• Эхлэл
  • Эмоцийн ач тус хийгээд хор хөнөөлийн тухай

Эмоцийн ач тус хийгээд хор хөнөөлийн тухай

2019/07/18

Э.Бат-Үүл ийн өгүүлэв. 

Манай Наадам гайхалтай болдог. Монголчууд ямар их онгодтой, хөөрөлтэй, эмоцтой хүмүүс гэдгийг чухам Наадам л үзүүлж өгнө. Бөх, морь, харвааны тайлбарлагчид, телевиз радиогийн нэвтрүүлэгчид гээд микрофон амандаа барьсан бүхэн яруу найрагчид болно. Гүрбазар манлайлна шүү дээ. Гүрбазарыг дагаад стадион тойрон хөлхөлдөх бидний монголчууд найргийн хэмнэлээр хоорондоо ярьцгаана. Зарим хүмүүс хийтэйгээ ч харуулна. Ийн хийрхсэн хүмүүстэй таарчихвал гадны хүн ч "үрэгдэж" мэднэ.

Би хотын дарга байхдаа гай нь таарч, хийтэй ямар нэгэн нөхөр гадны жуулчин хөнөөчих вий гэж их айдаг байсан юм. Тэгвэл ч дор хаяж аялал жуулчлалын бизнес будаа болж, түүнээс орж ирдэг хагас тэрбум орчим долларын орлогоо алдана шүү дээ! 

Наадмын нээлтийн тоглолтоос Чингисийн үеийн түүхийг үзүүлсэн хэсэг гараад ирэхүйд үндсэрхэг үзүүлтнүүд маань айхтар хөөрнө. Хажуугаар нь хятад иргэн явах ч юм биш. Зодож ч мэднэ. Явдаг юмаа гэхэд "мөнгөтэйгөө харуулж явах" хэрэгтэй. Учир юу гэвэл манай үндсэрхэг үзэлтнүүд, хятад хүнд дүргүй боловч мөнгөнд нь нугасгүй дуртай билээ. 

Ер нь "хөх монголчууд" болон тэднийг турхирдаг улстөрчдийн эх оронч үзэл нь мөнгөөр л хэмжигддэг юм! Мөнгийг нь төлчихвөл унасан нутаг, угаасан ус маань "дараагийн асуудал" болдог нь одоо хэнд ч нууц биш болжээ.

Үндэсний дээл хувцас нь монголчуудад зохино гэдэг нь ванлий. Эрчүүд нь бүгдээрээ Юндэн гөөгөө, бүсгүйчүүд нь бүгдээрээ Нансалмаа аятай гоё болцгооно. Мань мэтийн, биеийн таргаа хямгадаж чадахгүйн эрхэнд гэдэс цүдгэр, бөгс оцгор болсон эрчүүдийн, жирэмсэн эх мэт галбираа алдсан биеийг монгол дээлний сайн нуухыг яана гэхэв.

Монгол Наадам дэлхийд ганцхан наадам гэдэг нь үнэн. Гурван сая монголчуудын эмоцоор хөглөгдсөн наадам шиг ийм наадам өөр хаана ч байхгүй биз ээ.

Монгол наадам л монгол түмнийг маань ямар их эмоцлог улс болохыг үзүүлдэг билээ. Наадамд олон түмний эмоц ашиг тустай. Эмоцгүй наадам гэдэг бол хөг үгүй ая гэсэн үг. Тэр тусмаа хийрхэлгүй, зөв эмоцтой Наадам бол бүр сайхан хөглөгдсөн дуу гэсэн үг дээ. Тийм Наадам гадны жуулчидыг маш ихээр татна. Учир нь тэдэнд эмоцтой байсан үе бий, өдгөө түүнийгээ алдчихаад дэндүү рационал болсон. Тэгэхээр манай наадамд ирж эмоцоо сэрээх хэрэгцээ байдаг байлгүй.

Ийм болох нэг нотолгоог би, Монголын рок хамтлаг "The Hu" Европод алдаршиж буйгаас хардаг. "The Hu" хамтлаг, европчуудын дундад зууны түүхийн эхлэлийг тавигч викингүүдийн эмоцийг шингээсэн хамтлаг билээ. Хүннү болон викингүүд хоёр, ижил соёлтой байсан болохоор тэгдэг биз.

Харин наадмаас бусад ажил хэргийн цагт эмоц бол ашиг тусгүйгээр барахгүй хор хөнөөлтэй. Энэ тухай саяхан ерөнхий сайд асан М.Энхсайхан "Олон түмэн яагаад буруу эдийн засгийн бодлого сонгодог вэ?" хэмээх нэртэй, маш их анхаарууштай, чухал лекц тавьсан.

Энхсайханы лекцээс харахад, эдийн засаг гэдэг бол ашигтай байдал, харилцан итгэлцэл, тогтвортой хандлага зэрэг рационал тооцоолол дээр суурилсан ниймийн харилцаа. Ийм харилцаанд яруу найрагчийн онгодоор оролцож болдоггүй, хэрсүү ухаанаар хандах ёстой. Хяслантай нь олон түмэн эмоцоороо эдийн засагт ханддаг. Хямралын үед бүр их эмоцолдог. Гэтэл эдийн засгийн харилцаанд эмоц хор хөнөөлтэй аж!

Эдийн засгийн харилцаа бол эмоцоор бий болсон үр ашиггүй юм бүхийг устгаж байдаг харилцаа. Үр ашиггүй л бол; хувь хүнийг ч бай, өрх гэрийг ч бай, хуулийн этгээдийг ч бай, аварга том корпорацийг ч бай, улс үндэстнийг ч бай, тэр бүү хэл соёл иргэншлийг ч устгаж чаддаг. 

Социализм хэмээх ХХ зуунд ангийн үзлийн эмоцоор бий болсон шинэ хэлбэрийн соёл иргэншлийг, эдийн засаг нь хайр найргүй устгасан. Зөвлөлт Холбоот Улс хэмээх коммунистуудын эзэнт гүрнийг мөн нураасан. Түүнийг дагаад социалист Монгол дампуурсан. Үүнийг монголчууд бид биеэр үзсэн.

Өдгөө ч Венесүэлийг сүйрүүлж байна. Хойд Солонгос амиа аврах гэж үйлээ үзэж байна. Үр ашиггүй бүхнийг устгахдаа эдийн засаг үнэхээр гарамгай ажээ. Гэтэл, эдийн засгийн энэ "ширүүн зан"-г мэдсээр атлаа манай олон түмэн түүнд хандахдаа, хашрахгүй эмоцоороо хандсаар. Харин үүнийг нь популистууд хувийнхаа зорилгод чадварлаг ашиглах юм.

Популизм гэдэг бол угтаа популист этгээдүүд өөрсдийгөө эдийн засгийн уналтаас аварч гардаг заль мэх юм. Энэ заль мэхнийхээ ачаар, популизмаас болоод улсын эдийн засаг дампуурахуйд зөвхөн тэд л эд баялаг, эрх мэдлийг хожиж авсан байдаг зүй тогтолтой юм.

Уг зүй тогтол ёсоор Монголын эдийн засаг муудахын хэрээр монголын популистууд хөлжиж эхэлсэн!

Өнөөдөр, Монголын нийгэмд нэг талаас эдийн засгийн рационал байх шаардлага, нөгөө талаас олон түмний эмоцлог хандлага хоёрын хооронд зөрчил хурцадсан. Энэ зөрчил дээр популистууд тоглолт хийн байдлыг улам бүр даамжруулж, хувьдаа ашиг хийж байна.

Монголын популистууд улс төрийг улс төрийн овог аймгийн тулааны талбар болгож байна, политикийг популизм болгож байна, хөгжлийн чиг баримжааг зөн билгийн тулаан болгож байна. Өөрөөр хэлбэл, попууд хүмүүсийн рационал (оюунлаг) байх "орон зайг" сүйтгэж байна. Оюунлаг байх орон зайгаа алдсан хүмүүс улам бүр эмоцдоо хөтлөгдөн эдийн засгийн сүйрэл рүү алхах болно. Үүнийг л Энхсайхан лекцээрээ анхааруулаад байгаа юм.

Тийм ээ! Наадамд эмоц хэрэгтэй, харин улсын эдийн засагт эмоц хор хөнөөлтэй! Энэ энгийн үнэнийг монголчууд бид ойлгох цаг болсон! 

Э.Бат-Үүл. 2019.07.15


Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин