• Эхлэл
  • Дамирангийн Энхбат агсантай хэргийн талаар Ерөнхий сайдад албан тоот илгээжээ

Дамирангийн Энхбат агсантай хэргийн талаар Ерөнхий сайдад албан тоот илгээжээ

2019/06/19

ТЕГ-ын дарга асан Б.Хурцын эхнэр Ү.Сарнай өнгөрсөн сарын 22-нд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан, Тагнуулын ерөнхий газрын дарга Д.Гэрэл нарт хандаж, Дамирангийн Энхбат агсантай холбоотой хэргийг улсын нууцаас гаргуулах тухай хүсэлт гаргасан. Тэгвэл Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд 2019 оны тавдугаар сарын 27-нд Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд албан тоот илгээсэн байна.

Энэхүү албан тоотод “Монгол Улсын Ерөнхийлөгчид хандан ТЕГ-ын дарга асан Батын Хурцын эхнэр Сарнаагаас Дамирангийн Энхбат агсантай холбоотой хэргийг улсын нууцаас гаргаж өгөхийг хүссэн хүсэлт ирүүллээ. Тэрбээр хүсэлтдээ ”Багануур дүүргийн шүүхийн 2002 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 46 дугаартай ялтныг эрэн сурвалжлах тухай захирамжаар Д.Энхбатыг эрэн сурвалжилж, шүүхийн шийдвэрийг хангуулахыг Цагдаагийн ерөнхий газарт даалгасан. Энэ ажлын хүрээнд Цагдаагийн ерөнхий газраас Тагнуулын ерөнхий газарт ирүүлсэн хүсэлтийн дагуу Д.Энхбатыг 2003 оны 05 дугаар сарын 18-нд тагнуулын байгууллага Монгол Улсад авчирч цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн нь үгүйсгэшгүй баримт болон үлдсэн. Улсын мөрдөн байцаах газрын 2 дугаар хэлтсийн чиглэлийн ахлах мөрдөн байцаагч Д.Отгонжаргал Д.Энхбатад холбогдох хэргийг мөрдөн шалгасан бөгөөд шүүхээс түүний өмнө нь эдлээгүй байсан ялыг эдлүүлэхээр шийдвэрлэсэн.

Ял эдэлж байх хугацаанд нь буюу 2004 оны 05 дугаар сарын 24-нд ахлах мөрдөн байцаагч Д.Отгонжаргал түүнийг С.Зоригийн амь насыг хөнөөсөн эрүүгийн хэрэгт сэжигтнээр тооцож шалгаж эхэлсэн” зэргийг дурдаад “Дамирангийн Энхбат агсныг Европын орнуудаар дамжуулан Монголд авчрах тусгай ажиллагаанд оролцсон хүмүүсээс зөвхөн Батын Хурцыг илчилж, улс төрийн золиос, бас нэгэн хэлмэгдэгч болгож нийгэмд муу муухай харагдуулах бүхий л технологийг эрх мэдэлтнүүд хангалттай хэрэгжүүллээ” гэсэн байна. 1995 онд батлагдсан Төрийн нууцын тухайн хуулийн 21 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Үндэсний аюулгүй байдлын эрх ашгийн үүднээс төрийн нууцыг яаралтай ил болгох шаардлага гарсан онцгой тохиолдолд ТЕГ-ын даргын саналыг үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч уул асуудлыг шийдвэрлэнэ” гэж заасан нь 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар хүчингүй болж, уг асуудлыг тухайн өдөр батлагдсан Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3 дахь хэсэгт “Төрийн болон албаны нууцад хамаарах мэдээллийг энэ зүйлийн 19.1.2-т заасан үндэслэлээр нууцлах хугацаа дуусахаас өмнө ил болгох эсэхийг тагнуулын байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар шийдвэрлэнэ” гэж зохицуулжээ.

Иймд нууцлах шаардлагатай эсэх нь эргэлзээтэй, нийтэд нэгэнт дэлгэгдсэн асуудлыг судлан үзэж, зохих хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэхийг хүсье” гэж дурджээ. Харин Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, ТЕГ-ын дарга Д.Гэрэл болон бусад албан тушаалтны зүгээс иргэн Ү.Сарнайд албан ёсны хариуг өгч, холбогдох арга хэмжээг авсан эсэх нь тодорхойгүй байна. ТЕГ-ын дарга асан Б.Хурц Дамирангийн Энхбат агсантай холбоотой хэргийг улсын нууцаас гаргуулах тухай хүсэлтийг ТЕГ-ын дарга Д.Гэрэлд 2017 онд гаргаж байсан аж.

 

ЭХ СУРВАЛЖ:http://analiz.mn

Д.Эрдэнэ

 

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин