• Эхлэл
  • Тав дахь удаагийн найман тэмцээнтэй наадам

Тав дахь удаагийн найман тэмцээнтэй наадам

2019/06/17

ӨМӨЗО-ны Эрээн хотын үзэсгэлэнгийн танхимд өнгө өнгийн дээлтэй, нас, насны хүмүүс цугласан нь ихэд сонирхолтой. Нум, сумаа агссан халх сурчид угаасаа дээлний өнгө, малгайн хэвээр андашгүй. Тэдэнтэй зэрэгцээд толгойдоо гял цял шигтгээтэй  гоёл агссан бүсгүйчүүд, хажууд нь өнгө ижил дан цамц, сиймгэр өмдтэй бүсгүйчүүд, нүд, шүд нь гялалзах охид, энгийн даруу спорт хувцастай залуус гээп сонирхолтой зураг энд харагдана. Яагаад гэвэл энд найман төрлийн спортын наадам тав дахь жилдээ болж буй. Сагсан бөмбөг, волейбол, сур харваа, ширээний теннис, агаарын теннис, хийн дасгал, бүжиг гэх мэт найман төрлөөр болж буй энэ тэмцээн хаа, хаанаа өгөөжтэй. Мэдээж хэрэг албан ёсны арга хэмжээ ёслол төгөлдөр болсон талаар бид өмнө нь мэдээлсэн /Энд дарж уншина уу/

Харин энэ удаад өнгө өнгийн сонирхолтой сэтгэгдэл төрсөн тухайгаа энд өгүүлмээр санагдсанаа сийрүүлмүү.

Бид улс хоорондын найрамдалт хамтын ажиллагаа, хөгжил цэцэглэлт, харилцан ашигтай ажиллагааны талаар зөндөө л ярьж, бичдэг. Гэтэл яг найрсаг хамтын ажиллагаа хийгээд өрсөлдөөн гэдэг спорт дээр л харагддаг гэнэм. Тэд хоорондоо өрсөлдөж, хүчээ үздэг, одоогийн хэллэгээр бүр эмордог. Гэхдээ тэмцээн дуусаад гар барин салдаг, өөртэйгээ ана мана үзэлцсэн өрсөлдөгчөө хүндлэн, магадгүй яльгүй алдаа гаргасандаа уучлал гуйдаг. Тэр хэрээр ямар ч дипломат харилцаа, санамж бичиггүйгээр бие биеэ илүү сайн ойлголцдог.  

Яг ийм сэтгэгдэл төрүүлсэн тоглолт Монгол Улсын Дорноговь аймгийнхан болон ӨМӨЗО-ны Эрээн хотын Их сургуулийнхны хооронд болсон волейболын тэмцээн байлаа. Манайхан /мэдээж Дорноговийнхон/ хүч илүү. Тэдний хэтэрхий хүчтэй бөмбөгийг тосч авахын оронд бараг зугатсан нь дээр. Эрээний их сургуулийнхан уртай. Бахархмаар нь энэ багийн хамгийн гол тоглогч Ундрах, түүний холбогч хөөрхөн охин Монгол. Бас сонирхолтой нь, энэ багт нь орос охин, өвөрмонгол ,ар халх, хятад хүү охид эн тэнцүү, гар нийлэн тоглож,  Ар Монголоос ирсэн дасгалжуулагч удирдаж байсан нь бахархалтай. Өмнө тоглосон Замын-Үүдийн багийнхан ч гэсэн бас их мундаг амжилттай тоглосон. Эн тэнцүү, эсвэл дутуу  тоглосон тэд хэн хэнийхээ алдаа, оноог мэдэж байгаа, бас дараа яаж тоглохоо мэдэж байгаа. Ер нь бол монголчууд сагс, волейбол гэх мэтэд өмнө нь хувь илүү байсан,  тэр хэрээр ч Эрээний андууд жил ирэх тусам сайжирсаар байгаа, хийн дасгал зэрэгт монголчууд бас тэднээс суралцаад бас л амжилт гаргаж байгаа гэж тэмцээний туршлагатай оролцогчид ярьж байв.

Тийм ч учраас энэхүү бичиглэлийнхээ гарчгийг тав дахь удаагийн гэж онцолсон бөлгөө .Дараа дараагийн тэмцээн амжилттай үргэлжлэх болтугай гэж ерөөе.

А.Туяа


Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин