• Эхлэл
  • Б.Хурц нарын шүүх хурлыг 12 хүртэл хойшлууллаа

Б.Хурц нарын шүүх хурлыг 12 хүртэл хойшлууллаа

2019/07/23

Төв аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр үдээс хойш 14.00 цагт /2019.07.23/ эхэлсэн ТЕГ-ын дарга асан Б.Хурц нарт холбогдох шүүх хурал ирэх сарын 12 хүртэл хойшиллоо. Шүүх хурлыг хойшлуулсан шалтгаан нь өмгөөлөгчид шүүх бүрэлдэхүүнээс татгалзсан байна.

Б.Хурцад С.Зориг агсныг хөнөөсөн хэрэгт яллагдсан Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар тогтоосон юм. ЦЕГ-ын Тусгай субъектыг шалгах хэлтсээс ТЕГ-ын дарга асан, хошууч генерал Б.Хурцтай хамт ТЕГ-ын нууцын зэрэглэлтэй мөрдөгч Ж.Мөнхгал, С.Баяр, О.Бархасбадь, О.Бямбажав, ШШГЕГ-ын хоёр ажилтан зэрэг нийт есөн хүнийг шалгасан.

Тэднийг Эрүүгийн хуулийн 133 дугаар зүйл Гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомж зөрчих, 251 дүгээр зүйл "эрүү шүүлт тулгах" гэсэн хоёр зүйл ангиар буруутган ял төлөвлөсөн байна. Эрүүгийн хуулийн 133.1 нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51-100 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, 3-6 сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих, 251.1 нь албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасч таван жил хүртэл хугацаагаар хорих ялтай юм байна.

Өнөөдөр болсон шүүх хурлын үеэр шүүгдэгчдийн өмгөөлөгчдийн зүгээс хохирогч Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн гэгдэж байгаа Ц.Амгаланбаатарыг шүүх хуралд оролцуулах хүсэлт гаргасан тул, шүүх бүрэлдэхүүн хүсэлтийг хүлээн авч, Ц.Амгаланбаатарыг шүүх хуралдаанд гэрчээр оролцуулжээ.

Гэвч шүүх хуралдаан эхэлсний дараа шүүгдэгчдийн өмгөөлөгчид шүүх бүрэлдэхүүнээс татгалзасан тул шүүх хурлыг ирэх сарын 12 хүртэл хойшлуулсан байна. Б.Хурц нарт холбогдох хэргийн шүүх хурлыг ирэх сарын 12-ны 09.00 цагт дахин товложээ. Өнөөдөр болсон шүүх хуралдаанд С.Зориг агсны хэрэгт хяналт тавьж ажилласан УЕП-ын орлогч асан Г.Эрдэнэбат оролцсон байна. Түүнийг гүйцэтгэх ажиллагааны төлөвлөгөөнд гарын үсэг зурсан гэдгээр буруутгаж байгаа бололтой. Энэ тухай Хууль зүйн сайд Ц.Нямдорж өмнө өгсөн мэдээлэлдээ дурьдсан. Харин Г.Эрдэнбат прокурор асан энэ тухай "Ажлын хэсгийн ахлагчийн хувьд би гарын үсэг зурах эрхтэй. Үүнд хууль зөрчсөн асуудал байхгүй" гэлээ.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин