  Сонгуулийн маргааш сонгогчоо мартдаг зан эрхмүүдийн маань олонход нь илэрч улс орны эдийн засагт үүссэн ужиг өвчин хүндрэх эх үүсвэр болов.

Монгол улсын эдийн засагт үүссэн ужиг өвчин өнгөрсөн 5 сарын 3 ны шөнө  сэдэрч нэг литр АИ 92 авто бензиний  үнэ 1880 төгрөг болсон бол дизель түлшний үнэ 2280 төгрөг хүрсэн бол  цэвэр ус 910 төгрөгөөс 1300 төгрөг, бохир ус 600 төгрөгөөс 1200 төгрөг  болж нэмэгдсэн. Энэ нь том цохилт болж иргэдийг  сандаргаж орхилоо. Мэдээж  урьдын жишгээр шатахууны үнэ нэмэгдэхээр өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүний ханш хоногтоо нэмэгдчихдэг халдвар байгаа.

Өнгөрсөн намрын ургац хураалтаар өөрийнхөө хэврэг суудлыг бат бөх болгох гэсэн Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд асан Батзориг  нэг тонн улаанбуудайн үнийг 560-600 мянган төгрөг болгон нэмэгдүүлж тариаланчдад алга ташилт, үйлдвэрлэгчдэд сандрал авчирсан шийдвэрийн балаг одоо ч дуусаагүй байхад өдрөөр бус цагаар нэмэгдэж байгаа өдөр тутмын хэрэглээ болсон мах, бензин, түлшний үнэ тэнгэрт гарчихлаа.

Эдийн засгийн өсөлт гарлаа, эдийн засаг өслөө гэсэн нийтлэл мэдээ сайтуудад энд тэндгүй байдаг ч яриад байгаа эдийн засгийн өсөлт маань ард түмний амьдралд наалдах болоогүй бөгөөд энэ их үнийн хөөрөгдөл инфляцийн хурд ард түмний амьдралыг туйлдуулж байна гэдгийг хэн ч ярихгүй хэлэхгүй байгаа нь харамсалтай. Өчигдрийн 800 төгрөг өнөөдрийн 1000 төгрөг болж байгаа нь ирээдүйн 1000 өнөөдрийн 1 төгрөг болох замруу хурдалж байна. Татвар төлж ажил олгодог хувийн хэвшлийнхэн ажилчдын цалин хөлсийг нэмэх бус цагаар нэмэгдэж буй цахилгаан, дулаан, уур ус, бензин тосны нэмэгдэлтэй ноцолдсоор хөгжлийн хурдаа хасуулж байна.

       Дэлхийн банкнаас 2019 онд  Монгол улсын эдийн засаг 6.6 хувиар өсөх таамаглал  дэвшүүлсэн ч дотоодын шинжээчийн   дүгнэлтээр эдийн засгийн өсөлт нь иргэдийн нуруунд ачаа авчирна гэсэн болгоомжлолыг 2018 онд гаргасан.

Эдийн засгийн жинхэнэ үр өгөөж, өсөлт бол иргэдийнхээ амьдралд  наалдах ёстой, наалдах хүртэл төр зохицуулалтаа хийхгүй бол эдийн засгийг чинь нуруундаа үүрч байгаа татвар төлөгч хувийн хэвшлийнхэн авто бензиний ханшийг тогтоогчидтой хамт үнээ тэнгэрт гаргах, эсвэл ажилчдаа халж зардал нэмэх, үүд хаалгаа хааж татвар төлөхөө зогсоох сонголтуудад тулчихаад байна

ЭХ СУРВАЛЖ:SHUURKHAI.MN


Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин