• Эхлэл
  • Төв банк яагаад хараат бус байх ёстой вэ

Төв банк яагаад хараат бус байх ёстой вэ

2019/07/26

Монгол Улсын мөнгөний нийлүүлэлт 20.2 их наяд төгрөг орчим байна. Энэ нь гүйлгээн дэх төгрөгийн хэмжээг төв банк барьж байгаа учраас ханш огцом унаж савлах, хэлбэлзэх үзэгдэл гарахгүй байгаа юм. Хэрвээ төв банкны хяналтыг аваад хяналтгүйгээр эдийн засагт маш их хэмжээний мөнгө хэвлэх шаардлагыг улс төрчдөөс тавибал эдийн засагт хүнд цохилт болно. Одоо 2020 оны сонгууль ойртож байна. Энэ нь ямар нэг эрх мэдэлтэн сонгуульдаа зориулж мөнгө хэвлүүлэхээр төв банкийг шахаж шаардах эрсдэлтэй. Ингээд ханшийг алддаг. 2012-2016 онд яг энэ зарчмаар валютын ханш огцом өссөн байдаг. Бид алдаагаа дахин давтаж болохгүй.

Төв банкийг шахаж, хэрэгтэй хэрэггүй янз бүрийн томоохон төслүүдэд мөнгө гаргасны хариуцлагыг хэн хүлээх вэ гэдэг асуудал тодорхойгүй байна. Төв банк шахалтаар нь их мөнгө гаргавал тухайн үеийн төв банкны ерөнхийлөгч хэдэн жилийн дараа буруутаж шоронд суух аюултай. Гэтэл үүнийг шахаж, дарамт үзүүлж, мөнгө гарга гэж тушаасан хүн нь хариуцлагаас мултардаг. Ийм хууль эрх зүйн орчин манайд үйлчилж байгаа юм.

Гаднаас импортын бараа, тоног төхөөрөмж, барилгын материал, газрын тос зэргийг авах шаардлага гармагц доллар хэрэг болж, илүүдэл төгрөг бүгд доллар руу урсаж эхэлнэ. Тэгмэгц долларын ханш өсч, төгрөгийн ханш унана. Төгрөгийн худалдан авах чадвар эрс суларна гэсэн үг. Манайх газрын тос, цахилгаан гээд өргөн хэрэглээний барааныхаа 90 орчим хувийг импортоор авдаг. Энэ бүхний үнэ тэр хэмжээгээр өсөх эрсдэл бий болно. Хэдхэн сарын дотор төгрөгийн ханш нурж, бүх юмны үнэ өсч эдийн засгийн сүйрэл бий болох том эрсдэлтэй нүүр тулна.

Ер нь бол хоёр янзын үзэл бодол бий. Нэг нь төв банкнууд ажил эрхлэлт, эдийн засгийн хөгжлийг дэмжих ёстой гэсэн үзэл баримтлал. Гэхдээ үүнийг сүүлийн жилүүдэд хэрэглэхээ больсон. Учир нь төв банк эдийн засгийг хөгжүүлдэг газар биш. Энэ бол Засгийн газрын үүрэг. Ямар бүтээн байгуулалт хийж, хөрөнгө оруулалт хэрхэн татаж эдийн засгийг хөгжүүлэх нь Засгийн газрын асуудал. Харин Төв банкны цорын ганц үүрэг бол төгрөгийн ханшийг хадгалах. Энэ үүргээ биелүүлж үнийн өсөлтийг аль болох өндөр байлгахгүйд л анхаарах ёстой. Түүнээс биш ямар нэг төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэх үүрэг байхгүй, байх ч ёсгүй.

Тиймээс төв банкны бодлого улс төрийн нөлөөллөөс хараат бус байх ёстой юм.

Б.Тулга


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин