• Эхлэл
  • Гал сөнөөгчид олноороо албаа орхисныг дуулсан уу, Ө.Энхтүвшин сайд аа!

Гал сөнөөгчид олноороо албаа орхисныг дуулсан уу, Ө.Энхтүвшин сайд аа!

2019/06/19

Албаны бүдүүлэг дарамт их, мэргэжлийн удирдлага нь алдагдсанаас болж Онцгой байдлын албаны гал сөнөөгч залуус олноороо албаа орхиж эхэлжээ. Саяхан …. дугаар ангиас 10-аад гал сөнөөгч, өөр нэг ангиас 5 гал сөнөөгч ажлаасаа зэрэг зэрэг гарсан байна. Ийнхүү бараг бүрэлдэхүүнээрээ шахам ажлаасаа чөлөөлөгдсөн тохиолдол Онцгой байдлын албаны түүхэнд байгаагүй бөгөөд энэ байдлын талаар саяхан хуралдсан шуурхай хуралдаанаараа онцгойлон авч хэлэлцсэн ч шийдэл олж хараагүй гэнэ.

Төрийн алба төрлийн алба болж, түүнийг нь засч залруулах нөхцөл бололцоо ч үгүй болсон энэ цагт улсын хамгийн чухал газрын нэг Онцгой байдлын алба ч ах дүү, амраг садны үүр уурхай болчихсон байгаа гэнэ. Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн гэхэд эхнэрийнхээ төрсөн дүүг саяхан дэд дарга болгоод аваад ирсэн.

Түүнээс нь улбаалан хөөвөл ах дүү хамаатны сүлжээ нь хэтийдэж, энэ албан дахь цусан төрлийн хэлхээ ургийн мод шиг болсон гэдгийг ажлаа өгсөн алба хаагчид хэлж байна. Түүнчлэн албан тушаалаа арилждаг. Хэлтсийн даргын суудал 20-30 саяын үнэтэй гэх яриа хэдийнээс бий болсон гэнэ.

Тэрбайтугай тэтгэврийн нас ойртсон хүнээ ажлаас шууд шахаж, орны нь хүнийг хэдийнэ зэхчихсэн байдаг нь хэвийн үзэгдэл болсон гэлцэнэ.

Ах дүү, амраг садны эл хэлхээний хажуугаар цагдаагийн байгууллагаас шилжсэн, тэтгэвэр тогтоолгосон нөхөд Онцгой байдал, АТГ, прокурор, шүүх гэх мэт улсын онцгой салбаруудад шигж, самарч буйн жишээг Онцгой байдлын газраас хангалттай олж болно гэдгийг ч хэлж байна.

Танил тал, ах дүүсээр ирсэн учраас удирдлагын чадвар, мэдлэг, чиглүүлэлт алдагдаж, оронд нь дуудлага, яаралтай арга хэмжээгүй үед сул байгаа ажилтан, алба хаагчдаа эр эмгүй гадна цементэн талбайд хэд хичнээн цагаар ч хамаагүй зогсоож, босч суу гэх командын дор гөлөг сургаж буй мэт авирладаг юм байх.  Ийм жагсаал, бэлтгэлд оролцох боломжгүй, жирэмсэн гэсэн эмэгтэй ажилтнаа “жирэмснээ нотол” хэмээн увайгүйтдэг дарга нар ч бий гэнэ.

Ийм эрээ цээргүй дэглэлт, тийм дарамтат жагсаал, бэлтгэлээсээ гэнэтийн дуудлага, аврах ажиллагаанд шууд гардаг гэдгийг гал сөнөөгчид хэлж байгаа юм. Гал сөнөөгч болно гэж ихэвчлэн 17-18 насны хүүхэд залуучууд орж ирдэг бөгөөд эрмэг, зоримог шижигнэсэн сайхан хүүхдүүдийн гэнэн, томоогүй залуу насыг нь зүгээр л ашигладаг гэдгийг мөн харамсан ярьж байна.

Өөрөөр хэлбэл, 20 хол гарчихсан, албандаа ахимагт орох хүмүүс нь гал руу шууд ордоггүй, мөнөөх хүүхэд залуусаа тэргүүнд явуулах зэргээр мэргэжлийн удирдлага даанч гэмээр алдагдсан байдаг юм байх. Тэгэхийн ч тулд бага наснаас нь гал сөнөөгчдийг ажилд авдаг болоод хэвшсэн гэнэ.

Аав ээждээ нялх, цэл залуухан хөөрхөн залуус орж ирээд нуруугаа авахуулсан морь шиг болоод энэ байгууллагаас гарч байна гэдгийг ч нэрээ нууцлахыг хүссэн алба хаагчид хэлж байна, Ө.Энхтүвшин сайдаа!!! Гал сөнөөгч залуус чинь хувийн компани шиг болсон албанаас зугтаж олноороо ажлаа өгсөнийг та дуулсан уу?

Улсын хамгийн чухал салбар болсон Онцгой байдлын албаны залгамж халаа тань ийнхүү устаж, дахиад хичнээн тооны алба хаагч ажлаа хаяхаар жиг жуг гэлцэж байгааг мэдсэн үү… Онцгой чухал албыг алба шиг алба болгож, тэнд үүрлэсэн ах дүү, төрөл садны хэлхээсийг түрүүлж тасдах цаг болжээ, сайд аа!!!

Эх сурвалж: Нийгмийн толь

 


Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин