• Эхлэл
  • Д.Гантулга "Хүчин хийсэн тул чөлөөлж өгнө үү" гэх байсан уу

Д.Гантулга "Хүчин хийсэн тул чөлөөлж өгнө үү" гэх байсан уу

2019/05/21

Хэнтий аймгаас УИХ-д сонгогдсон Д.Гантулга хүчингийн гэмт хэрэгт холбогдож, гишүүний бүрэн эрхээсээ татгалзаад багагүй хугацаа өнгөрчээ. Түүний хувьд УИХ-ын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6.3 дахь заалтыг үндэслэн өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ өгснийг ёсоор болгосон. Тухайлбал, "Гишүүн өөр ажилд шилжих болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасан" бол чөлөөлнө гэсэн хуулийн заалт үйлчилсэн.

Гэтэл судлаач гэх Д.Ганхуяг түүнийг чөлөөлөгдөх хүсэлтээ гаргахдаа "Хүндэтгэн үзэх шалтгаанаа дурдаагүй. Түүнийг нь УИХ хэлэлцэлгүйгээр Д.Гантулгыг чөлөөлсөн" хэмээн Цэцэд давж заалдаад буй. Ардчилсан тогтолцоотой улсад гэмт хэрэгтэн ч тодорхой эдлэх эрхтэй байдаг. Д.Гантулгын хувьд хуульд заасан "Хүндэтгэн үзэх шалтгаан" гэдэг үндэслэлээ дурдаад чөлөөлөгдсөн байдаг. Гэтэл Д.Ганхуягийн гомдоллож байгаагаар бол "Хүчингийн хэрэгт нэр холбогдсон тул УИХ-ын гишүүнээс чөлөөлж өгнө үү" гэх байж. Хоёрдугаарт, төрийн эрх барих дээд байгууллага болох парламентын танхимд олны хэлдгээр "Улаан махны хэрэг" хэлэлцээд суух байсан хэрэг үү.

Тухайн үед олон нийт Төрийн ордонд хормой хотны хэрэг явдал ярилаа хэмээн бухимдангуй байсан. Гишүүн асан Д.Гантулга ч УИХ-ын чуулганы танхимын үүдэнд хэвлэлийн хурал хийхдээ "Би бандаашаа өмсөөд гарсан" хэмээн үг алдаж олон нийтээс хүчтэй шүүмжлэл сонссон. Ийм байхад дахин дахин Төрийн ордныг хүчингийн хэргийн хэлэлцүүлгийн танхим болгож гутаах сонирхол Д.Гантулгад ч, түүнийг дэвшүүлсэн МАН-д ч, итгэж сонгосон хэнтийчүүдэд ч, олон нийтэд ч байгаагүй. Гэтэл өнөөдөр Д.Гантулгыг заавал хүчингийн хэрэгт холбогдсоноо дурдаж, парламентын индэрийг олны хэлдгээр "Улаан махны бузар"-т хутгах байсан мэтээр Цэцэд хандаж, түүнийг нь Цэц хэлэлцэхээр болж буй нь Монголын парламентын түүхэнд тохиож байгаагүй шившиг болж байна.

Д.Гантулгын хувьд ч муу нэртэй хэргээр олны сонорыг дахин мялааж, гишүүний бүрэн эрхээ сэргээлгэн олны хэл амны бай болохыг хүсэхгүй байгаа нь ойлгомжтой. Товчхондоо Хэнтийн нөхөн сонгуулийг явуулахгүйн тулд Д.Гантулгын нэр хүндийг дахин шороотой хутгаж, олны элэг доог, эгдүүцлийг төрүүлэх зорилго хэн нэгэнд байсан гэсэн үг. Ямартай ч "Бандааш"-ны энэ гэх хэрэг дахин Цэцийн болон парламентын "хэлэлцүүлэг" болох нь. Нийгэмд хүчирхийлэл гаарсан энэ цаг үед хүчингийн гэмт хэрэгт нэр холбогдсон хүнийг хууль тогтоох дээд байгууллагад оруулахаар ийн зүтгүүлж буй нь олон нийтийн уур бухимдлыг төрүүлж байгаагаас гадна Монголын олон зуун мянган бүсгүйчүүд, ээжүүд болон охидуудыг доромжилсон үйлдэл юм. Удахгүй зургадугаар сарын 1-нд Эх үрсийн баяр болно. Гэтэл төр барьж буй МАН болон түүний гар хөл болсон Үндсэн хуулийн Цэцээс Монголынхоо охид, бүсгүйчүүд, ээжүүдэд ийм увайгүй "Бэлэг" барих бололтой.

ЭХ СУРВАЛЖ:"АРДЧИЛАЛ ТАЙМС" ҮНДЭСНИЙ ӨДӨР ТУТМЫН СОНИН. 
А.ТЭНГИС
 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин