• Эхлэл
  • Дамирангийн Энхбатын тухай хэн юу хэлж байв?

Дамирангийн Энхбатын тухай хэн юу хэлж байв?

2019/06/05

С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт холбогдуулан Дамирангийн Энхбатыг Францаас хулгайлан авчирч эрүүдэн шүүж амь насыг нь хохироосон байдаг билээ. Энэ тухай хэвлэлийн хуудаснаа гарч байсан мэдээллээс хүргэе.

 

1."Өдрийн сонин"-ы 2003 оны долдугаар сарын 31-ний дугаар "Хэрэв тэр үед кордимин хийсэн бол би үхэх байсан":

-Д.Энхбат: -Намайг онгоцоор ирсэн гэдгийг тогтоох шиг амархан юм байхгүй. Германаас тавдугаар сарын 18-нд ирсэн онгоцны суудлын хамгийн ард хэсэгт би хүлээстэй сууж ирсэн. Надад нүдний хар шил зүүлгэсэн болохоор бүх юмыг сайн харж чадахгүй байсан. Бие засах газар луу явахад хүмүүс хүлээстэй намайг харсан л байх ёстой. Намайг харсан хүмүүс үнэн байдлыг хэлээч гэж хүсч байгааг минь цааш нь дамжуулж өгөөч. Онгоцны үйлчлэгч эмэгтэй "Таны бие зүгээр үү" гэж асуухад нь би их баярласан. Буянт-Ухаад онгоцон дотор орж ирсэн албаны хүн "Наад хүнийхээ нүүрийг харуул" гэхэд намайг гар дахь паспорттай тулгасан. Тэгээд хилийн шалганы боомтоор дамжуулалгүйгээр онгоцноос буулган тагнуулынхны машинд суулгасан. Намайг тагнуулын газрын шоронд хорьж байхад дэд хурандаа н.Бат-Эрдэнэ гэж өөрийгөө танилцуулсан хүн байцаалт авдаг байсан. Тэр хүн чамайг ямар аймаар хувь заяа хүлээж байна гэж бодож байна. Чамайг дажгүй залуу гэдгийг чинь мэднэ. Тагнуулаас хүн амьд гардаггүй юм. Чи амьд гарахын тулд "Цагаан шонхор"-ын Ч.Энхтайван Зоригийг алах санал надад тавьсан. Би зөвшөөрөөгүй гэж хэл л дээ. Ингээд бүх юм дуусна шүү дээ" гэсэн. Мөн Ч.Энхтайваны цаана н.Энхсайхан байгаа, тэдний талаар баттай мэдээлэл байгаа гэсэн. Тэгэхээр нь би хүн гүтгэж чадахгүй гэсэн. Тагнуулын газрын ажилтнууд "Чиний ирсэн дипломат паспорт чинь энэ байна. Чи ирсэн энэ паспортоороо буцахад 500 сая төгрөг аваад явна шүү дээ" гэж хэлсэн. Би Монголын дипломат паспорт дээр өөрийн иргэний үнэмлэх дээр наасан зурагны хуулга байхыг нь харсан. Намайг тамлаж зовоосоор Ч.Энхтайваныг тагнуулахаар элсүүлж албан хүчээр баталгаа авч, улсын нууц задруулахгүй гэж гарын үсэг зуруулсан. Амьд гарахын тулд яах аргагүй ингэсэн. Тэд хэлэхдээ чамайг Монголд ирснийг хэн ч мэдэхгүй. Чамайг алчихаад сураггүй болсон хүний тоонд оруулчихна гэсэн. Монголд өнөөдөр ийм ноцтой гэмт хэргийг хүнд хүчээр хүлээлгэх гээд байхад, хүн гүтгүүлэх гээд, ийм том асуудал болоод байхад холбогдох газар нь яагаад тоож шалгахгүй байна вэ. Би онцгой комисс гаргуулж шалгуулмаар байна. Би үхээд дуусах хэрэг биш шүү дээ... гэж тэрбээр ярилцлагадаа өгүүлж байжээ.

 

2. Д.Энхбатын өөрийн ярьж байсан ярилцлагаас нь:

...Бодит байдал гэвэл бүх юмыг тагнуул мэдэж байна. Бүх юманд тагнуулын хөл гар оролцож байна. Энэ бол маш эртнээс зохион байгуулсан юм билээ. 2002 оны есдүгээр сард С.Зоригийн хавтаст хэргээс материал алдагдлаа гэсэн мэдээлэл гарч байсан. Үүнээс арваад хоногийн дараа Ц.Нямдорж сайд 500 сая төгрөг амлаж телевизээр ярьсан. Ингээд хэд хоногийн дараа урьдах гэрч нараа дахин байцааж эхэлсэн. Энэ 500 сая төгрөг ийм л юманд зарцуулах мөнгө байж. Энэ хэрэгт намайг бүр эртнээс судалж сонгосон нь мэдэгдсэн. Миний ял шийтгэл тэр бүү хэл 2003 оны хоёрдугаар сард Парист бие муудсаныг хүртэл мэдэж байсан. Миний бие шоронгийн ая даахгүй гэдгийг мэдэж нарийн судалсан...

 

3. Д.Энхбатын өмгөөлөгч Л.Санжаасүрэнгийн ээлжит хэвлэлийн бага хурлын мэдээллийг нийтэлсэн сонин хэвлэлээс түүвэрлэхэд:

-Д.Энхбат баривчлагдаж ирэхээсээ өмнө Франц улсын Саен хотын цагаачлалын байгууллагад бүртгүүлж тэнд амьдарч байсан. 2003 оны тавдугаар сарын 15-ны өдөр н.Цэрэнпагма гэдэг таньдаг эмэгтэй уулзъя гэж утасдсаны дагуу Д.Энхбат өөрийн "Форд" маркийн автомашинтайгаа болзсон газар болох Лэ Хэвра хотод очжээ. Тэнд н.Цэрэнпагма дөрвөн монгол залуутай хамт байсан бөгөөд Д.Энхбатыг очингуут цахилгаан бороохойгоор цохиж унагаагаад машинд чихэж оруулаад хөдөлсөн гэнэ. Тэд гар утсаар хэн нэгнээс зааварчилгаа авч байсан бөгөөд Бельги улсын хилд ойртонгуут дипломат дугаар сольж зүүж, Брюссель дэх Монгол Улсын Элчин сайдын яаманд очжээ. Элчин сайдын яаманд түүнийг ямар нэг тариураар тарьж ухаан алдуулж тавдугаар сарын 18-ны өдөр Монгол руу ирсэн. Д.Энхбатын өөрийнх нь үзэж байгаагаар гараа гавлуулж хүлүүлж амаа таглуулсан Германы хил гаалиар оруулж гаргаж байхад Германы зохих албаны хүмүүс яагаад анхаарал тавихгүй байгаад гомдсон сэтгэлээ хэлжээ. Учир нь тэрбээр энэ улсын харьяаллын хүн болоод тэр юм байна. Буянт-Ухаад буухад Д.Энхбатыг шууд машинд суулгахад тэнд буу шийдэмтэй баг өмссөн хүмүүс элэг рүү нь бууны бөгсөөр цохиж ухаан алдуулсан. Тэр шоронд сэрсэн бөгөөд Бат-Эрдэнэ гэж өөрийгөө танилцуулсан хүн байцаалт авсан... гэж бичжээ. (Дашрамд дурдахад ТЕГ-ын ажилтан Бат-Эрдэнэ гэж өөрийгөө танилцуулсан хүн сэтгүүлч надаас гэрчийн мэдүүлэг авч байсан болно. Д.Энхбатаас ярилцлага авсантай холбоотойгоор гэрчийн мэдүүлэг авах хэрэгтэй хэмээн ТЕГ-ын тоот өрөөнд гэрчийн мэдүүлэг авч байсан билээ). Эрүүдэн шүүж тамлаж байсныхаа дараа "Чи энд байснаа хэнд ч хэлж болохгүй. Энэ бол улсын нууц. Задруулах юм бол чамайг ална. Тагнуулынхан нууцаа хамгаалж чаддаг юм" гэж сүрдүүлж байгаад албадан баталгаа гаргуулж гарын үсэг зуруулсан. Энэ бүхний хойно Сэлэнгэд очсоны дараа утас өгч Германд байгаа эхнэр лүүгээ "Дөнгөж сая Монголд ирлээ" гэж хэл гэж шаардсан. Тэгээд Сэлэнгийн Алтанбулагийн ойролцоо цагдаагийн хошууч н.Батсүх гэж танилцуулсан хүнд хүлээлгэн өгч улмаар Улаанбаатарт шорон руу эргүүлэн авчирсан. Үүний дараа Улсын мөрдөн байцаах газраас хуурамч бичиг баримт ашигласан гэх хэргээр, Төмөр замын цагдаагийн хэлтсээс С.Зоригийн хэрэгт сэжиглэн шалгаж байна. Өмгөөлөгч Л.Санжаасүрэн хэлэхдээ "Энэ бол улсын нууц биш. Хүний эрхийг зөрчсөн маш ноцтой асуудал" гэж хэлэв...

 

4. ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас олон нийтэд гаргасан албан мэдэгдэл. 2008.07 сар

-Д.Энхбат ял эдэлж байх үедээ 1998 оны долдугаар сарын 31-нд эмч нарын зөвлөгөөний дүгнэлт гаргуулан хорих ангиас суллагдсан байна. Гэтэл энэхүү дүгнэлт нь санаатай гаргасан худал дүгнэлт болох нь мөрдөн байцаалтын явцад илэрч Монгол Улсын прокурорын дүгнэлт гарч, Нийслэлийн шүүхийн 2002 оны тавдугаар сарын 30-ны өдрийн 41 тоот тогтоолоор Д.Энхбатыг чанга дэглэмд эдлээгүй үлдсэн 12 жил нэг сар, найман хоногийн хорих ялыг үргэлжлүүлэн эдлүүлэхээр тогтоожээ. Шүүхээс Д.Энхбатыг эрэн сурвалжилж олж баривчлахыг даалгасны дагуу олон улсын хууль хяналтын байгууллагын тусламжтайгаар эрэн сурвалжилж 2003 оны тавдугаар сарын 25-ны өдөр гадаадаас баривчлан авчирч холбогдох асуудлыг шалгаж ялыг эдлүүлж байгаа юм. Ялтан Д.Энхбатыг гадаадаас баривчлан авчирсан үйл ажиллагаанд хууль зөрчсөн, уг хүний эрх, эрх чөлөөнд халдсан ямар нэгэн үйлдэл байхгүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна. 
/Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн алба/

 

5. Д.Энхбатын өмгөөлөгч Л.Санжаасүрэн тухайн үед ЦЕГ-ын Д.Сандаг-Очирт хаяглаж захидал илгээсэн нь сонин хэвлэл дээр нийтлэгдэж байжээ. 2003.08.02

-Өмгөөлөгч Л.Санжаасүрэн: -Танай хууль ёсны гэх ажиллагаа чинь НҮБ-ын холбогдох шийдвэр, Европын туурга тусгаар хэд хэдэн улсын эрх ашигт харшилж байгаад хэргийн учир оршиж байна. Та бүхэн монгол түмнийг мэхэлж чаддаг байсан, одоо ч мэхэлсээр байна. Гэхдээ Франц, Бельги, Герман улсыг хуурах нь юу л бол доо, Д.Энхбатыг баривчлах талаар зарим улсын холбогдох байгууллагад ТЕГ асуудал тавьсан боловч цаад улс байгууллага нь зөвшөөрөөгүй байхад Франц, Бельги, Герман улсын хилээр гаргаж оруулж онц хүнд гэмт хэрэг хийсэн нь нотлогдож байна. ЦЕГ-аас гаргасан мэдэгдэлд "Ялтан Д.Энхбатыг баривчлан авчирсан үйл ажиллагаанд хууль зөрчсөн хүний эрх чөлөөнд халдсан ямар нэгэн үйлдэл байхгүй, интерполын шугамаар авчирсан гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна гэжээ. Танай мэдэгдлийн дагуу эрхэм генерал та уг үйлдлийг удирдаж зохион байгуулсан гэдгээр заавал холбогдоно. Эрхэм генерал та, Европын холбооны хэмжээнд Монголын цагдааг хууль бус үйлдэл явуулсан хэмээн зарлуулж, Монголын цагдаагийн нэр сүрийг гутаасан танай газрын бусармаг үйлдлийг цээжээрээ хамгаалж байгаа нь ямаан дээр тэмээний гарз гэдэгтэй утга дүйх болов уу...

 

6. Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн өдөр тутмын сонинд өгч байсан ярилцлагаас. 2003.11.25:

 

-Ц.Нямдорж: -Ял эдлүүлэх гэхээр өвчтэй болчихдог. Хууль бусаар чөлөөлсний дараа эрүүл болчихдог л хүн байна лээ. 2000 онд Францад очоод баригдах хүртлээ зүв зүгээр байсан юм билээ, Одоо ял эдлэх болохоороо хүний эрхийн хороогоор ял эдлэх боломжгүй гэсэн дүгнэлт гаргуулсан байна лээ.

 

7. Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн өдөр тутмын сонинд өгч байсан ярилцлагаас. 2004.04.21:

-Ц.Нямдорж: -Д.Энхбатыг шалгах шаардлага байсан. Гэтэл зарим улс төрийн хүчин элдвээр дайрч садаа учруулж байгаа. Хамт тэмцэж явсан нэг нөхрийнх нь амь насыг бүрэлгэсэн хэргийг илрүүлэхийн төлөө зүтгэж байхад яагаад тэгдэг юм бүү мэд...

 

8. Тухайн үеийн Гадаад хэргийн сайд Л.Эрдэнэчулууны олон нийтэд хийж байсан мэдээллээс 2003.10 сар:

 

-Л.Эрдэнэчулуун: -Иргэн Д.Энхбатыг Францаас баривчилж авчирсантай холбоотойгоор тус улсын тал таагүй хандсан нь үнэн. Гэхдээ манай тал өөрийн байр суурийг илэрхийлснээр хоёр тал харилцан ойлголцож зохих арга хэмжээг авсан. Одоо хоёр улс бүрэн ойлголцсон.

 

 

ЭХ СУРВАЛЖ:"АРДЧИЛАЛ ТАЙМС" ҮНДЭСНИЙ ӨДӨР ТУТМЫН СОНИН 

 


Сэтгэгдэл (1)

  • Гончиг
    Энэхүн хулгайлах ажиллагаангд Нямдорж өөрөө зөвшөөрөл өгсөн байна шүүдээ Санжаасүрэнг шоронд хийлгэсэн хүн Нямка байж таарлаа Шоронд хүн тамалдаг гэдгийг мань хүн мэдээгүй гэдэг Харин Хурцийг яагаад Элбэгдорж суллуулж авчирдаг бас сонин Эд нар чинь бүгд хуйвалдсан яргачид байна шүү дээ
    2020 оны 12 сарын 30