• Эхлэл
  • Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо

2019/06/24

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Зөвлөгөөний эхэнд НЗДТГ-ын Хяналт, шинжилгээ үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга өнгөрсөн зөвлөгөөний үеэр хотын Захирагчийн өгсөн үүрэг даалгаврын биелэлт, хэрэгжилтийн талаар товч мэдээлэл хийсэн юм.

Дараа нь нийслэлийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Ядамдорж “Сүүлийн 14 хоногийн хугацаанд гэмт хэрэг, зөрчил, зам тээврийн ослын шинжтэй 21 796 дуудлага, мэдээлэл хүлээн авсан нь өмнөх 14 хоногтой харьцуулахад 578 нэгж буюу 2.7 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Гэмт хэргийн шинжтэй 573 үйлдэл бүртгэгдсэн нь хоёр нэгж буюу 0.4 хувиар өссөн. Нийслэл хотын хэмжээнд 33 удаагийн хэв журмын хамгаалалтад давхардсан тоогоор 346 алба хаагч, 37 автомашинтай, 190.4 цагийн үүрэг гүйцэтгэсэн” хэмээн танилцууллаа.

Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Дашдорж “Өнгөрсөн 14 хоногт Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст 2489 дуудлага мэдээлэл хүлээн авч, 624 эд материалийн хохиролтой ослыг даатгалаар шийдвэрлэсэн. Хүн гэмтсэн осол 101 бүртгэгдэж, Зам тээврийн хэргийн улмаас долоон хүний амь эрсдэж, 121 хүн гэмтсэн. Нийслэлийн хэмжээнд зам тээврийн ослын дуудлага өмнөх оны мөн үетэй харьцуулахад  2.2 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа бөгөөд Баянзүрх, Сонгинохайрхан дүүргүүдэд ослын дуудлага өсөлттэй байна” гэв.

Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа  Ж.Чүлтэмсүрэн “Өнгөрөгч 14 хоногийн хугацаанд объектын гал түймрийн 120, эрэн хайх, аврах ажиллагааны 18, нийт 138 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж, 104 иргэнийг үер усны осол, гамшиг, гал түймрийн аюулаас аварч, 590 гаруй сая төгрөгийн өмч хөрөнгийг хамгаалсан. Дээрх дуудлагыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад нийт аюулт үзэгдэл, ослын тоо 3.4 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Нийслэлийн Засаг даргын “Үер усны ослын аюулаас урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамжийн хэрэгжилтийн хүрээнд Туул гол дагуу Цагдаагийн байгууллагатай хамтран хөдөлгөөнт завьт эргүүл болон нэмэлтээр алба хаагчдыг хуваарьт оруулан үүрэг гүйцэтгэж, голын эрэг дагуу амарч буй 2500 гаруй иргэнд чанга яригчаар урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг хүргэн, хориглосон бүсэд байрласан 917 автомашиныг голын эргийн ногоон бүсээс 50-100 метрийн зайд гаргаж ажилласан. Туул гол дагуу иргэд амарч зугаалах, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гол усанд орох, бага насны хүүхэд багачууд хараа хяналтгүй голын эргээр тоглох нь ихсэж байна. Сүүлийн өдрүүдэд усны ослын дуудлага ихсэж, зарим иргэн осолдсоныг эрэн хайх ажиллагаа явуулж, цогцсыг гарган холбогдох байгууллагад хүлээлгэж өглөө” хэмээн танилцуулсан юм.

Зөвлөгөөний үеэр хотын Захирагч нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын зарим удирдлагуудаас цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан хийж гүйцэтгэж байгаа ажлын явцыг тодруулж асуув. Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, “Богд ар” хороололд баригдах хүүхдийн цэцэрлэгийн барилгын газрыг чөлөөлөх ажил ямар шатанд буй, Улаанбаатар хотын замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, түгжрэл, саатлыг багасгах талаар санал боловсруулж танилцуулах ажил ямар шатанд байгаа зэрэг асуудлаар холбогдох байгууллагуудын удирдлагуудаас товч мэдээлэл сонслоо.

Шуурхай зөвлөгөөний төгсгөлд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Улс, нийслэлийн төсөв болон орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа ажлуудыг салбар, дүүрэг тус бүрээр хэрэгжилтийг эрчимжүүлж, хөрөнгө оруулалтын ажлуудын явцыг Зөвлөлийн хуралд танилцуулах, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 5 дугаар зарлигаар баталсан “Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг мэдээллээр хангах журам”-ын дагуу ажлын хэсгийг шинэчлэн байгуулж, ажиллах журмыг боловсруулан, орон тооны албан тушаалтан томилж ажиллуулах, Монгол Улсын Засгийн газрын 2019 оны “Төрийн үйлчилгээний талаар авах зарим арга хэмжээний тухай” 149 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллах” зэрэг ажлуудын хэрэгжилтийг сайтар хангаж ажиллахыг нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын удирдлагуудад тус тус үүрэг болголоо.

Мөн нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дүгнэлтээр 138 сургуульд 770 гаруй зөрчил илэрсэн. Энэ тоо боловсролын салбарын үйл ажиллагаа ямар байгааг харуулж байна. Цаашид нийслэлийн Боловсролын газрын дарга, боловсролын салбар хариуцсан орлогч дарга нар энэ талд анхаарал хандуулж ажиллана. Сурах орчны аюулгүй байдал, сургуулийн орчны зөрчил дутагдлыг арилгаж ажиллах ёстой гэдгийг хатуу анхаарууллаа.

Түүнчлэн зөвлөгөөнөөр Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, дүүргийн Засаг дарга нарт нийтийн эзэмшлийн гудамж талбайн тохижилт, цэцэрлэгжүүлэлт, ногоон байгууламжуудын усалгаа болон хог хаягдалгүй байлгахад анхаарч, цэвэрлэгээний ажлыг долдугаар сарын 1-нээс өмнө дуусгах, Авто замын голд байрлуулсан шар хайс хүчтэй салхины улмаас унаж, замын хөдөлгөөнд оролцож байсан зарим автомашин болон хүний эрүүл мэндэд хохирол учруулсан асуудал гарсныг холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцох, иргэдэд учирсан хохирлыг барагдуулах, үер усны аюулаас сэргийлэх бэлтгэл ажлыг зохион байгуулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр холбогдох байгууллагууд дор бүрнээ анхаарч, төлөвлөгөө гаргаж ажиллах, өгсөн үүрэг даалгавруудыг холбогдох албан тушаалтнууд төлөвлөсөн хугацаанд хариуцлагатай хийж хэрэгжүүлэхийг даалгасан юм.  

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин