• Эхлэл
  • Яармаг дахь хотын захиргааны шинэ цогцолборыг Шинжлэх ухаан, инноваци, технологийн төв болгох санал гаргалаа

Яармаг дахь хотын захиргааны шинэ цогцолборыг Шинжлэх ухаан, инноваци, технологийн төв болгох санал гаргалаа

2019/06/28

Нийслэлийн ЗДТГ-аас зохион байгуулж буй “Улаанбаатар эдийн засгийн форум 2019” арга хэмжээний үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан Яармагт баригдаж буй хотын захиргааны шинэ барилгыг хүүхэд, залуусын танин мэдэхүй, оюуны чадавхийг хөгжүүлэх, инноваци, технологийн чиглэлээр ашиглах саналтай байгаагаа танилцууллаа. Улаанбаатар хотын суурин хүн амын 63.3 хувийг 35 хүртэлх насныхан эзэлж байгаа учраас хотын Захирагч “Хүн төвтэй хот” бодлогынхоо хүрээнд хүүхэд, залуусыг чөлөөт цагаа үр бүтээлтэй, зөв боловсон өнгөрүүлэх, тэднийг багаас нь бүтээлч, инженер техникийн сэтгэхүйтэй болгож хөгжүүлэхэд анхаарч байгаа гэдгээ чуулганд оролцогчдод танилцуулсан юм.

“Яармагийн шинэ дэд төвд баригдаж буй 68 мянган ам метр талбай бүхий хотын захиргааны шинэ цогцолборыг нийслэлийн Засаг даргын хувьд миний бие хүүхэд, залуустаа зориулахыг хүсэж байна. Төрийн албан хаагчдын ажлын орчин нөхцөлийг сайжруулах нь чухал. Гэхдээ албан хаагчид нэн тэргүүнд ажлын хариуцлага, чадавхаа дээшлүүлэх нь чухал. Ажлыг үнэхээр чин сэтгэлээсээ хийе, бүтээе гэвэл хаана ч хийх боломжтой. Хотын ажил гэдэг бол бодит амьдрал дунд орж, асуудал шийдэхийг шаарддаг. Иргэд оршин суугчдад тулгамдсан зарим асуудлыг автобусанд буюу “Явуулын байр”-аар газар дээр нь очоод шийдэж болж байна. Тиймээс хотын захиргааны шинэ цогцолборт нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын ажилтан, албан хаагчид нүүж орж, ажиллах нь нэн тэргүүний шаардлага биш. Юуны түрүүнд улс орны ирээдүй болсон, их хотын хүн амын дийлэнх олонхыг бүрдүүлж буй хүүхэд, залуусынхаа боловсрол мэдлэг, ур чадвар, инженер техникийн сэтгэхүйг хөгжүүлэх, технологиос хамааралтай ирээдүйн хөгжилтэй хөл нийлүүлэн өрсөлдөх чадвартай иргэдийг бэлтгэх зорилгоор ашиглах нь зөв гэж үзэж байна” хэмээн хотын Захирагч С.Амарсайхан онцлов. Түүнчлэн тэрбээр “Өнөөгийн дэлхий нийтийн боловсролын чиг хандлага нь хувь хүний бүтээлч ур чадварыг хөгжүүлэх, бүхий л салбарт хөрвөх чадамжтай олон талт хөгжлийг хангахад чиглэх болсон. Өндөр технологи, IT-ийн салбарын чадварлаг мэргэжилтнүүд цаашид улам бүр эрэлттэй байх болно. Цаг үеийн энэхүү эрэлт хэрэгцээг бодолцсоны үндсэн дээр уг цогцолборыг үндэсний хэмжээний Инноваци, технологийн төв болгохыг хүсэж байна. Тэнд судалгаа шинжилгээний мэргэжлийн  байгууллагууд төвлөрч үйл ажиллагаа явуулдаг, залуу хойч үеэ дагалдуулан сургаж бэлтгэдэг, гарааны бизнесээ эхлэх гэж буй залуучууд тав тухтай, чөлөөтэй ажилладаг, гэр бүлүүд хүүхэд багачуудтайгаа хамт ирээд, аливаа туршилт судалгаа хийдэг байх боломжийг бүрдүүлнэ” гэхэд чуулганд оролцогчид алга ташин дэмжиж, талархал илэрхийллээ.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин