• Эхлэл
  • 10 сая ам.долларын авлигын мөрөөр

10 сая ам.долларын авлигын мөрөөр

2019/06/07

Энэ УИХ-ын гишүүд дундаас 10 сая ам.долларын хахууль авсан сайдын нэр дуулдаад даруй сар гаруй хугацаа өнгөрлөө. 10 сая ам.доллар нь ойролцоогоор тооцож үзэхэд 26 тэрбум төгрөг болох бөгөөд нийгмийн анхааралд орсон сэдвийн нэг болох сургууль, цэцэрлэгээр тооцож үзвэл энэ мөнгөөр 26 сургууль, цэцэрлэгтэй болох их хэмжээний мөнгө юм. Нэг сайдын хармаанд 26 сургууль, цэцэрлэг багтдаг гэж үзвээс эрх баригчид нийгмийн асуудлыг шийдэж чадахгүй хүндрэл бэрхшээл тоочдог нь үнэндээ жүжиг болж таарах нь. Ямартаа ч 10 сая ам.долларын хахуулийг хэн авсан гэдэг дээр хэвлэлийнхний таамаг сэжүүр болон албаны хүмүүсийн хэлж буй байр суурийг тоймлон хүргэе.


Сайд 10 сая ам.долларын авлига авсан байж болзошгүй байна

Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2017 оны зун намынхаа Удирдах зөвлөлийн хурал дээр “Чи мэргэжлийн Засгийн газар биш, сайдууддаа концессын гэрээ хуваарилж, нийгмийн баялгийг завшсан, ах дүү, хамаатан садан, авлигын Засгийн газар бүрдүүлсэн. Авлига үнэртсэн энэ танхимд амаа үдүүлээд суумааргүй байна” гэж хэлээд Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Засгийн газарт хашиж байсан Шадар сайдын ажлаа өгч байлаа. Ерөнхий сайд болсныхоо дараа ч “…Авлига авсан хэнийг ч өршөөхгүй” гэж олон удаа хэлсэн. Тэгвэл түүний тэргүүлсэн Засгийн газрын нэг сайд авлигын хэрэгт холбогдсон талаарх мэдээлэл бидэнд ирлээ. Тэр сайд 10 сая ам.долларыг авлига болгон авсан байж болзошгүй байна. Энэ нь одоогийн ханшаар 26 тэрбум гаруй төгрөг болж байгаа юм. Одоогоор Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хэнтий аймагт томилолтоор ажиллаж яваа. Түүний эзгүйд энэ мэдээлэл төр засаг, хууль хяналтын өндөр албан тушаалтнуудын дунд тарж байна. Тиймээс Ерөнхий сайдыг ирсний дараа уг асуудал өндрөө авч, 10 сая ам.долларын авлига авсан сайдын нэр ил болох бололтой.

/2019.05.10/ “Зууны мэдээ” сонин


Л.Оюун-Эрдэнэ: Нийгэм хардах эрхтэй

Л.Оюун-Эрдэнэ: 

-...Оюу толгойтой холбоотой шалгалт явагдаж байгаа. Шалгах явцад 4-5 хүн авлига авсан байж болзошгүй гэж Авлигатай тэмцэх газарт шалгаж байгаа гэсэн мэдээлэл байна. АТГ гарсан дүгнэлтээ нэгтгээд Засгийн газарт яаралтай ирүүлнэ гэсэн байр суурьтай байна. Тэр үед албан ёсоор мэдээлэл хийе. Хардагдаад байгаа тухай хүмүүс тухайн үед гэрээнд гарын үсэг зурсан хүмүүс. Давуу эрхийг зарим нэг компанид өгсөн байж болзошгүй гэх мэдээлэл байна. Жишээлбэл, “Модерн номадс”, зарим нэг шатахуун түгээх компани давуу эрхээр оролцсон байдал үүссэн байх вий. 7-14 хоногийн дараа шалгалт дуусахаар тэр үед мэдээлэл өгье. Аудитын дүгнэлтээс харахад ажил хийж буй хүмүүс хариуцлагагүй хандсан надад санагдсан. УИХ, Аудитын дүгнэлт, АТГ дээр байгаа дүн нэгтгэгдэх ёстой.

Л.Оюун-Эрдэнэ: -...Хэвлэл мэдээллээр мэдээлэл гарсан. Нэр зарлагдсан зүйл байхгүй. Миний хувьд уржигдар хууль хяналтын байгууллага руу утастаж асуусан. Манай кабинетэд ажиллаж байгаа хүмүүс дээр үүссэн тогтоогдсон зүйл байхгүй гэсэн. Шалгагдаж байгаа асуудал ч байхгүй гэсэн. Албан ёсны мэдээлэлгүй байна. Гэхдээ хэвлэлээр нэгэнт явж буй мэдээлэл учраас, нийгэм хардах эрхтэй учраас цаашдаа нягталж үзэх байх гэсэн тайлбарыг өгч байна лээ. Та бүхэн АТГ луу холбогдож асууж болно шүү дээ.

Л.Оюун-Эрдэнэ: -...“Стандарт” банктай холбоотой өрийн асуудал байсан. “Стандарт” банктай хохирол үүссэн. Бид Засгийн газраас албан хүсэлт тавьсан 40 сая ам.долларыг “Жаст”-ын Ш.Батхүү гэдэг хүний өмчөөс яаралтай өмч хураах замаар “Эрдэнэт” үйлдвэрийг хохиролгүй болго гэсэн. Энэ удахгүй шийдэгдэх байх. Надад ирж байгаа мэдээллээр 40 сая ам.доллар гарчихаар хөрөнгөтэй байсан. Бэлэглэлийн гэрээгээр заримыг нь шилжүүлсэн. Энэ нь тухайн хөрөнгөө санаатайгаар нуун дарагдуулсан байх магадлалтай. Үүний араас Засгийн газар хөөцөлдөнө. /2010.05.14-ний өдөр/ ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ:


Д.Сумъяабазар: Би авлига авах хүн биш

БНХАУ-тай хамтран хэрэгжүүлэх төслөөс эхний ээлжийн 10 сая ам.долларыг Засгийн газрын нэг гишүүн авсан гэх тухай мэдээлэл зарим хэвлэлээр цацагдсан. Энэ мөнгөтэй холбоотой хүн нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар гэх тухай шуугьж байсан юм. Энэ асуудлаар Д.Сумъяабазар сайд өөрийн байр сууриа илэрхийллээ.

Д.Сумъяабазар: -Намайг гадаадаас 10 сая ам.долларын авлига авсан гэх гүтгэлэг явсан. Би нэр төрөө сэргээлгэхээр албан ёсоор хуулийн байгууллагад хандсан. Шалгуулна. Үнэн мөнийг нь тогтооно. 2006 оны наадамд түрүүлж Аварга хэмээх алдрыг ард түмнээсээ авсан. Энэ нэр хүндээ шороотой хутгачихгүй юмсан гэж хичээж явна. Хүн нэрээ, тогос өдөө гэж үг бий. Би авлига авах хүн биш. Нэр ашиглаж, нүүрс баяжуулах үйлдвэртэй болсон, 100 машинаар нүүрс тээвэрлэж байна гэхчлэн ярьж, бичиж гүжирдэж байгаа. Чухам ямар үндэслэлээр ингэж яриад байгаа юм. Би Ерөнхийлөгчтэй айлчлалаар хамт яваагүй гэв.

/2019.05.15-ны өдөр/ Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас “Ил тод уул уурхай” ээлжит хэвлэлийн хурлын мэдээллээс...

Ц.Даваасүрэн: Би айлчлалын албан ёсны бүрэлдэхүүнд байгаагүй

Монгол Улсын Ерөнхийлөгчийн дөрөвдүгээр сарын 24-28-ны хооронд БНХАУ-д хийсэн Төрийн айлчлалын бүрэлдэхүүнд багтсан сайд нарын нэг нь 10 сая ам.долларын авлигын асуудалд холбоотой байж магадгүй гэх яриа гараад буй. Их хэмжээний авлига авсан байж болзошгүй хэмээн хардагдаад буй сайдын нэг бол Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн юм. Тэрбээр энэ асуудлаар өнөөдөр сэтгүүлчдэд дараах тодруулгыг өглөө.

Ц.Даваасүрэн: -“Би айлчлалын албан ёсны бүрэлдэхүүнд байгаагүй. Харин “Нэг зам нэг бүс” уулзалтад оролцсон. Энэ асуудлын талаар надад мэдээлэл алга. Ер нь бол 10 сая ам.доллар гэдэг санаанд багтахгүй их тоо. Хараад байхад одоо дөхөж байгаа сонгуультай холбоотой байж магадгүй. Дээр нь тийм их хэмжээний мөнгөний тухай ярьж байна гэдэг нь үнэмшил муутай юм. Тийм их хэмжээний мөнгө гэж байгаа нь өөрөө худлаа гэж харагдаад байна” гэв. /2019.05.16-ны өдөр/


УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат: Хахууль авсан сайд хэн бэ гэдэгт Eрөнхий сайд тайлбар өгөх ёстой

Монгол Улсын Засгийн Газрын гишүүн-сайд 10 сая ам.долларын авилга авсан байж болзошгүй дуулиантай холбогдуулан УИХ дахь АН-ын зөвлөлөөс Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүхээс тайлбар, мэдээлэл авахыг хүссэн албан бичиг илгээжээ.

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат: -Энэ засгийн газрын нэг сайд 10 сая амдолларын авлига авсан байж болзошгүй гэсэн мэдээлэл нийгмийн анхаарлыг татсан сэдэв болчихлоо. Эх сурвалжийг нь олох амархан шүү дээ. Нэг сайд ийм их хэмжээний мөнгөний авлигад холбогдсон гэдэг мэдээлэл гарна гэдэг нь Засгийн газрыг өөрийг нь тогтворгүй болгох чиглэл рүү явж байна. Манай зөвлөлөөс Ерөнхий сайдад хандаж албан шаардлага хүргүүлж байна. Бүх сайд өөрсдийнхөө байр суурийг илэрхийлээд байх шиг байна лээ. Энэ бол Засгийн газрын анхаарлын төвд очсон байна гэсэн үг. Өчигдөр Уул уурхайн сайд мэдээлэл хийх үеэрээ нэг ноцтой үг хэлсэн. Ерөнхийлөгчийн БНХАУ-д айлчлах үеэр хамт явсан сайдтай холбоотой мэтээр сонин үг өгүүлбэр хэлнэ лээ. Түүнийг нь би албан тоот бичигтээ тодруулж оруулсан. Энэ мэдээллийг зайлшгүй тодруулах шаардлагатай. Өөрөөр хэлбэл 10 сая доллар авсан сайд хэн бэ гэдэг дээр Eрөнхий сайд албан ёсоор тайлбар өгөх ёстой” гэв.
/2019.05.16-ны өдөр/ АН-ын зөвлөлөөс У.Хүрэлсүхэд албан бичиг илгээв

 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Монголын нэг сайдад 1.2 сая ам.долларын авлига өгсөн асуудлыг Францид шалгаж байгаа

У.Хүрэлсүхийн Засгийн газрын гишүүн 10 сая ам.долларын авлига авсан нь хууль хяналтын байгууллагын гүйцэтгэх ажиллагааны хүрээнд илэрсэн мэдээлэл гарсан даруйд хэд хэдэн сайд, гишүүдийн нэрс холбогдож хардагдсан. Тэгвэл У.Хүрэлсүхийн Засгийн газрын бас нэгэн сайд нь гадаадын компаниас их хэмжээний ам.долларын авлига авсан байж болзошгүй мэдээллийг УИХ-ын гишүүн О.Баасанхүү хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцолжээ.

О.Баасанхүү: -“Францад нэг эрүүгийн хэрэг үүссэн гэж би дуулсан. Монголд хөрөнгө оруулалттай компанийн Монголын нэг сайдад 1.2 сая ам.долларын авлига өгсөн асуудлыг Франц шалгаж байгаа гэсэн. Энэ бол маш ноцтой асуудал. Үнэхээр өгсөн асуудал байгаад Францын хөрөнгө оруулалттай компани цөөхөн шүү дээ. Тиймээс үүнийг шалгах ёстой. Бид олон улсын өмнө шившиг болмооргүй байна. Тэр утгаараа гаднын тусгай албадын ч гэдэг юм уу тодорхой байгууллагуудын гаргаж байгаа мэдээллүүдтэй хамтран ажиллахгүй бол төвөгтэй байдал үүсэх гээд байгаа юм. Францдаа ийм зүйл болж байна шүү дээ. Мэдээж одоогийн сайдууд л яригдана. Юу гэж олон жилийн өмнөх хэрэгт эрүү үүсгээд явах вэ” хэмээв. /2019.05.20-ний өдөр/

 

С.Эрдэнэ: 10 сая ам.долларын асуудал нь хятадын бизнесийн байгууллагатай холбоотой гэсэн

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ болон албаны бусад хүн цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хурал хийх үед сэтгүүлчдийн асуултад дараах хариултыг өгч байв.

Сурв: -Зарим сайд 10 сая доллар, 1.2 сая еврогийн хахууль авсан гэх яриа байгаа. Яг хэн гэдэг сайд ийм асуудалд холбогдсон юм бэ. Тодорхой мэдээлэл байна уу?

С.Эрдэнэ: -...Энэ асуудал яригдаад байгаа ч эзэн нь тодорхойгүй байгаа. Бараг сарын өмнөөс яригдаж эхэлсэн. Миний авсан мэдээллээр 10 сая ам.долларын асуудал нь хятадын бизнесийн байгууллагатай холбоотой гэсэн. /2019.05.31-ний өдөр/


“Стандарт” банкинд төлөгдсөн 40 сая ам.доллараас 14 сая ам.доллар нь алга болжээ

-...Улстөрчдийн саалийн үнээ болсон “Эрдэнэт” үйлдвэрт үлэмж их хэмжээний хохирол учруулсан “Жаст” ХХК-ийн захирал Ш.Батхүүгийн учруулсан хохирлыг татвар төлөгчид бид саяхан төлсөн. Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 5-ны өдөр Шадар сайд Ө.Энхтүвшин, “Эрдэнэт” үйлдвэрийн захирал Х.Бадамсүрэн нар “Стандарт” банктай холбоотой асуудалд нийтдээ 115 сая ам.доллар төлөх байсныг 40 сая ам.доллар болгон бууруулж, Эрдэнэт” үйлдвэрийн “Эрсдэлийн сан”-аас гаргаж тус банк руу шилжүүлсэн” гэсэн сүржин мэдэгдэл хийж байв. Баатарлаг гавьяа байгуулж, татвар төлөгч бидний мөнгөнөөс төлж буй Засгийн газрын шийдвэрийн ард арав гаруй сая долларын хахуулийн асуудал бас яригдаж эхэллээ. “Эрдэнэт” бол шахаа хийдгээрээ саалийн үнээ гэгддэг ч биш. Шүүхийн маргаан нь хүртэл улстөрчдөд ашиг авчирдаг бололтой. ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй УИХ-ын гишүүд хэвлэлийн бага хурал хийж “Эрдэнэт”-ийн удирдлагууд гарын үсэг зурсан гэж баттай баримттайгаар мэдэгдэж байсан бол одоо энэ тухай ам нээхгүй болтлоо “шагнал” хүртсэн тухай эх сурвалж хэлж байна. “Стандарт” банкинд төлөгдсөн 40 сая ам.долларын 26 сая ам.доллар нь цаанаа төлөгдөж, үлдсэн 14 сая ам.доллар нь хаачсан нь тодорхойгүй алга болсон гэх нь бий. Тэгэхээр энэ нь 10 сая ам.долларын хахууль авсан сайдын эрэлд хатаад байсан ярианы салхи нь энэ зүг рүү эргэж, 10 сая ам.доллар ч биш 14 сая ам.доллар болоод явчих шиг боллоо...


/2019.06.04-ний өдөр/ “Жаст”-ын Ш.Батхүү хэргийг ганцаараа үүрч, “Эрдэнэт”-ийн Ч.Ганзориг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийг хахуульдсан уу? нийтлэлээс. Эх сурвалж: “Ардчилал таймс” өдөр тутмын сонин.

ЭХ СУРВАЛЖ:"АРДЧИЛАЛ ТАЙМС" ҮНДЭСНИЙ ӨДӨР ТУТМЫН СОНИН

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин