• Эхлэл
  • "Стандарт" банкинд төлөх 14 сая ам.долларыг Л. Оюун-Эрдэнэ нар завшсан уу ?

"Стандарт" банкинд төлөх 14 сая ам.долларыг Л. Оюун-Эрдэнэ нар завшсан уу ?

2019/06/19

УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ бол хоёр давхар дээлтэй, дуудуулах гурван гуншинтай төрийн өндөр дээд албан тушаал хашиж байгаа хүн. Энэ ч утгаараа Засгийн газрын “гал тогоог” сахиж буй Л.Оюун-Эрдэнийн амнаас унах үг, хийж буй үйлдэл бүхэн нь төрийн үйл хэргийг төлөөлж, хууль мэт үнэн байх ёстой атал сүүлийн үед түүний үг, үйлдэл хэрээс хэтэрч, бусдын нэр төрд халдан гүтгэсэн, шантаажилсан мэдэгдлүүдийг хийх болов. Тэрбээр байсхийгээд л албан бус мэдээллээс сонсоход гэж ирээд хов живийн шинжтэйгээр “Тэр тэгсэн энэ ингэсэн гэнэ. Би тэгж сонссон. Тэр хүн тийм юм шиг байна лээ” гэх мэтчилэн хариуцлагагүй байр суурь илэрхийлж, улмаар хувь хүний нэр төрд халдан, гэмт хэрэгтэн болгодог болсон. Чухамхүү, М.Энхболдыг л УИХ-ын даргаас буулгачихвал, энэ улс төвхнөх гээд байна, үүний дараа ямар ч албан тушаал дээр очихгүй гэдгээ хариуцлагатай мэдэгдэж байна хэмээн Сүхбаатарын талбай дээр эсэргүүцэл зарлаж, акц өрнүүлж байсан залуу өнөөдөр хамгийн хариуцлагатай байх ёстой албыг хаших болсон. 

Харамсалтай нь, Л.Оюун-Эрдэнэ гэдэг хүн өнөөдөр төв талбай дээр дураараа цамнадаг үйлдлээ Төрийн ордонд гаргаад сууж байх юм. Одоо би сайд болсон, миний ард Ерөнхий сайд байгаа учир хэнийг ч, яаж ч гүтгэж болно гэсэн ойлголт залуу сайдад хэдийнэ суучихжээ. Төрийг 22 жил “төвшитгөсөн” гэх Ц.Нямдорж ахаасаа хүртэл шаггүй үлгэр дуурайл авч, өөртэй нь ам зөрсөн хэнийг ч болов “Араа мэдээрэй” гэж айлган сүрдүүлдэг болж. Ингээд ЗГХЭГ-ын дарга, сайд Л.Оюун-Эрдэнийн “том” дарга болоод өнгөрсөн хугацаанд хийсэн маш ноцтой, хариуцлагагүй зарим мэдэгдлүүдээс дор сийрүүллээ.

40 сая ам.долларын 14 саяыг нь хэн завшсан бэ гэсэн асуултад Л.Оюун-Эрдэнэ хариулсангүй

Өчигдөр болсон МАН-ын бүлгийн хаалттай хуралдааны үеэр хар тамхины хэрэгт холбогдсон дипломатуудын асуудалд хэн хариуцлага хүлээх вэ, “Эрдэнэт үйлдвэр”-ийн Эрсдэлийн сангаас гаргасан 40 сая ам.долларын 14 саяыг нь хэн авсан бэ гэсэн сэтгүүлчийн асуултад тэрбээр ингэж хариулсан юм.

Л.Оюун-Эрдэнэ: Хариуцлага яригдах ёстой. ГХЯ-ны дипломатын хар тамхины хэрэгт холбогдсон асуудлыг хөөгөөд үзэхээр сонин асуудал гарч ирж байна. Бас 1.2 сая евротой холбоотой асуудлыг хөөгөөд үзтэл О.Эрдэнэбулганы асуудал юм билээ шүү дээ. Өөрсдийнх нь хийсэн замбараагүй авлигыг л цэгцлэх гэж ядаж явна. Бутарч дэлбэрч байгаад баяртай байна. Дипломатуудын асуудал Ц.Элбэгдорж гэдэг нөхрийн л хийсэн асуудал. Шүүх ийм хүнд байдалд орсон нь Ц.Элбэгдоржоос л эхлэлтэй. МУИС-ийн хэдэн багш нарыг шүүхэд тавьж, нөгөө хэдэд авлига өгч, хамт нүүрсний наймаа хийсэн. Одоо юунд нялзаах гээд байгаа юм бас. Өөрсдөөсөө л асуу л даа. Гэхдээ энэ бурууг хаацайлж байгаа зүйл биш. Шат шатандаа хариуцлага тооцоод явна. Миний бухимдаад байгаа зүйл бол ард түмнийг цагаан цаас гэж боддогоо болих хэрэгтэй. Ах нараас Монголын төрийг цэвэрлэх юм сан гэж бодох юм.

 

Сэтгүүлч: -“Эрдэнэт үйлдвэр”-ийн Эрсдэлийн сангаас авсан 40 сая ам.долларын 14 саяыг нь завшсан гэж ярьж байна. Энэ үнэн үү?

Л.Оюун-Эрдэнэ: Бүгд л завшилт. 40 сая ам.доллар төлөгдсөн, төлөх ёстой. Тэрэн дээр 98 орчим тэрбум төгрөг байна гэж байгаа. Түүнийг буцааж авах ёстой. Хууль хяналтын байгууллага ажиллах ёстой. Засгийн газраас хууль хяналтын шинэ удирдлага томилогдсоны дараа ЗГХЭГ-аас ганц хүсэлт тавьсан. Энэ нь “Стандарт” банктай холбоотой асуудлыг цэгцэлж өгөөч гэж. Хэзээ цэгцрэх юм байгаа юм. Ер нь бид дасчихаад байна л даа. Нөгөө талаас нь эергээр тайлбарлахад хөтлөгдөөд байх юм. Болохгүй байгаа зүйлийг хийх гэхээр яагаад буруу болчив. Хувийн хэвшлийн эрх ашиг чухал ч нийтийн эрх ашгаар хязгаарлагдана шүү дээ.

Сэтгүүлч: -Тэгээд 40 сая ам.долларын 14 саяыг нь завшчихсан юм уу?

Л.Оюун-Эрдэнэ: -Тийм юм байхгүй байх аа. Энэ бол түүний өгсөн хариулт бас ЗГХЭГ-ын даргын байр суурь. Ийнхүү ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ зугтах шахам өрөө рүү гүйж орж, сэтгүүлч нарын асуултад хариулахын оронд бусдыг гүтгэж нэр устай нь зарлаж буй нь бантсан хүний үйлдэл гэлтэй. Өөх ч биш, булчирхай ч биш, авсан, аваагүй нь мэдэгдэхгүй бөөрөнхий, ойлгомжгүй тайлбар өгсөн Л.Оюун-Эрдэнийн яг юу ярих гэж байгааг нь сэтгүүлчид ойлгоогүй өнгөрсөн. Магадгүй гэнэтийн энэ асуултад Д.Гантулга шиг балмагдчих шиг болсон. “Та бандаашаа өмсөөд гарсан уу” гэсэн сэтгүүлчийн асуултад “Тийм би өмсөөд гарсан” гэж Д.Гантулга хариулаад хамраараа шороо үмхсэн удаатай. Тэгвэл хашир сайд Л.Оюун-Эрдэнэ арай л Д.Гантулгын араас орчхолгүй нүүр нь бага зэрэг хувхай цайн сэтгүүлчдээс зугтааснаар үйл явдал дууссан. Түүний ямар реакц үзүүлснийг олон нийтийн сүлжээнд тавигдсан шууд бичлэгээс нь олж хараарай. “Эрдэнэт үйлдвэр”-т “Жаст” компанийн учруулсан 40 сая ам.долларын хохирлыг татвар төлөгчдийн мөнгөнөөс төлсөн. Гэтэл 40 сая ам.доллароос ердөө 26 саяыг “Стандарт” банкинд төлж, үлдсэн 14 сая ам.долларыг нэр бүхий өндөр албан тушаалтнууд хувьдаа завшсан байж болзошгүй тухай мэдээлэл хэвлэлээр гарч байгаа. Үүнийг л Л.Оюун-Эрдэнээс асуухад тэрбээр эхний удаад булзааруулахыг оролдож, хоёр дахиа давтан асуухад сүүлээ хавчаад зугтсан юм. Нөгөөтэйгүүр, өөрсдийнх нь томилсон дипломатчууд хар тамхины хэрэгт холбогдчихоод байхад улайн цайм бусад руу бухдаг нь эрх баригчдын шалгарсан ганц арга гэлтэй. Хэзээ ч буруугаа хүлээж, хариуцлага хүлээдэггүйг ЖДҮХС-гийн жишээнээс бэлхнээ харж болохоор. Өөрсдийгөө ямар ч буруугүй гээд л гөрдөнө. Бүр гэм буруутай нь баримтаар нотлогдчихоод байхад л өмнөх тэр хүн л буруутай гэж мэлзэнэ. Эсвэл үндэслэгч нь тэр, эхлүүлсэн хүн нь тэр гэх мэтээр чичирч дайрна.

“Эрдэнэт”-ийн 51 хувийн асуудалд Ч.Ганзориг, Д.Сугар нарыг буруутай гэв

2018 оны хоёрдугаар сарын 27-нд УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Ж.Энхбаяр, Л.Оюун-Эрдэнэ, Л.Энхболд тэргүүтэй гишүүд “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг “Стандарт” банкинд хэн гэдэг албан тушаалтнууд барьцаанд тавьсан асуудлаар Ерөнхий сайдад асуулга хүргүүлснийхээ хариуг мэдээлж байсан. Энэ үеэр Л.Оюун-Эрдэнэ бас л хэд хэдэн хүнийг өөрийн байр эрх ашгийн төлөө, ямар ч цензургүйгээр “шүүсэн” мэдэгдэл хийсэн байдаг. Тэрбээр,

Л.Оюун-Эрдэнэ: -“Эрдэнэт үйлдвэр”-ийн 51 хувийг “Стандарт” банкинд барьцаанд тавьсан хэрэгт “Эрдэнэт” ХХК-ийн захирал Ч.Ганзоригийн өгсөн үүргийн дагуу Амарбат, Мөнхжаргал, Галбаатар нар гэрээнд оролцсон нь тогтоогдсон. Цаашлаад уг гэрээ хэлэлцэлд С.Баяр оролцсон байх магадлалтай ч одоогоор тодорхойгүй байгаа. Мөн тухайн үеийн Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар ч буруутай гэж үзэж байна. Бид байцаан шийтгэх ажиллагаанд саад болохооргүй мэдээллийг олон нийтэд ил болгооч гэсэн бичиг хуулийн байгууллагад хүргүүлнэ гэсэн юм.

ТӨҮГ-ын захирлууд БНСУ-д очиж казино тоглодог гэж “ам халав”

Түүний дараагийн нэг хариуцлагагүй гэх үү, бусдыг сүрдүүлсэн үйлдэл бол Төрийн өмчит үйлдвэрийн газрын захирлуудыг шантаажилсан явдал юм. Тэрбээр Төрийн ордонд хоёр сарын өмнө хэвлэлийнхэнд Засгийн газрын шийдвэртэй холбоотой асуултад хариулахдаа мөн л албан бус байр суурь илэрхийлсэн байдаг. Тэрбээр,

Л.Оюун-Эрдэнэ: -БНСУ-д манай төрийн албан хаагчид хамгийн их хар ажил хийдэг гэсэн статистик мэдээлэл гарсан. Төрийн албан хаагчдын цалинг шат дараатай нэмж байгаа хэдий ч Солонгосын хэмжээнд буюу 4-5 сая төгрөгт хүргэж чадахгүй байна. Гэтэл төрийн албан хаагчид буюу ТӨҮГ-ын захирлууд БНСУ-д очиж, казино тоглодог тоогоор Монгол Улс дээгүүрт ордог гэсэн тоон мэдээлэл байна. Энэ дунд авлига гэдэг логик уялдаа харагдаж байгаа биз. Тэгэхээр дарга нар нь валютын урсгалаа Солонгост очиж тушаагаад, төрийн албан хаагчид нь цалин хүрэхгүй, амьдрахын тулд хар ажил тэнд хийж байна. Тиймээс бүх шатны төрийн албан хаагчид, ялангуяа ТӨҮГ-ын захирлууд мөрийтэй тоглоод баригдвал, тэр нь видео бичлэгээр нотлогдвол ёс зүй зөрчсөн гээд ажлаас нь хална гэсэн лүндэн буулгасан. Түүний энэ үгийг анзаарвал, ТӨҮГ-ын захирлууд казино тоглодог юм байна гэсэн ойлголт шууд авч болохоор. Гэвч өнөөг хүртэл нэг ч захирал казино тоглосон асуудлаар албан тушаалаа өгөөгүйгээс харахад баримтаар нотлогдоогүй байж таарах нь. Эсвэл Л.Оюун-Эрдэнэ сайдын барьж буй хөзөр нь тэдний тухай баримт байгааг сануулаад хэрэв миний үгэнд орохгүй бол дэмий шүү гэсэн сануулгыг захирлуудад өгч байгаа мэт. Ямартай ч ийм ойлгомжгүй үг, үйлдлийг залуу сайд гаргасаар л байна.

Гишүүн асан Д.Хувьтөгөлдөр ба түүний хүү Х.Идэр нарыг гүтгэв

Ерөнхий сайдыгаа “шүдгүй арслан” гэж хочилж явсан сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр өөрөө шүдтэй арслан мэт авирлах боллоо. Тэрбээр мэдэгдэл хийх бүртээ санаатай, санамсаргүйгээр хэн нэгний нэр хавчуулж, хувь хүний нэр төрд халддаг байдал үргэлжилсээр. Тэрбээр УИХ-ын чуулганы танхимын өмнө зогсч байгаад шүүх засаглалын тухай хэдэн өгүүлбэр хэлэнгээ хоёроор зогсохгүй хэд хэдэн хүний нэр төрд шууд халдсан юм.

Л.Оюун-Эрдэнэ: “Хөшигийн хөндий”-н нисэх онгоцны бүтээн байгуулалт гацсан. Энэ асуудлын таван шалтгааны нэг нь Засгийн газар тусгай хэрэгцээнд авсан газар дээр Төв аймгийн сумын Засаг дарга газар олгоод, шүүх тэр даргын талд шийдсэн гэсэн мэдээлэл байна. Энэ мэт олон асуудал авлигажсан шүүхийн систем дээр очоод гацаж байна. Төрийн сүлдэндээ тангараг өргөсөн албан хаагчид өөрийг нь сонгоход тусалсан бүлэглэлийн удирдагч нартаа үйлчилж байна. Мексикт хар тамхины хоёр мафийн сүлжээ хоорондоо буудалцаж, төр дундуур нь орж чадахгүй жишээ байна. Манайх яг үүн шиг л байна. гурваас дөрвөн хүний томилгоо саатуулах асуудал явсан. З.Болдбаатар шүүгчийн бие гэнэт өвдөж, гишүүн асан Д.Хувьтөгөлдөрийн хүү Х.Идэрийг шүүгчээр томилсон. Энэ шүүгчээр шийдүүлэх гээд байна гэсэн мэдээлэл ирсэн. Нийслэлийн прокурор дээр яллагдагчаар татах уу гэсэн яриа гарсан. Тиймээс ЗГХЭГ-ын даргын хувьд би энэ бүхний эсрэг тэмцэнэ. Монгол Улсын Ерөнхий сайд надтай хамт гэдгээ хэлсэн гэв. Энэ мэтээр шүүхээс гэм буруутай эсэх нь эцэслэн тогтоогдоогүй байхад эдгээр хүмүүсийн нэр төрд санаатай халдаж, гүтгэсэн үйлдлийг эрхэм сайд гаргасан. Зөрчлийн тухай хуулийн 6.21 дүгээр зүйлд “Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндийг гутаан доромжилсон худал мэдээллийг нийтэд дэлгэсэн, эсвэл мэдээллийн хэрэгсэл, нийтийн сүлжээгээр тараасан бол хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан байдаг.

Төрийн сайд иргэнээ “Ахын дүү хохиров доо” гэж заналхийлэв

“Эрдэнэт үйлдвэр”-ийн асуудлаар мэдээлэл хийж байхдаа эвлэгхэн “попордог” төрийн сайд маань “Би нэг ч удаа худал мэдээлэл өгч байгаагүй” гэж рейтингээ өсгөөд авахын зэрэгцээ энгийн иргэнээ заналхийлээд авсан удаатай. Бас тэр ЗГХЭГ-ын дарга гэдэг хариуцлагатай албан тушаал гэдгийг хэн хүнээр хэлүүлэхгүй мэддэг гэсэн. Гэсэн ч...

Л.Оюун-Эрдэнэ: Би УИХ-ын гишүүнээр сонгогдоод ямар нэг байдлаар хэвлэлийнхэнд худал мэдээлэл өгч байсан тохиолдол байхгүй. Бүх зүйлийг баримтад тулгуурлаж ярьдаг. Мэдээж, хардах эрх байна. ЗГХЭГ-ын дарга гэдэг хариуцлагатай албан тушаал. Иргэн Ц.Пүрэвтүвшин намайг нэр төрд халдсан гэж шүүхэд өгсөн. Хэн нэгний гар хөл болж байгаад ахын дүү хохиров доо. Ийм байдлаар явж байгаад улс төрийн золиос болов. Болгоомжтой бай. Тоглоом тоотой нь дээр шүү П.Орхон, Ц.Пүрэвтүвшин, н.Мэндсайхан нар аа. Та нарыг хараад өрөвдөөд байна. Ирээдүйгээ бодоод хүний гар хөл болохоо боль гэж дүү нартаа захимаар байна гэсэн юм.

“Би ямар ч албан тушаалд очихгүй” гэсэн хүн ЗГХЭГ-ын даргын алба хашиж байна

УИХ-ын дарга асан М.Энхболдыг огцруулахаар өнгөрсөн нэгдүгээр сард талбай дээр 30 гаруй гэр барьж, Г.Занданшатар, Т.Аюурсайхан, Л.Болд, Ж.Батзандан, Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй гишүүд эсэргүүцлээ илэрхийлж байсан билээ. Тухайн үед гишүүн байсан, одоо ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ хэвлэлд байр сууриа илэрхийлж байхдаа ингэж хэлсэн байдаг.

Л.Оюун-Эрдэнэ: М.Энхболд гэдэг хүн болохгүй байгаа учраас огцруулах шаардлага тавьж байна. УИХ-ын дарга гэдэг хүн шударга ёсны талд зогсч, 76 гишүүний эрхийг хангах үүрэгтэй хүн. Залуу үеийн төлөөл болсон биднийг шинэ УИХ-ын даргыг дотроосоо төрүүлэх гэж байна гэсэн мэдээлэл гарсан байна лээ. Энэ тийм зүйл хэзээ ч болохгүй. Энэ цаг үед олон нийт биднээс хүсч байгаа, миний мэдрэмжээр бол төлөөллийн эрхэм үүргээ нэр төртэй биелүүлээсэй, УИХ-ын гишүүнээр ажил гэсэн үг. Тиймээс иргэдийнхээ энэ их итгэлийг албан тушаалаар наймаалцахгүй. Миний хувьд ямар ч албан тушаалд очихгүй, тэр байтугай Байнгын хорооны дарга ч болохгүй. Нэг сонгогдоод албан тушаалын хойноос шунан дурладаг байж болохгүй гэж би хувьдаа боддог. Монгол Улсын төрийн сайд ч гэсэн өндөр босго. Нөгөө талаар сайд л биш бол УИХ-ын гишүүний ажил юу ч биш гэж боддог ах нар маань болиосой хэмээн ярьж явсан удаатай билээ. Харамсалтай нь, Л.Оюун-Эрдэнийн үг үйлдэл алд дэлэм зөрүүтэй, шударга ёсны тэмцэл нь эрх мэдлийн төлөөх тэмцэл байсныг харлаа. Басхүү ЗГХЭГ-ын даргын байр сууринаас Төрийн индэр дээр зогсчихоод өөрт таалагдахгүй хэсгээ нулимж, шүүхийн шийдвэр гараагүй байхад бусдыг гүтгэн харлуулан, миний сонссоноор албан бус мэдээлэл шүү гэж хэлж байгаад л шууд гэмт хэрэгтэн мэт болгодог болсоор удлаа. Түрүүчээсээ ч Л.Оюун-Эрдэнэ сайдад гүтгүүлсэн хүмүүс шүүхэд хандах болсон. Ийнхүү Монголын төр “шантааж”-ны сайдтай болчихлоо.

ЭХ СУРВАЛЖ:"АРДЧИЛАЛ ТАЙМС" ҮНДЭСНИЙ ӨДӨР ТУТМЫН СОНИН. Сэтгүүлч Б.Бямбасүрэн.

 

 

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл (1)

  • DR. PRADHAN
    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802
    2019 оны 07 сарын 02
Сонин хачин