• Эхлэл
  • “Өхөөрдөм гоёо”-гийг авьяастнууд дэлхийн тавцанд гарна

“Өхөөрдөм гоёо”-гийг авьяастнууд дэлхийн тавцанд гарна

2019/05/13

Дэлхийн Монгол угсаатан эх үрсийн нийгэмлэгээс  зохион байгуулдаг  Монгол туургатан хүүхэд багачууд, загвар зохион бүтээгчдийн “Өхөөрдөм гоёо” наадам тавдугаар сарын 25,26-нд Улаанбаатар хотноо болно.

Хоёр дахь удаагаа зохиогдож буй уг наадамд монгол туургатан Өвөр Монгол, Буриад, Халимаг, Тувагийн загвар зохион бүтээгч, бяцхан загвар өмсөгчид оролцох юм. Наадмын хүрээнд оролцогч хүүхдүүддээ зориулан сургалт зохион байгуулдаг.  

“Miss and Gentlemen development academy” тус сургалтыг зохион байгуулдаг бөгөөд сургалтын үеэр академийн тэргүүн загвар өмсөгч Б.Уянгатай ярилцлаа.

 

 

-“Өхөөрдөм гоёо” наадамд оролцогчдод жил болгон сургалт явуулдаг. Өнгөрсөн жил танай бяцхан сурагчид тэмцээнд маш амжилттай оролцсон. Танай сургалтын гол онцлог юу байдаг вэ?

-Манай сургалт хүүхэд биеэ хэрхэн зөв авч явахаас эхлээд харилцааны соёл, зөв алхаж гишгих хүүхдийг зөв иргэн болгож төлөвшүүлэх бүх төрлийн хичээлүүд ордог. Зөвхөн загвар өмсөгч болох хүүхдүүд л суралцдаг гэж ойлгох аргагүй. Наад зах нь нуруугаа цэх, өвдгөө шулуун зөв алхаж сурах, хүмүүстэй зөв харилцах, өөрийгөө илэрхийлэх гээд бүхий л төрлийн ойлголтуудыг өгдөг, зөв иргэн болгож төлөвшүүлэх, нийгэмтэй харилцах сургалтууд байдаг. Цаашилбал тольтой харьцах, эргэлт поз, аяа мэдрэх гэх мэт чадваруудыг суулгаж, тайзан дээр гарах бэлтгэлээ базааж, цаашид уралдаан тэмцээнд оролцох бэлтгэл болдог.

-Сая сургалтыг харж байхад дөнгөж анхлан сурч эхэлж байгаа хүүхэд ч гэсэн их хөөрхөн дорхноо зүгшрээд, анхандаа сандарч байснаа, дорхноо өөртөө итгэлтэй болоод, сургалтын төгсгөлд бүх хүүхдүүд бие биедээ алга ташиж баяр хүргээд, нүд нь аз жаргалтайгаар гэрэлтэж байна. Ер нь хүүхдүүдийг заавал загвар өмсөгч болно гэлтгүйгээр ийм сургалтанд явуулмаар санагдлаа?

-Тийм ээ, хүүхдэд өөртөө итгэлтэй болох, хүүхдэд нуугдсан авьяас, байгаа боломжуудыг нээж өгч байна гэж хэлж байна. Хүүхэд ямар авьяас сонирхолтой, ямар боломжтой түүнийгээ яаж хөгжүүлэх вэ гээд нээж, хүүхэд яаж өөртөө итгэлтэй болох, хэрхэн яаж гоё инээмсэглэх вэ, хүмүүстэй хэрхэн харилцах гээд харилцааны арга барилыг заадаг учраас хүүхэд өөртөө итгэлтэй болдог.

-Танайх зөвхөн загвар өмсөгч болно гэлтгүй хүүхдүүдийг авьяасаа нээхэд туслах сургалтыг байнга зохион байгуулдаг уу?

-Тийм ээ. Манайх таваас дээш насны хүүхдүүдэд сар болгон сургалт явуулдаг. Анхан, дунд, гүнзгийрүүлсэн шатны. Анхан шатанд дээр өгүүлсэн хүүхэд зөв алхаж, гишгихээс эхлээд гоо зүй, бүжиг өөрийгөө илэрхийлэх, бусадтай харьцах чадвар суралцдаг бол дунд шатны сургалтанд өмнөх гүнзгий шатанд бүр илүү мэргэшүүлж, фото зураг авахуулах, тэмцээнд оролцох, кино клипэнд тоглох хэмжээний чадвар суулгадаг. Бид хүүхдүүдийг ингэж багаас нь бэлтгэснээрээ ирээдүйн Монголын зөв соёлтой иргэн, соёлтой бүсгүй, соёлтой залуу болон төлөвшүүлэхэд нийгэмд нөлөөллийг бий болгож байгаа гэж боддог.

-Танайх зөвхөн “Өхөөрдөм гоёо” наадамд гэхэд хэдэн хүүхэд бэлтгэн сургасан бэ?

-Өнгөрсөн жил манайх нэг сарын хугацаанд 110 хүүхэд бэлтгэж гаргасан. Хэдийгээр богино хугацаа боловч хүүхдүүд маань маш амжилттай суралцсан. Тэд маань бүгд өөрийн гэсэн зан араншин, онцлог, өөрийгөө илэрхийлэх чадвартай болсон. Тэдгээрээс өөрийгөө илүү сайжруулья гэсэн хүүхдүүд маань үргэлжлүүлэн суралцаж өнгөрсөн жил Турк улсад болсон Бяцхан миссийн тэмцээнд амжилттай оролцсон.

-Тэгэхээр “Өхөөрдөм гоёо”-гийн хүүхдүүд бүр дэлхийн тавцанд гарч байгаа юм байна шүү дээ. Өөр ямар тэмцээнд оролцож, ямар амжилт гаргав?

-2018 оны Турк улсад болсон тэмцээнээс Энхмэндийн Энхсарнай Гран При болон Фото мисс, Авьяас мисс, Фэйшин мисс гээд дөрвөн шагналыг авсан. Энэ жил мөн зургаан бяцхан оролцогч Туркт болох тэмцээнд оролцож байна. Цаашдаа ч Монголын бяцхан авьяастнууд олон улсын олон тэмцээнд оролцож, амжилт гаргана гэдэгт итгэлтэй байна.

-Баярлалаа, та бүхэнд, ялангуяа бяцхан авьяастнууддаа амжилт хүсье.

Ийнхүү Монголын бяцхан авьяастнууд Туркт болж буй олон улсын Бяцхан Миссийн тэмцээнд оролцож байна. Тэмцээн тавдугаар сарын 16 хүртэл үргэлжлэх юм. Бид та бүхэнд тэмцээний талаарх мэдээллийг үргэлжлүүлэн  хүргэх болно.  

А.Туяа


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин