Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцыг үргэлжлүүлэн хорих эсэх шүүх хуралдаан өнөөдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, суллах шийдвэр гаргасан байна.
Эрүүгийн цагдаагийн газраас түүнийг дөрөвдүгээр сарын 23-нд баривчлан 14 хоног саатуулсан. Ингээд дөрөвдүгээр сарын 8-нд мөн үргэлжлүүлэн хорих эсэхийг хэлэлцсэнээр саатуулах хугацааг 15 хоногоор сунгасан. Ингээд өнөөдөр 2019.05.23-нд үргэлжлүүлэн хорих шаардлагагүй гэж шүүх үзлээ.
Шүүхийн Хэвлэлийн албанд мэдээнд өгүүлснээр бол "Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасан “шүүгч, прокурор, мөрдөгч, хохирогч, гэрч, шинжээч, гэмт хэрэг хамтран үйлдсэн хүнийг дарамталсан, сүрдүүлсэн, эсхүл тэдгээрийн болон өөрийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулах үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа” гэсэн үндэслэлээр яллагдагч Б.Хурцын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгуулах тухай санал ирүүлсэнийг Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд прокуророос дээрхи үндэслэл буюу “шүүгч, прокурор, мөрдөгч, хохирогч, гэрч, шинжээч, гэмт хэрэг хамтран үйлдсэн хүнийг дарамталсан, сүрдүүлсэн, эсхүл тэдгээрийн болон өөрийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулах үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа” гэснийг нотлох баримтыг ирүүлээгүй тул цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах хугацааг сунгах саналыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ. Өөрөөр хэлбэл хэн гэдэг шүүгч, прокурор, мөрдөгч, хохирогч, гэрч, шинжээч, гэмт хэрэг хамтран үйлдсэн хүнийг дарамталсан, сүрдүүлсэн, эсхүл тэдгээрийн болон өөрийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулсан гэх баримт мэдээг ирүүлээгүй байна" гэлээ.
Үүнээс гадна прокурорын байгууллагаас хошууч генерал Б.Хурцыг саатуулан гадуур шалгахыг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн гэсэн мэдээлэл тархаад байна. Ингэхээр Б.Хурцыг одоогоор суллахгүйгээр шүүх прокурорын хүсэлтийг хүлээж авах эсэхийг шийдэх хүртэл түүнийг үргэлжлүүлэн саатуулсан хэвээр байх бололтой.
Сэтгэгдэл байхгүй байна