• Эхлэл
  • Бүтээгчдээ наалддаггүй баялаг буюу "Эрдэнэс Тавантолгой"

Бүтээгчдээ наалддаггүй баялаг буюу "Эрдэнэс Тавантолгой"

2019/07/02

Өглөө 08 цагт хотоос хөдөлсөн хэвлэлийн бага арав гаруй цаг явж, оройн 22 цагийн орчимд уурхайн жижиг тосгонд хүрэв. Өдрийн ээлжийнхний амралт эхэлж, шөнийн ээлж ажилдаа гарсан хойно очсон хотын “зочид” хоолоо идээд амрах газраа тухаллаа.

Бөөрөөр нь нийлүүлэн барьсан дөрвөн гэрийн дунд нэг ариун нэг цэврийн өрөө хийж, халуун хүйтэн устай холбожээ. Шөнийн ээлжийн ажилчид өдрийн цагаар амрахад нь саад болохгүйн тулд гэрүүдийн өрхийг битүүлж, агааржуулагч тавьжээ. Өвлийн цагт шалнаасаа халдаг тул зуух энэ тэр хэрэглэдэггүй юм байна. "Монгол гэрийг жилийн дөрвөн улиралд тааруулан барьж буулгахгүй бол амархан илжирч мууддаг, ажилчдын байр хийхэд тохиромж муутай юм. Энэ жилийн төлөвлөгөөнд ажилчдын байр барих зорилго тавиад байсан ч борлуулалтын ашгийг бүхэлд нь төмөр зам руу авсан учир төсвийн боломжгүй болсон. Төрийн өмчит компани шүү дээ, эзэн нь юмаа мэддэг хойно одоо яалтай билээ" гэх.

Улаанбаатараас 560 км яваад Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг, Улааннуурын хөндий гэх газарт Тавантолгойн бүлэг орд үргэлжилнэ. Ордын нөөц 6,5 тэрбум тонн, үүнээс гурван тэрбум илүү нь сайн чанарын коксжих нүүрс. Уурхайг нээснээс хойш ЭТТ компани 50 сая тонн нүүрс олборложээ. 2019 онд 19 сая тонн нүүрс олборлох төлөвлөгөөтэй, энэ багцаагаар бол багадаа л 100 жил ашиглах боломжтой гэнэ. Орон нутгийн “жижиг” Тавантолгой, “Энержи Ресурс”, “Эрдэнэс Тавантолгой” компаниуд уг орд дээр олборлолт хийж байна. ЭТТ компани Баруун, Зүүн цанхи, “Энержи Ресурс” Ухаа худгийн уурхайгаас нүүрс экспортолдог.

Төрийн өмчит ЭТТ компанийн хувьд гэрээт олборлогчоор ажлаа гүйцэтгүүлдэг. Цанхийн Баруун уурхайгаас “ММИК”, “Хишиг-Арвин” ХХК-иуд, Зүүн уурхайгаас Хятадын хөрөнгө оруулалттай “TTJVCO” ХХК олборлолт хийж байна. Орон нутгийн, төрийн, хувийн өмчит гурван компани нийлсэн уурхайн талбайн зах нь үл харагдаж, тэнгэр тулам тоосон дунд уурхайн том техникүүд хоногийн 24 цаг ажиллана. Уурхайг хамгийн багадаа 100 жил ашиглана гэж үзвэл дахиад 100 жилийн нөхөн сэргээлт хийх шаардлага гарах бололтой.

ЭТТ компанийн уурхайн хэсэгт яг одоо 597 хүн ажиллаж байна. Үүний 21 хувь нь орон нутгийнхан буюу Даланзадгад, Цогтцэций сумын иргэд. Уурхайг дагаж 10 мянга гаруй ажлын байр бий болсны 8300 гаруй нь нүүрс тээвэрлэгчид. Нүүрс тээврийн машинууд уурхайн хойд хэсэг дэх агуулахын хэсгээс эхлэн ар араасаа дугаарлаж, уурхайн овоолгыг ороон үргэлжилсээр хараанаас алдарна. Тээврийн жолооч машиндаа хоолоо идэж, унтаж амраад метр, см-ээр урагшилсаар ачаандаа хүрдэг. Нэг ёсондоо хоногийн 24 цаг ажилтай. Нүүрсээ ачаад урд хил рүү гарч буулгаад буцаж ирэх хүртэл дахиад долоо хоног энэ маягаар явна гэсэн үг. 140 компанийн 13000 гаруй бүртгэлтэй тээврийн хэрэгсэл энд нүүрс тээвэрлэж байна. Оргил үедээ хоногт 1000 гаруй машин ачдаг, өнгөрсөн өдрийн байдлаар 600 машин ачсан гэнэ.

2019 оны эхний дөрвөн сарын байдлаар Монгол Улс 15,6 сая тонн нүүрс экспортолсны 6,8 сая тонныг ЭТТ компани дангаараа гаргажээ. 2018  онд 1,8 их наяд төгрөгийн олборлолт хийж, 807 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан юм байна. Өнөөдрийн байдлаар Зүүн цанхийн уурхай 66 ам.доллар, Баруун Цанхийн уурхай 71 ам.доллараар нүүрсээ борлуулж байгаа гэнэ. Зүүн уурхайн үнэ зах зээлийн үнээс бага байгаа нь С.Батболдын Засгийн газрын үед Чалкогаас авсан зээлтэй холбоотой. Зээлийн үлдэгдэл 100 гаруй сая ам.долларыг ЭТТ компани төлж дуусгасан хэдий ч зээлээ төлснөөс хойш 15 жилд үнийг тогтвортой мөрдөх гэрээтэй юм байна.

Өнгөрөгч дөрөвдүгээр сард Засгийн газар Монголын шилдэг 100 аж ахуйн нэгжийг шалгаруулахад “Эрдэнэс Тавантолгой” компани “Эрдэнэт” үйлдвэрийн дараа хоёрдугаарт жагссан. Борлуулалтын ашгаараа “Эрдэнэт” үйлдвэрийн өмнө орсон ч ашгийн 800 тэрбумыг төмөр замын бүтээн байгуулалт руу татаад авчихсан учраас татвар төлөлтөөрөө “Эрдэнэт”-ийн ард оржээ. Хэрвээ Зүүнбаянгийн төмөр зам хэзээ нэгэн өдөр дуусч гэмээн тэр үед ЭТТ компанийн уурхайчдад зориулан "хөшөө босгох" хэрэгтэй юм байна.

Уурхайчдын хувьд нэг салбарын, ижил мэргэжлийн, ойр зэргэлдээ учраас ам нээх болгондоо "Оюутолгой", "Энержи Ресурс"-тай жишиж ярина. "ER" 500 сая доллар босгоод цахилгаан станц, авто зам барьсан л гэнэ. Цогтцэций сумын төвийн замыг "Энержи Ресурс" компани өөрийн хөрөнгөөр барьж, сумын төвд ажилчдын сууц гээд 6-7 ширхэг орон сууц барьчихсан байна. Яармагийн гүүр гараад байдаг MCS-ийн “Вива Сити” хотхоны туршилтын загварыг Цогтцэцийд барьсан юм байна.

“ER”-ийнхан (Энержи Ресурс) бидний ирсэн төв замаас уурхай руугаа сайжруулсан шороон зав тавиад эхэлчихсэн, Хятадын компани Цогтцэций сумаас аймгийн төв рүү хатуу хүчилттай зам тавьж байгаа (замын ажил эхлээд 5-6 км явчихсан, ажил ид дундаа байна) гэх мэтчилэн харьцуулах, жиших зүйл ч ихтэй. Харин ЭТТ хувьд өнгөрсөн жил эхлүүлсэн 8,2 км замаа энэ үеэр нээж, ашиглалтад оруулсан нь улсын компанийн хувьд том “амжилт” болов.

Нийтдээ 31 тэрбум төгрөгөөр осч буй энэ зам ЭТТ компанийн уурхайг Гашуунсухайтын автозамтай холболоо. Энержи Ресурс компани Тавантолгой-Гашуун сухайтын 245 км автозамыг барьснаас хойш таван жил гаруйн дараа. Тээврийн жолооч нар, орон нутгийн удирдлагууд, малчид, иргэд “Булган сүүлтэй байх болтугай, дахиад олон зам бариарай” хэмээн бэлэгшээнэ. Хаа сайгүй хүнд даацын машин хөлхөж, нүүрсний нунтаг, уурхайн тоос хийсч байдаг энэ бүс нутагт авто зам шиг амин чухал хэрэгцээ алга.

Монголын хамгийн том нүүрсний орд, уурхайг дагаж хөгжих, хөлжих хүсэл эрмэлзэл хэн хүнгүй. Тэр хөгжил нь байгаль орчиндоо ээлтэй, орон нутагтаа үр өгөөжтэй байгаасай гэсэн хүсэл хаа ч очсон дагаастай. “ER”-ийнхан шиг бэлтэй, хөлтэй хөдөлж чадахгүй ч гэлээ замынхаа нээлтийг тааруулаад ЭТТ компани Цогтцэций сумын Онцгой байдлын хэлтэст цоо шинэ УАЗ-фургон автомашин бэлэглэснийг нь шижигнэсэн дөрвөн сайхан залуу ёслолын формаа өмсч ирээд унаад явна лээ. Өнгөрсөн жил мөн аймгийн Цагдаагийн хэлтэс, Мэргэжлийн хяналтад тус бүр нэг нэг УАЗ-фургон бэлэглэжээ.

“Ногоон говь” төслийн санхүүжилтийг төмөр замын бүтээн байгуулалтад татжээ

“ЭТТ”-иас санаачлан 2011 оноос говийн бүсийн экологийн тэнцвэрийг хадгалах “Ногоон говь” төслийг эхлүүлсэн юм байна. Уурхайн хуучин ашиглаж байсан “Эрдэнэс”кемп дээр туршилтын нэг га талбайд арав гаруй төрлийн мод тариалж, эхнээс нь шилжүүлэн суулгаж эхэлжээ. Сумын төвийн баруун хойно 85 га талбайд шар хуайс, хайлаас суулгаж байна. Сэлэнгийн Хүдэр, Бугантаас хоёр настай суулгац авчирч тариалаад дөрвөн жил  болж байгаа юм байна. Энэ ажлыг ЭТТ компанийн туслан гүйцэтгэгч буюу гэрээт компаниуд өөрийн хөрөнгөөр хийж байна. Дөрвөн жилийн өмнө тарьсан эхний суулгацууд нэлээд хөрөвжөөд, өвдөг тохой өнгөрөөд эхэлж. Энэ өдөр “Хишиг-Арвин”, “Моннис”, “TTJVCO” компанийн ажилчид Сэлэнгээс гурав хоногийн өмнө ирсэн шинэхэн суулгацаа тарьж байхтай таарав. 85 га-д 60 мянган мод тарихаар төлөвлөснөөс 20 мянга гаруйг нь тариад байгаа юм байна.

ЭТТ компани "Ногоон говь" төсөлд энэ жил 1,5 тэрбум төгрөг төсөвлөөд байсан ч “гайтай, хөөтэй” төмөр замын хөрөнгө оруулалтаас болоод бас л буцаан татагджээ. Гэсэн ч графикийн дагуу уурхайн нөхөн сэргээлтийн ажлыг 2020 онд эхлүүлэх ёстой болохоор зүгээр суух эрх байхгүй.Дээр нь аймгийн ИТХ-аас аль 2015 онд шийдвэр гарч, 100 мянган хүнтэй шинэ суурьшлийн бүс байгуулах ажлыг ЭТТ компанид даалгасан, ойр ойрхон сануулж байгаа. Хэлдэг гурав, хийдэг ганц... гэдэг шиг "ноён" олон бололтой. Энд нэг нь ноогдол ашгаа нэхэж сандаргана, тэнд нөгөө нь "төмөр зам руу мөнгө хийсэнгүй" гэж зандарна. Төрийн компанийн зовлон юм даа. Хэн хэнд нь энэ компанийг, тэнд ажиллагсдыг гэх сэтгэл алга. Хаа хаанаа "мөнгө цагаан, нүд улаан" л явж байна.

"Ногоон говь" төсөл дээр ЭТТ компанитай хамтарч ажиллаж буй ХААИС-ийн Агро-Экологийн сургуулийн захирал А.Буянбат "Уул уурхайгаас болж бэлчээрийн ургамлын тоосжилт 32 дахин нэмэгдсэн байна. Тоосжилтыг багасгахын тулд говийн бүсийг ойжуулах шаардлагатай. Одоогоор манай говьд арай тэсвэртэй нь хайлаас, хуайс байна. Шилмүүст мод тоосыг хамгийн сайн шингээдэг. Урагшаа хил даваад Эрээнээс цаашаа дан шилмүүст мод тарьсан байгаа биз. Тэндэхийн хөрс эндэхээс илүү хүчиллэг учраас шилмүүст мод ургаад байна. Хэрвээ бид хүчиллэг бордоо үйлдвэрлээд эхэлбэл шилмүүст мод ургуулж чадна. Уурхайн талбайд хийсч байгаа тунамал чулуулгийн хурдасыг ашиглаад хүчиллэг бордоо үйлдвэрлэх боломжтой" хэмээн ярьж байна.

ЭХ СУРВАЛЖ:INEWS.MN

Б.ЗАЯА


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин