• Эхлэл
  • Хууль таныг зогсооно, Хууль зүйн сайд аа!

Хууль таныг зогсооно, Хууль зүйн сайд аа!

2019/06/27

Нийтлэлч Б.Сэмүүний нийтлэлийг хүргэж байна.

Хууль зүй, дотоод хэргийн сайдын дур зорго арай л дэндэж байна. Дур ихэдвэл юу болох гэдэг билээ.

Баасан гаригт Eagle телевизийн ярилцлагад (Ц.Нямдорж: Намайг юу ч зогсоож чадахгүй) орсон Хууль зүй, дотоод хэргийн сайд “эхлүүлсэн ажлаа амжилттай дуусгахад” нь дэмжлэг үзүүлсэн намын нөхөд, итгэл үзүүлсэн ард түмэндээ телевизийн эфирээр дамжуулж талархал илэрхийлэв. Эрүүдэн шүүсэн нөхдийг шүүхийн өмнө аваачсан, “Эрдэнэ”-ийн луйврыг илчилсэн, Гандангийн дэнжид долоон давхар сүм бариулсан зэрэг нь түүний Хууль зүйн сайдын карьерын төгсгөл байсан бололтой юм. Нэг талаас ингээд дууссан бол яахав.

Харамсалтай нь, Ц.Нямдорж сайд Хууль зүйн сайд хүний амнаас гарч болохгүй хэд хэдэн алдаа хийлээ. Хорин жил сайд хийхдээ С.Зоригийн хэргийг яагаад илрүүлээгүй юм бэ? гэхэд “Хууль зүйн сайд хүн хэрэг бүртгэл, мөрдөн шалгах ажиллагаанд оролцож болдоггүй. Энэ хэрэг чинь нууцын зэрэглэлтэй шалгагдаж байсан” гэх мөртлөө “Эрүүдэн шүүсэн хэргийг харьяалал тогтоолгохоор прокурор УДШ-д хандаад ес хонож байна. Энэ бол аюул. Хэргийг яаж завхруулах вэ? гэдэг хуйвалдаан наймаагаа л тэд хийж байгаа. Төрийн гурван өндөрлөгөөс энэ хүмүүсээ явуул гэж хэлээд явуулахгүй байна, УИХ-ын дарга ч хөдлөхгүй байна” гэх мэтээр ярив.

Нэгдүгээрт, Эрүүдэн шүүсэн асуудлыг ингэж их ач холбогдол өгч шалгуулж байгаа нь хууль зүйн сайдын хувьд сайн хэрэг. Иргэнээ гэсэн сэтгэл байна аа гэсэн үг. Харин хоёрдугаарт шүүхээр хэрэг эцэслэн шийдэгдээгүй байхад “энэ хэрэгт найман хүн оролцсон, шүүхээр орох нь тодорхой болсон. Шүүхэд итгэхгүй байна, шүүгчдийг солих хэрэгтэй” хэмээн ярих нь Хууль зүйн сайд хүний амнаас гарах үг биш байх аа. Соёлтой улс оронд бол шүүхийн шийдвэрт урьдаас нөлөөлөх гэсэн оролдлого гэж шууд үзнэ. Тэр тусмаа шүүх засаглалд хянагдах ёстой гүйцэтгэх эрх мэдлийн нэг этгээд шүүх рүү улаан цайм ингэж дайрах нь цаанаа учир шалтгаантай гэж харагдаж болно. Бүр цаашлаад шүүхийн өмнөөс шийдвэр гаргачих гээд, яллагаа хийчих гээд яараад байгаа нь бүр их сонирхолтой санагдаж ч болно.

Гэвч нэг зүйлийг сануулахад, хэргийн сэжигтнүүдийг шалгах явцдаа хүнийг эрүүдэн шүүсэн буюу хүний эрх зөрчсөн, гүйцэтгэх ажлын хууль тогтоомж зөрчсөн (яллагдагчаар татагдсан үндэслэл буюу хэргийн зүйлчлэл) нь ийм аргаар олж авсан нотлох баримтыг хүчингүй болгох үндэслэл болохоос биш хэргийг бүхэлд нь үгүйсгэж чадахгүй. Хэрэгт хяналт тавьсан прокурорын хэлснээр “эрүү шүүлтэд өртсөн” гээд байгаа хоёр хүн нь хэргээ хүлээгээгүй, хүлээх ч шаардлагагүй, өөр бусад нотлох баримтаар хэргийг нотолсон гээд байгаа.

Энэ бол Ц.Нямдорж сайд шиг хөндлөнгөөс харж, мэргэжлийн хувьд сонирхож байгаад гэмт хэрэг илрүүлэх, түүнийгээ шалгах гэж “хорхойсох” (бүр яг тэгж хэлсэн байдаг юм) энэ тэрээс шал өөр ойлголт л доо. Ядаж л Г.Эрдэнэбат гэдэг прокурор нь манай хуулийн практикт суугаад байсан “Хамгийн сайн нотолгоо бол хэрэгтний өөрийн мэдүүлэг юм” гэх Вышенскийн онолыг эсэргүүцдэг хүн. Харин Ц.Нямдорж сайдын хувьд өөрийнхөө арга барилаар “тэгсэн байж магадгүй” л гэж үзээд байх шиг байна. Хэрэв тийм эргэлзээ байгаа бол нууцын зэрэглэлээс гаргасан хавтаст хэргээ өмнөө тавьж байгаад, хоёул нэг ширээнд суугаад мэтгэлцэх хэрэгтэй л дээ. Харамсалтай нь өмнөх удаа тийм боломж олгоход Ц.Нямдорж сайд өөрөө татгалзсан байдаг юм.

Ц.Нямдорж сайдын энэ хэргийн талаар эл дол болтол ярьж байгаа нэг зүйл бий. Т.Чимгээгийн хашаанд хүний цогцос аваачиж хаясан, айлгаж ичээсэн л гээд байдаг. Айж ичсэн хүн “Би хүн алаагүй. Та нарт нотлох баримт байгаа юм уу” (мөрдөн байцаалтын явцад Т.Чимгээгийн амнаас гарсан ганц үг) гээд сууж байх уу? Хоёрдугаарт айлгаж ичээх гэсэн байлаа гэхэд яагаад заавал ажлын хэсгийнхэн аваачиж хаясан болдог юм. Эсрэгээрээ Чимгээгийн амыг барихын тулд хэргийн захиалагчдын зүгээс хийсэн байж болох уу? Уг нь Ц.Нямдорж сайд энэ хэргийг тэгтлээ сонирхож, хорхойссон нь үнэн бол энэ талаас нь ч бас бодож болно л доо. Юм бүхэнд хоёр талтай бай гэж. Гэвч үнэн хэрэгтээ Т.Чимгээгийн хашаанаас хүний шарил олдох үед Т.Чимгээ өөрөө хотод явж байсан байдаг юм. Хэрвээ тиймгүй байсан бол хамгийн түрүүнд ажлын хэсгийнхэн “яав, юу болов” гээд шалгах байсан байх л даа.

Хоёр дахь нь “Яагаад эхнээсээ хоёр хүнийг хайж байтал дөрөв болчихов оо? Энэ чинь зохиомол хэрэг байна” гэх Ц.Нямдорж сайдын асуулт. Яг үнэндээ “хоёр хүн байсан” гэдгийг ганц Булган л хэлсэн. Түүнээс өөр харсан үзсэн хүн, нотолсон баримт байхгүй. Хэрвээ ажлын хэсгийнхэн үнэхээр өөрсөддөө хялбараар бодоод “хэрэг зохиох” (Ц.Нямдорж сайдын хэлснээр) байсан бол ядаж л дөрөв биш, гурав ч биш, хоёр хүнийг яллана биз дээ. Анхнаасаа хоёр хүн үйлдсэн гэсэн юм чинь тоог нь зөрүүлээд яахав гээд. Заавал дөрвөн хүнийг холбогдуулж (нэг нь нас барсан), гурван хүн яллах шаардлага байсан уу? "Энэ хэргийг дөрөв биш, хоёр хүн үйлдсэн" гэж зүтгээд байгаа Хууль зүйн сайдын мэдэгдэл харин хачирхалтай биш үү? 

Хэргийн шалгалтын явцад хүний эрхэнд хууль бусаар халдсан байна гэж хэлэх нэг хэрэг. Гэм зэмгүй хүмүүсийг зохиомол хэрэгт гүтгэж, хилсээр шийтгэлээ гэх огт өөр хэрэг. Ингэхэд "гэм зэмгүй" гэдгийг нь шүүх тогтоодог болохоос биш, сайд нотлох уу? Энэ мэтийн санаатай, санаагүй алдаанууд Ц.Нямдорж сайдын амнаас байнга гардаг болов. Сүүлдээ мань хүн өөрөө “хэрэг зохиогоод” байна уу? ч гэж эргэлзэхээр болж байна.

Сүүлд өгсөн ярилцлагадаа “Эрдэнэтийн луйврыг хэргийг шалгаж дууссан. Прокуророос удахгүй шүүхэд шилжүүлнэ” гэж ярьсан. Энэ ч гэсэн худал болов. Эх сурвалжийн хэлснээр АТГ, Эрүүгийн цагдаа хоёр хэргийг шалгаж дуусаагүй, прокурорт шилжүүлээгүй байна. Хэрэв шилжсэн бол наад зах нь хэргийн холбогдогч нарт мэдэгдэх ёстой. Харин мань хүн хэргийг яаралтай шүүхэд шилжүүлэхийн тулд “улс төрийн шахалт” маягийн зүйл хийж байна гэж ойлгохоос өөр аргагүй. Сонгууль болоход жил хүрэхгүй хугацаа үлдлээ шүү дээ. Ц.Нямдорж сайд дахиад нэг жил ярих зүйлтэй болно. 

Хууль зүйн сайдтан дээрх үйлдлүүдээ “эх оронч үйл хэрэг”, “мафийн эсрэг тэмцэл” хэмээн хүүхэд шиг хөөрцөглөж, “намайг юу ч зогсоож чадахгүй” гэв. Гэвч нэг зүйлийг сануулахад, хууль таныг зогсооно оо, Хууль зүйн сайд аа. Цаг цагаараа байдаггүй гэж үгтэй. Сайд ч сайдаараа байдаггүй.

Ингэхэд Ц.Нямдоржийг Хууль зүйн сайд байхад С.Зоригийн хэрэгт сэжиглэгдэн Францаас хулгайлагдаж ирээд амиа алдсан Д.Энхбатыг бас яах вэ? Ар гэрээс нь уучлал гуйсан уу? Талийгаачийн хүүхдүүдээс УЕП-т гаргасан гомдлыг бас яах болж байна. Эрүү шүүлт хэрэглэхгүй гэсэн Хууль зүйн сайдын "тэмцэл" иргэнээ алагчлахгүй байж чадаж байна уу?

ЭХ СУРВАЛЖ:inews.mn

Нийтлэлч Сэмүүн 


Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин