• Эхлэл
  • Д.Энхбат өвчний улмаас нас барсан

Д.Энхбат өвчний улмаас нас барсан

2019/05/22

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дарга асан Б.Хурцыг хүн хулгайлсан, хүний эрх ноцтой зөрчсөн гэх үндэслэлээр Германы хуулийн  байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Түүнийг 2003 онд  талийгаач  Д.Энхбатыг Герман улсын нутаг дэвсгэрээс хулгайлан авч явсан гэсэн үндэслэлээр  ийнхүү жил гаруй Англи, Герман улс дамжуулан хорьж байгаа юм.  Д.Энхбат агсны хэрэг гэгч  тун ээдрээтэй сэдэв. Түүнийг С.Зориг агсныг хөнөөсөн  хэрэгт  сэжиглэн шалгаж байсан гэх боловч талийгаачийг гэмт буруутай эсэхийг нотолж чадаагүй. Тэрээр хоёр жил гаруй хоригдон шалгагдаж байгаад суллагдсаныхаа дараа нас барсан. Түүнийг  тамлан зовоож, эрүүдэн шүүж, хүний эрх ноцтой зөрчсөн төдийгүй амиа алдахад нь нөлөөлсөн гэх ойлголт нийгэмд бий болоод буй. Ардчилсан гэж нэрлэдэг улс оронд маань ийм зүйл болох боломжтой юу, хэн нэгнийг  амь насаа алдтал тамлан зовоох эрх хууль хяналтынханд байдаг гэж үү, үнэхээр түүнийг тамлан зовоож, эрүүдэн шүүж, амь насыг нь хохироосон уу?

Эдгээр  асуултын хариуг авахаар бид Д. Энхбатыг цагдан хоригдож, эмнэлэгт хэвтэж байхад нь эрүүл мэндийн байдлыг нь олон удаа үзэж байсан эмч, академич, Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор Б.Цэдэндаштай уулзлаа. Тэрбээр сүүлийн 30-аад жил Эрүүл мэндийн яамны Дотрын ерөнхий зөвлөх эмчээр ажиллаж байгаа аж.

-Таныг талийгаач Д.Энхбатыг оношилж байсан эмч гэж  дуулаад зорьж ирлээ. Д.Энхбат агсны эрүүл мэндийн байдал ямар байсан талаар дэлгэрэнгүй ярихгүй юу?

-Д.Энхбат гэж хүнийг  би их сайн мэднэ. Их сайн мэднэ гэж байгаагийн учир нь түүнийг цагдан хоригдож байхад  арав гаруй  удаа үзэж байсан юм. Зайсан дахь хорих ангийн эмнэлэгт очиж  биеийг нь үзэж, эрүүл мэндийн байдлыг нь  шүүхийнхэнд танилцуулдаг байлаа. Надаар үзүүлдэг байсан нь учиртай. Би Эрүүл мэндийн яамны Дотрын ерөнхий мэргэжилтэн, зөвлөх эмч учраас тэр.  Д.Энхбат гуурсан хоолойн багтраа, элэгний церроз/хатуурал/ өвчтэй хүн байсан. Анх биеийг нь үзэхдээ л дээрх хоёр өвчний оношийг тавиад, холбогдох хүмүүст нь танилцуулсан. Тухайн үед Д.Энхбатыг эрүүл мэндийн шаардлагаар ялаас чөлөөлөх шаардлагатай юу гэсэн  асуулт надад тавьсан л даа. Би Д.Энхбатын өвчний байдлыг нарийн мэдэж байгаа учраас “Эрүүл мэндийн шаардлагаар ялаас чөлөөлөх ёстой” гэж хэлсэн. Өмнө нь ч эрүүл мэндийн шалтгаанаар буюу гуурсан хоолойн багтраатай гээд нэгдүгээр эмнэлэг ялаас чөлөөлөх хэрэгтэй гэж шийдвэрлэж байсан юм билээ. Надаас өмнөх  онош буюу гуурсан хоолойн багтраа өвчин байгаа эсэхийг тодруулж асуусан. Би мэргэжлийн эмчийнхээ хувьд ийм өвчтэй, өвчин нь хүндэрсэн болохыг хэлсэн. Тухайн үед Д.Энхбат гэх хүнийг ямар учиртай, хэн болохыг нь огт мэдээгүй хэрэг. Хорихын эмч нар надаас элэгний хатуурал байна уу үгүй юу, өмнө нь гуурсан хоолойн багтраа өвчтэй байж уу гэж дахиад л асуусан. Би ч “ийм өвчтэй, өвчин нь хүндэрсэн, эрүүл мэндийн хувьд ял эдлэх боломжгүй” гэдэг үгээ л хэлж байгаа юм.

-Тухайн үед Д.Энхбат агсны царай зүс, ухаан санаа нь ямархуу  байсан бэ?

-Одоо миний санаанд тов тодорхой  байна  л даа. Алаг нүдтэй, бор царайтай хүн байсан. Надад янз бүрийн зүйл хэлж яриагүй ээ.

-Таныг оношоо хэлчихээд байхад яагаад дахин дахин үзүүлж, ялаас чөлөөлөх  шаардлагатай эсэхийг асууж  байсан юм бол?

-Тэр шалтгааныг би  хэлж мэдэхгүй. Ямар ч гэсэн арав гаруй удаа үзүүлсэн. Би Д.Энхбатын биеийг үзэх болгондоо түрүүний хэлсэн оношийг л хэлдэг. Цаагуураа ямар учиртай байдгийг  ойлгохгүй юм. Үзэх бүртээ нэг оношоо хэлээд байхад дахин дахин үзүүлээд байгаа нь сүүлдээ төвөгтэй санагдсан. Тэгээд л ямар нэг учир шалтгаантай хүн болохыг гадарласан. Дахин дахин үзүүлсэн мөртлөө асуудлыг  шийдэхгүй байсанд би гайхаж байсан л даа.

-Гэхдээ Д.Энхбатыг цагдан хорьж байхдаа эрүүдэн шүүж, зодсоны улмаас амь насаа алдсан гэх ойлголт байдаг. Тиймээс түүний үхэлд тухайн үед Д.Энхбатыг Францаас хулгайлах ажлыг зохион байгуулсан Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дарга Б.Хурцыг буруутгах хүмүүс байдаг. Талийгаачийг сайн мэдэх хүний хувьд түүний биед гаднын гэмтэл, шарх, тамлан зовоосон гэх  шинж тэмдэг байсан уу?

-Би олон жил нарийн мэргэжлийн эмчээр ажилласан хүн. Тиймэрхүү зүйлийг шууд мэдэх туршлага байлгүй яах вэ. Анх харахад ч, сүүлд харахад ч гадны нөлөө огт ажиглагдаагүй. Эрүүл мэндийн яамны зөвлөх эмч учраас л надаар үзүүлдэг байсан байх.

-Талийгаачийн биеийн үзэх гэж очихдоо түүнтэй ярилцаж байв уу?

-Ярилгүй яах вэ. Өмнө нь гуурсан хоолойн багтраа өвчтэй байсан тухайгаа надад хэлж байсан. Угаасаа тэр хүний хэлсэн хэлээгүй амьсгаадаад л, бие нь хөхөрсөн байдалтай байсан. Бие нь хөхөрсөн байхаар нь “Чамайг хүн зодсон уу” гэж асуухад “Үгүй, зодоогүй” гэж  хариулж байсныг тод санаж байна.

-Бие нь хөхөрсөн нь  үнэхээр гадны нөлөөтэй биш гэж үү?

-Элэгний  хатуурал өвчний үед  ийм шинж тэмдэг илэрдэг. Үүнийг шинжлэх ухаан нотолсон. Биеийн арьс хөхөрсөн нь элэгний өвчнөөс болсон хэрэг болохоос зодуураас болоогүй гэдгийг баттай хэлж чадна. Намайг арав гаруй удаа үзэхэд гаднын нөлөө байгаагүй. Эмч нар нь арьсан дээрх  хөх толбо үе үе гарч ирдэг гэж хэлсэн. “Мэдээж элэгний өвчин хүндрэхээр ийм зүйл болж байгаа” гэсэн.  Элэгний церроз өвчний үед цусны бүлэг өөрчлөгддөг. Элгэнд цусны бүлэгт оролцдог бүх хүчин зүйлүүд нийлэгшдэг юм. Тэр жамаар бие дээр нь хөх толбо гарч байгаа гэдгийг тайлбарласан.

-Та нэгэнт өвчний  түүхийг нь сайн мэдэж байгаа хүний хувьд эмч нарын хурлаар оруулж ялаас чөлөөлөх санал тавих эрхтэй биз дээ. Ийм арга хэмжээ авч болоогүй юм уу?

-Эхлээд үз гэх бүрт нь очиж үзээд  нэг л оношоо хэлдэг байлаа. Сүүлдээ төвөгтэй санагдаад “Би нэгэнт энэ хүний эрүүл мэндийн байдлыг мэдэж байна. Шүүхийнхээ хүмүүсийг, хорих ангийнхаа бүх эмч нарыг  байлцуул. Бодит байдлыг ил тод хэлнэ” гэсэн. Тэгээд энэ байдлаа шүүхийн ажилтнууд, эмч нарын өмнө  танилцуулаад “Д.Энхбатыг эрүүл мэндийн байдлын улмаас ялаас чөлөөлөх шаардлагатай” гэдгийг хэлсэн. Тэд ч зөвшөөрч тэнд цугласан шүүх цагдаагийнхан, эмч нар бүгд гарын үсэг зурсан. Ингээд л энэ асуудал шийдэгдлээ гэж  ойлгосон. Бараг хоёр жил иймэрхүү байдлаар явсан байгаа юм. Тэгсэн чинь цагдан хорихоос гаргаагүй юм билээ. Сүүлд эрүүл мэнд нь бүр дор орсныг дуулсан. Тэгээд бие нь эрс муудсаны дараа л шүүхийн тогтоол гарч ялаас чөлөөлсөн юм билээ. Харамсалтай нь ялаас чөлөөлөгдөөд л  нас барсан.

-Энэ хугацаанд Д.Энхбатын  ар гэрийнхэн тантай уулзаж  байв уу?

-Эхнэр нь гээд өндөр нуруутай бор хүүхэн  2-3 удаа уулзсан юм байна. Надад нөхрийнхөө  байдлыг дуулгахад би ч бодит байдлыг л хэлсэн. “Эрүүл мэндийн байдал нь ийм байнаа, ялаас чөлөөлөх шаардлагатай” гэж. Тухайн үед эхнэр нь “Танд баярлалаа. Танаас өөр нааштай зүйл хэлж байгаа хүн алга” гээд явж байсан.  Одоо ч би тэр үгээ батална.

-Д.Энхбат агсны гэргий, түүний хүүхдүүд нь нөхрийнхөө, аавыгаа бусдын гарт амь үрэгдсэн гэж үзэж байгаа гэж хэвлэлд бичсэн. Энэ ямар учиртай юм бол?

-Тэр эмэгтэйг надтай уулзуул л  даа. Тухайн үед бодит байдлыг хэлж байсан. Өөрөө ч ойлгож байсан. Нарийн асуудлыг би мэдэхгүй. Эмчийнхээ хувьд тэр хүний өвчний тухай л ярьж байгаа юм шүү.

-Эмнэлэгт удаан хэвтсэн юм байна шүү дээ. Энэ хугацаанд ямар эмчилгээ хийж байсан юм бэ?

-Удаан хэвтсэн. Эмнэлэгт хэвтүүлээд гаргадаг, буцаад хэвтүүлдэг. Хэвтүүлэхээрээ намайг дууддаг л байсан даа. Мэдээж өвчнийх нь оношийг үндэслээд физик эмчилгээ,  элэгний үйл  ажиллагааг дэмжих эмчилгээ бичиж өгнө. Эмчилгээг нь чухам яаж хийдэг байсныг мэдэхгүй. Шоронгийн нөхцөл, энгийн эмнэлгийн нөхцөлд байгаа хүмүүс их ялгаатай шүү дээ.

Талийгаач Д.Энхбатын эрүүл мэндийн байдлыг хоёр жилийн турш үзсэн эмч ийнхүү ярьж байна. Үүнээс гадна Д.Энхбатыг зодуураас бус, өвчний улмаас нас барсан болохыг түүнд эмчилгээ хийж байсан  хорих ангийн эмч ярьсан байдаг.

Талийгаач Д.Энхбат нь 1977-2004 оны хооронд олон хэрэгт холбогдож,  нийт 47 жил зур­гаан сарын хорих ял шүүхээс сонссоноос 16 жи­лийн ялыг биеэр эдэлжээ. Тэрээр  хулгай, танхайн хэрэг үйлдэж байснаас гадна хорих газ­раас бүлэглэн оргох, бусдын биед санаатай гэмтэл давтан учруулсан, улс нийтийн эд хөрөнгийг хулгайлж, ашиглан шамшигдуулсан, хууль бусаар хил зөрчсөн, үүргээ гүйцэтгэж явсан засгийн төлөөлөгчийг эсэргүүцсэн зэрэг үндэслэлээр хорих ял шийтгүүлсэн байна.  Үүнээс дөрвөн жилийн ялыг биеэр эдлээд 1996 онд өвчний учир ялыг хойш­луулах шийдвэрээр суллагдаж байжээ.  Эрүүл мэндийн шалтгаанаар ял хойшлуулах шийдвэр гарах үед талийгаачийн элэг хатуурах, амьсгал нь бачуурах шинж тэмдэгүүд илэрч эхэлсэн гэдэг.Тэгэхээр Д.Энхбатын эрүүл мэндийн байдал бүр эртнээс муудсаныг нотлох бас нэгэн нотолгоо. Түүнчлэн С.Зориг агсны амийг хөнөөсөн хэрэгт шалгагдаж байхдаа  эрүүл мэндийн байдал нь улам доройтож, архаг хууч өвчин нь сэдрэн амь насаа алдсан гэдгийг мэргэжлийн эмч нар баталж буй. Гуурсан хоолойн багтраа, элэгний цероз өвчин нь хүнд шатандаа орохдоо шууд үхэлд хүргэдэг болохыг ч ангаахын шинжлэх ухаан баталжээ. Харин энэ цаг үед Д.Энхбат агсныг зодуураас болж амиа алдсан гэх, үүнд нь тухайн үед түүнийг хулгайлж авч ирэх ажлыг зохион байгуулсан Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дарга Б.Хурцыг буруутгасан мэдээлэл гарсаар байгаа. Харин мэргэжлийн хүмүүс талийгаачийг өвчний улмаас амь насаа алдсан болохыг нотолж байна.

"Ардын эрх" сонин 2011 он

С.Отгон


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин