• Эхлэл
  • Үндсэн хуулийг долоо дордуулсан түүх

Үндсэн хуулийг долоо дордуулсан түүх

2019/08/07

Баабар ингэж өгүүлэв.

Үндсэн хууль нь тухайн орны улстөр, эрхзүй, эдийн засгийн тогтолцоог тодорхойлдог онцгой статус бүхий дээд зарчмын хууль юм. АНУ анх Үндсэн хуулиа батлахаас өмнө дэлхийн хаана ч ийм цогц хуулийн зарчим онц хэрэггүй байсан бололтой. Тэр үед хаана ч хаан улс орноо захирдаг байсан болохоор тухайн хүн, их бодож бүлэг хүний хувирч өөрчлөгдөж болдог, хөгжүүлэн нарийсгаж эсвэл тэр чигээр нь цуцалж болдог тогтолцоо л байсан биз. Америкчуудаас өмнө нийгмийн тэгш тогтолцоо буй болгосон Англи, Швед, Голланд гэх мэтийн орнууд ерөөсөө Үндсэн хууль хийсэнгүй, гол хэдэн хуулиараа Үндсэн хуулийг орлуулах болсон.

Үндсэн хууль гол зарчим тодорхойлдог, тогтсон тэр хайрцагаас нь халилгүйгээр араас нь органик хуулиуд дагалдан нийгмийн хэв хэмжээг тогтооно. Үндсэн хуулийг зохиохдоо төсөөлсөн тогтолцоогоо зураглан харуулдаг, тиймээс үндсэн зарчмын асуудлаа орхигдуулах, тодорхой бусаар томъёолох зэрэг нь байнга тохиолддог бэрхшээл. Иймээс тодруулах, нэмэлт өөрчлөлт хийх, шинэчлэх, цоо шинээр зохиох зэрэг нь практикт байдаг л явдал. Тухайлбал АНУ-ын Үндсэн хуулийг батлахад орхигдуулсан гол зарчмуудыг үргэлж нэмэлт хуулиар тодотгоод явдаг. Ийм нэмэлт эдүгээ хорь гаруй бий. Үндсэн хуулийн нэгдүгээр нэмэлт гэдэгт АНУ-ын хууль тогтоох байгууллага шашин, хэвлэл, олон нийтийн байгууллагын тухай, тэднийг дэмжсэн болон хориглосон хууль тогтоомж гаргаж болохгүй гэж байгаа. Үүнийг эх Үндсэн хуулиасаа чухал зарчим гэж үздэг. Гэтэл архи дарсыг тус улсын нутаг дэвсгэрт үйлдвэрлэх, түгээх, тээвэрлэх, борлуулахыг хориглосон нэмэлт нь тун айхавтар сөрөг үр дагавар учруулсан тул арваад жилийн дараа бас нэг нэмэлтээр цуцлан хүчингүй болгожээ.

Франц анхны Үндсэн хуулиа 1791 онд баталсан боловч түүнээс хойш маш олон удаа шинэчилсэн. Хамгийн сүүлчийнх нь 1958 онд Тавдугаар Бүгд найрамдах улс байгуулагдахад шинэчилжээ. Сүүлчийн Үндсэн хуулинд 2000, 2008 онуудад нэмэлт өөрчлөлт оруулсан. Үндсэн хууль нь ерөнхий төсөөллөөр зохиогддог учраас заалт болгон нь амьдралтай тулан шалгагддаггүй учир тунхаг хэлбэрээр яваад байдаг. Судлаачдын өгүүлж буйгаар Францын сүүлчийн Үндсэн хууль хэрэгжээд жар гаруй жил болж байгаа боловч ердөө 30 хувь нь амьдралаар шалгагдсан аж.

Монгол улс ХХ зуунд Үндсэн хууль гэж шууд нэрэлсэн 4, Үндсэн хуулийн зэрэг зиндаатай хууль зарлиг тогтоол 4-ийг тус тус гарган хэрэгжүүлжээ. 1992 онд баталсан Үндсэн хууль 1996-2000 онд хүнд шалгуур туулсан юм. Үүнийг ойлгосон УИХ 1999 оны 12-р сарын 23-нд Үндсэн хуулинд тодотгол хийсэн ба тэрийг нь тухайн парламент 100 хувийн ирцтэйгээр нэгэн саналаар баталсан билээ. Өнөөдөр энэ тодотголын “албан ёсны” хоч нь “дордуулсан долоо”.

1996 оны сонгуулийн дүн Ардчилсан холбоо эвсэлд 50 суудал, МАХН-д 25 суудал, бие даагчид нэг суудал авчирсан юм. Үндсэн хуулинд тусгаснаар алив хуулийг гишүүдийн гуравны хоёр дэмжсэн тохиолдолд батлагдахаар тусгажээ. Энэ нь хууль батлагдахад даруй 51 гишүүний дэмжлэг хэрэгтэй болж буй хэрэг. Чухам энэ заалт цөөнхөд тун ашигтай тусав. Өөрсдийнх нь хүссэнээр болохгүй бол шууд л хурал хаяна. Нөгөөтэйгүүр эрх баригч хүчнээ юу ч хийлгэхгүй боймолсноор олон түмний дунд нэр хүндийг нь унагахад ашиглана. Ойлгосоор байж, энэ нь төрийн машиныг гацааж байгааг мэдсээр байж зориуд зөрүүдлэн юу ч байсан хамаагүй сульдуулан онхолдуулахад хэрэглэдэг тогтсон арга болж хувирлаа. Тэр дөрвөн жилд сөрөг хүчин 140 орчим удаа хурал хаяж парламентийг юу ч хийлгэх аргагүй болгож байлаа. Ерөнхий сайд Энхсайханы үед реформ эрчтэй явж байсан. Гэвч түүнийг Ардчилсан холбоо эвсэл хүчээр огцруулсан юм. Тэгэнгүүт тэрээр “хөдөөний фракц” гэгчийг байгуулан өөрийн талын дараагийн Засгийн газарт дайсагнаж эхэлсэн нь сөрөг хүчинд томоохон олз боллоо. 

Энхсайхан УИХ-ын гишүүн биш байсан тул “Элсний 13” хоч авсан “дотоод сөрөг хүчнийг” До. Ганболд гэгч удирдана. Эрх баригч хүчин хурал хийсний дараа тэрээр тодорхой болзсон өрөө рүү явж очино. Тэр өрөөнд Нямдорж, Бямбадорж хоёр шатар тоглоод сууж байх. Уг нь аль алин нь нүүдлээс цаашгүй гарууд л даа. До тэдэнд өөрийн бүлэг нь ямар шийдвэр гаргагасныг ховлоод яах талаар асууна. Мань хоёр намын дарга Энхбаяраас эцсийн шийд асууна. Иймэрхүү л механизм үйлчлэх болсон юм.

1998 онд Засгийн газар солигдсон, Элсний 13-ийн дотоод сөрөг хүчин буй болсон, банк санхүүгийн реформ хийгдсэн, Казиногийн хууль батлагдсан, Зориг алагдсан, МАХН-ын удирдлагын хүсэлт шахалтаар Эрдэнэтийн даргыг сольсон гээд олон асуудал бараг зэрэгцлээ. Мэдээж эндээс элснийхэн шударга эх орончид мөнөөс мөн, Банкны тогтолцоог шинэчилсэн биш идээд уучихсан, Казиногийн хууль баталснаар хээл хахууль авцгаасан, Зоригийг ардчилсан хүчнийхэн өөрснөө нухчихсан, Эрдэнэтийг идэж уухын тулд өөрсөндөө авсан гэх мэтийн суртал нэвтрүүлгийг хүн үнэмштэл эрчимтэй гааруулж эхэллээ. Тэд мэдээллийн бүх хэрэгслэлийг гартаа оруулсан дээрээ эсэргүүцлийн цуглаан жагсаал байнга зохион түүнээ гүтгэлэг доромжлолоор хангалттай чимэглэнэ. Хариу үнэнийг яаж ч тайлбарлаад нийгэм хүлээж авахгүй болжээ.

Дараагийн асуудал нь энэ хийрхэлийг дагаад Ардчилсан хүчин өөрийн Засгийн газраа дөрөв дахин солилоо. Нэгэнт Элсний 13-аар бэхжсэн сөрөг хүчин үүнийг тун амархан ядах юмгүй шийдэж байв. Өөрсдийнх нь гараар өөрсдийг нь. Зориг алагдсаны дараа “Зоригийн фракц” гэсэн нэртэй шинэ бүлэглэл буй болов. Үнэндээ тийм фракц байгаагүй, байсан гэж үзэхэд Зоригтой ойр байсан хүмүүсээс нэг нь ч энэхүү дотоод сөрөг хүчинд хамрагдаагүй юм. Дээр нь сум Дашзэгвэ гэх мэтийн бие даасан гарууд өөрийн нам хүчний эсрэг чадлаараа тэмцэж “шударга үнэний талд” баттай зогсов. Парламентийн гуравны хоёр суудал авсан эрх баригч Ардчилсан хүчний эвсэл үнэн хэрэгтээ цөөнх болж хувирав. Саналыг яагаад ч юм нууцаар өгнө. Ингэхэд л Засгийн газрыг хүссэн цагтаа нууцаар санал өгөөд л онхолдуулж орхино.

Улс орны хамгийн чухал асуудал бол улсын нэгдсэн төсвийг батлах явдал юм. Цөөнх хариуцлага хүлээдэггүй. Гэвч үнэн хэрэгтээ олонхи болсон тэдний ганц зорилго нь дур дураараа албан ёсны эрх баригчдыг гутаан, хийх гэсэн ажлыг нь дампууруулах явдал юм. Иймээс Сангийн яаманд бэлдэж Засгийн газраас оруулж ирсэн 1999 оны улсын нэгдсэн төсвийг хэлэлцэх үед сөрөг хүчин ба тэдний талын эх орончид дур дураараа самарч өглөө. Жалга болгон өөрийн дивтаадыг сонгодог тогтолцоотой болохоор үнэн хэрэгтээ эрх авсан тэд хурал хаях, төрийн машиныг гацаахаараа сүрдүүлэн нэгдсэн төсвийг тал тал тийш нь чангаан тарааж, нийгмийн нэгдсэн бодлогыг талаар нэг цацав. Төсөв ийм дур зоргын болох аваас ерөөсөө ч парламентийн оршин тогтнож буй нь утга учраа алдана.

Дараагийн шинээр гарч ирсэн бужигнаан огцорсон Засгийн газрын оронд шинээр танхим томилох асуудал гэж босож ирэх нь тэр. Элбэгдоржийг юу ч гэсэн эхлээд огцруулж орхисон боловч дараагийн Ерөнхий сайдыг сонгон нэрлэж томилох асуудал бараг хагас жил үргэлжилсэн. Огцроод сайдын үүрэг гүйцэтгэгч (СҮГ) нэртэй болсон Засгийн газар энэ урт хугацаанд ямар ч шийдвэр гаргаж чадахаа болилоо. Энэ үхмэл байдлын цаад сурвалж нь Ерөнхийлөгчийн оролцоо байсан юм. Үндсэн хуулинд “зөвшилцөх” гэсэн тодорхой бус үг байдаг. Ерөнхий сайд болон сайд нар, шүүгч, прокурор, цэцийн гишүүн, төв банкны ерөнхийлөгч болон өөр олон албан тушаалтныг томилохдоо хэн нэгэнтэй аль нэг субъект зөвшилцөнө гэж байгаа. Энэ нь чухам хэн нь эцсийн шийд гаргах эрхтэй нь тодорхой бус. Ерөнхий сайдыг томилохдоо УИХ нь Ерөнхийлөгчтэй зөвшилдөнө гэж тусгасан аж. Ерөнхий сайдыг УИХ томилох уу, Ерөнхийлөгч үү? Зөвшилцөөд тохирохгүй бол хэн нь эцсийн шийд гаргах вэ? Шийд гаргаж чадахгүй бол улс орон гүйцэтгэх засаглалгүйгээр гацаж болдогийг тухайн явдал тод харуулсан.

УИХ Ерөнхий сайдад Да. Ганболдын нэрийг дэвшүүлтэл Ерөнхийлөгч зөвшилцөхөөс татгалзав. Энэ нь ч түүнд тавьсан хувийн хүсэлтийг хүлээж аваагүй гэх цаанаа учир жанцантай байсан юм, Ерөнхий сайдыг УИХ томилох илүү эрх мэдэлтэй гэж үзэж Ганболдын нэрийг 7 удаа дэвшүүлэхэд Ерөнхийлөгч 7 удаа зөвшилцлөөс татгалзсан. Үүнийгээ тэрээр тайлбарлахдаа хэдэн хүний нэр өөрийн зүгээс дэвшүүлж, энэ тохиолдолд зөвшилцөж болно гэдгээ илэрхийлжээ. Энэ бол “зөвшилцөх” гэсэн үгийг хортойгоор ашиглаж буй хэрэг, юу гэвэл Үндсэн хуульд тусгасан парламентийн засаглал гэдгийн утгыг алдагдуулж Ерөнхийлөгчийн засаглал руу гулсуулж буй хэрэг. Хэрвээ парламентийн сонгуульд олонхи суудал авсан бүлэглэл өөрийн үзэмжээр Засгийн газраа байгуулж чадахгүй юм бол сонгууль ч өөрөө утгагүй хэрэг шүү дээ. АНУ-д Ерөнхийлөгч буюу төрийн тэргүүн өөрөө Засгийн газраа шууд толгойлдог. Хагас Ерөнхийлөгчийн гэгддэг Франц хувилбар ба түүнийг дуурайсан, Солонгос, Орос зэрэг оронд Ерөнхий сайдыг Ерөнхийлөгч томилдог ч Ерөнхий сайд нь үнэн хэрэгтээ Засгийн газрын хэрэг эрхлэхийн даргын зиндааны үүрэгтэй байдаг. Монгол нь Үндсэн хуулиараа бүрэн парламентийн засаглалтай учраас хуулинд заасны дагуу Ерөнхийлөгч нэг удаа хориг тавихаас илүүг хийх бололцоогүй юм. Ганболдыг 7 онхолсоны дараа УИХ арга барагдан Бат-Үүл, Ганхуяг нарын нэрийг дараалан дэвшүүлж үзсэн боловч бас л Ерөнхийлөгчийн шаардлагыг хангасангүй. Ингээд бууж өгөн, бараг хагас жил өнгөрсөн хойно Ерөнхийлөгчийн нэрэлсэн хүнийг томилох санал хүргүүлж байж арай гэж “зөвшилцсөн” болсон.

1992 оны Үндсэн хуульд тусгасан дээрх дөрвөн заалт амьдралын шалгуур даахгүй нь тодорхой боллоо. Цаашид эдгээр заалт энэ хэвээрээ тодорхой бус нөхцөлтэйгээ үргэлжлээд байх ахул Монголын төр чадамжгүй болж, хэн нь ч хэзээ ч өөрийн эрх ашигт тохируулан хааш нь чирч гудчин аюул нүүрлэнэ. Тэнэглэхэд хязгаар бий, гэвч дараагийн сонгуульд ялах нь тодорхой болсон хүмүүсийн масс хийрхэлд хязгаар байдаггүй юм билээ. Дотоод сөрөг хүчнийхэн ч нэгэнт гишүүн болж амташсан учир энэ амжилтаа нахихаар идэвхийлэн өөрсдийн гарч ирсэн нам эвслээ нөгөөдүүлээсээ илүү хараан зүхэж, шүлс цэрээрээ будаж гарлаа. Зарим нь парламентийн дотор болон гадна шинээр улс төрийн нам байгуулж ирэх сонгуульд амжилт олохын тулд эх орныхоо төлөө хөөрхий гэмгүй цээжээ олны нүдэн дээр хонхойж цоортол нь бөмбөр мэт нүдэж өгдөг юм байна. Тэд бүгдээрээ өөрсдийгөө Ардчилсан хүчинтэй, ялангуяа удирдлагатай огт хамаагүй, харин ч тэднийг хар нялхаасаа үзэн ядаж өссөн шахам юм сурталдана. Гэвч дараагийн сонгуульд Ардчилсан хүчин ор мөргүй хусагдана гэдэг нь ялангуяа Зоригийг хороосны дараа бүр ч илэрхий болчихсон байсан даа. 2000 оны сонгуульд МАХН хамгийн багаар бодоход 80 гаруй хувийн санал авна гэж би тэр үед бичиж байсан нь сонины хуудсанд үлджээ. Баабар сонгуульд зориулж олны толгойг эргүүлж байна гэх сүрт эсэргүүцэл, эгдүүцэл ч хэвлэлд үдсэн. 

Хийрхсэн олны явдал нүд хорсом зэвүүнтэй ч Үндсэн хуульд буй дээрх голлосон зангилаа заалтыг засахгүй бол эд гэхээсээ улс оронд хамаг хохирол нь бууна. Чадамжгүй сул дорой засаг л эцсийн бөлөгт алив улс орныг балладаг. Гэвч ийм засвар нэмэлт тодотгол хийе хэмээн миний бие санал тавьбал яагаад ч хүлээн авагдахгүй. Үүнд тусалж чадах хүн нь өдгөө хэмжээгүй эрх дархтай болсон, маргаашийн Ерөнхий сайд Энхбаяр мөнөөс мөн. Гэвч Үндсэн хуулийн нэмэлт тодотгол зөвхөн түүнд өөрт нь ашигтай, таалагдаж байж гэмээнэ тэр зөвшөөрөх нь тодорхой. Энхбаярын албан тасалгаа минийхээс холгүй, хэдхэн хаалганы цаана. Ингээд би Энхбаяр даргатай уулзсан юм.

Дөрвөн заалт бүхий саналаа түүнд ярьлаа.

  1. Хууль батлах квотыг багасгахгүй бол хууль тогтоох      байгууллага бойкотод өртөж төрийн машин гацах аюул учирдаг юм байна      гэдгийг бид бүгдээрээ харлаа. Энэ удаа манай тал хохирч танай тал хожсон      мэт боловч шидсэн чулуу эргэж эзнээ онодог. Гэвч төрийн машин гацсаны      хохирол нийт улс оронд хортойг бид бүгд ойлгосон байх.
  2. УИХ зарим санал хураалтыг нууцаар өгдөгийг больё.      Нэг талаас ард түмнээс ил тодоор сонгогдчихоод зарим чухал асуудал, түүний      дотор Засгийн газрыг огцруулах асуудлыг нууцаар санал хураахаар аль ч нам      бүлэглэлд хангалттай олон урвагчид байдаг юм байна, тэд өөрсдийн Засгийн      газраа дуртай үедээ сөрөг хүчинтэйгээ нийлж байгаад унагаж болдог юм байна      гэдгийг хамтдаа харлаа. Мөн л шидсэн чулуу эргэж буухдаа эзнийхээ толгойг      хага цохих магадлал өндөр шүү дээ.
  3. Засгийн газраас оруулж ирсэн улсын нэгдсэн      төсвийг гишүүд дур дураараа самарч болдог тогтолцооноос татгалзъя. Төсвийг      дуртай нь самарч болдог юм бол Засгийн газар байгаад ч ямар хэрэг байна?
  4. “Зөвшилцөх” гэсэн үгийг тодотгож, хэнд нь илүү      эрх мэдэл байж эцсийн шийдвэр гаргах эрхтэйг нэг мөр тогтооё. Сул дорой Засгийн газар      улс оронд аюултай ч Засгийн газраа байгуулж чадахгүй бол бүр хортой      болохыг чи бид нүдээр харлаа. Энэ байдал мөн л шидсэн чулуу эзнээ эргэж      онохын үлгэр маягаар цаашид давтагдах болно.

Эдгээр санал Энхбаярт үнэхээр таалагдсан. Шууд зөвшөөрсөн. Тэрээр дараагийн Ерөнхий сайдаар томилогдох нь бараг баталгаатай гэдгээ өөрөө сайн мэдэж байсан. Гэвч нууц санал хураалтаар түүнийг огцруулж болно, одоогийн Ерөнхийлөгчтэй харилцаа тун тааруутай учир түүнийг УИХ нэрийг нь дэвшүүлээд оруулаад ирэхэд 7 дахин онхолдуулах бололцоо бүр ч илүү магадлалтайг ч ойлгож байгаа. Харин тэр Үндсэн хуульд нэмэлт тодотгол оруулах саналыг өөрөө эхэлж санаачлахаас цааргалав. Надаар могой бариулах гээд байх шиг. Дахиж дивтаат болох хүсэл сонирхолгүй болсон би нүцгэн гараараа могой барьж болж л байна, гэхдээ би эхэлж санал тавьснаар бүр бүтэлгүй болж хувирна. Энхбаяр надад өөрийн намын таван “том хуульчтай” уулзаж энэ санаагаа хэлэхийг санал болгов. Тэд санал гаргахаар араас нь үхтлээ дэмжих гэнэ. Таван том гээд байгаа нь Нямдорж, Бямбадорж, Шаравдорж, Төмөр, Лундаажанцан. Би зөвшөөрсөн. Эднээс хамгийн хялбар нь Төмөр, Лундаа хоёр. Төмөр бид хоёр зэрэгцээ өрөөнд суудаг биенийхээрээ өдөрт хэд хэд орж гардаг, дотно харилцаатай, олон юманд санал нийлдэг. Лундаажанцан хууль эрхийн талаар хамгийн сайн мэдлэгтэй бөгөөд зөв ойлголттой нэгэн, даанч аймхай нь хэтийдсэн хүн л дээ. Үнэхээр тэр хоёр миний саналыг бүрэн дэмжсэн. Бямбадорж ч санал нийлсэн, гэхдээ тун хашир үзэж аль болох намайг холхоноос ажиглаж суухыг зөвлөв. Шаравдоржтой уулзахгүй гэдгийгээ би Энхбаярт шууд хэлсэн. Надтайй таарч байсан олноос хамгийн хүний адаг болсон тэр амийтантай ойртохоос сэжиг хүрдэг учир өөрөө ярилц гэсэн юм.

Хамгийн зовлонтой хүн Нямка. Бид хоёр уг нь дажгүй нөхөрлөж байсан юм. Харин найз маань банкны реформын үед хамгийн бузар гүтгэлэгийг зохиож, цуглаан жагсаалд хамгийн чангаар орилж, мэдээллийн хэрэгслэлээр хамгийн олон, хамгийн урт удаан ярьсан нь. Би түүнд учрыг тайлбарлах гэж хэд хэд оролдсон, хашир ганцхан хариутай “Би ард түмнийхээ талд баттай зогсоно”. Гэвч Үндсэн хуулийн нэмэлт тодотгол илүү чухал байсан учир би түүнийг гэртээ урилаа. Орой үдэш болчихсон байсан, “манайхаар гялс ороод гаръя” л гэсэн юм. Уг нь би шил юм задлаад учир жанцан ярья гэж бодсон. Харин мань хүн гэрт орж ирчихээд хувцсаа ч тайлсангүй, гуйгаад байхад сандал дээр ч суусангүй. Би Энхбаярт ярьсныгаа үг үсэггүй давтав. Мань эр ямар ч хариу хэлэлгүй баахан номхон зогсож байснаа “За би харьлаа, шөнө болчихлоо”. Би түүнээс хариу шаардав. “Юу ч гэсэн намынхаа нөхөдтэй зөвлөлдөнө” гээд гараад явчихсан. Намайг яах гэж гэртээ урьж буйг, юу хэлэх гэж байгааг мань эр мэдэж байсан бололтой.

Энхбаяр бид хоёрын тохиролцсоноор мань таван том хуульч санал шургуулна, түүнийг нь дарга дэмжин хэлэлцэнэ. Мөн Ардчилсан хүчний дотоод сөрөг хүчний эх орончдыг тэдний бүлэг зөөлөн ятгаж үгэндээ оруулна. Харин би эрх баригч хүчин нэр хүлээсэн цөөнхийн хэдийнхээ голлох нөлөөтэй хэдийгээ ятгах үүрэгтэй. Бүх юм санаснаар бүтэж асар богино хугацаанд Үндсэн хуулийн нэмэлт тодотголын эх загвар бэлэн боллоо. Миний гаргасан дөрвөн саналын гурав нь хүлээн авагдаж, улсын нэгдсэн төсвийг дураараа самрахгүй гэдгийг нь зөвшөөрсөнгүй. МАХН буюу Энхбаярын бүлгээс өөрсдийн дөрвөн саналыг нэмжээ. Хууль томъёолох, өргөн барих ажилд би огт оролцоогүй, Бямбадоржийн зөвлөсний дагуу, холхоноос ажиглаж суусан. Үүнээс хойш ч Энхбаяртай дахиж уулзаагүй. Ингээд дараа сонгуулиас зургаан сарын өмнө амжиж 1999 оны 12-р сарын 23-нд Үндсэн хуулийн нэмэлт тодотголыг УИХ нэгэн дуугаар баталсан билээ. Хуулийг батлуулахын өмнө би үүнийг Чимид гуайд үзүүлж болно гэсэн “санкци” авч байсан.

Хожим бодохноо эдгээр нэмэлт тодотгол байгаагүй бол хууль тогтоох дээд байгууллага маань төдийгүй Гүйцэтгэх засаглал, Үндсэн хуулийн цэц ямархуу төвөгтэй байдалд дахин дахин орооцолдож улс орон байгаагаасаа хүнд хохиролд орох байсан бол гэж боддог. Мэдээж би тухайлан Энхбаярт тусалъя, аваръя гэж эхнээс нь төлөвлөөгүй. Энхбаяр Засгийн оройд гарлаа ч ээлж нь ирэхээр эргээд л бууна, харин Монгол төр цааш үргэлжилсээр байх болно. Энэ тодотголын хүчээр Ерөнхий сайд Энхбаярыг хуйвалдаанаар огцруулах гэсэн хэд хэдэн оролдлого бүтэлгүйтсэн. Бараг цусан өст дайсан нь болчихсон тэр үеийн Ерөнхийлөгч түүнийг Ерөнхий сайдын сэнтий рүү ойртуулахгүй байж чадаагүй, тэрээр өөрийг нь авч хаях гээд нэгэнт шийдчихсэн байсан аюулаас золоор ч юм уу мултарч даван гарсан. Чухам түүнийг буруутгах гэж өөрийнх нь “дотоод сөрөг хүчнээс” анхлан эдгээр тодотголд “дордуулсан долоо” гэсэн хоч анхлан өгсөн төдийгүй процедурын үл ялиг зөрчлийг гул барин цэцээр дамжуулан баахан хэрүүл уруул үүсгэж байсан. Мэдээж таван тодотгол байсан бол “тамтаггүй тав”, гурав байсан бол “гутамшигт гурав” гэх мэтээр толгой холбох л байсан. Дордуулсан долоог, ялангуяа миний сэдсэн дээрх гурван заалтыг хууль эрх зүйн үүднээс үндэслэлтэй буруутгасан нэг ч тохиолдол өдий болтол сонсоогүй явна. Харин Болор цомын уралдаанд оролцож буй шүлэгч шиг “дордуулсан долоо нь” хэмээн цахиртуулах авч өөрснөө тэр тэр долоогоо уншаа ч үгүй яваа нь царайнаас нь ил. Чухам тэр нэмэлтээс болоод Монгол улс балран сүйдэж байгаа юм шиг, хэрэв ийм тодотгол байгаагүй бол улс орон маань хөгжлийн төвшингөөр Америк, Японы урд гарчихсан байх юм шиг эш мухаргүй хийрхсэн сурталчилгаа улам чанга сонстох болсон учир урьдын явдлыг эргэж дурсаж байна

Юутай ч энэ өөрчлөлт тодотгол нь УИХ, Засгийн газрыг өнөөгийн байгаагаас нь илүү том хямрал руу түлхэхээс сэргийлж чадсан гэж боддог. Энэ бол Энхбаяр бид хоёрын хамтын бүтээл, тухайн үеийн парламентийн нийт гишүүдийн оролцоо юм. Би энэ тухай урьд нь огт бичиж, нийтэд заралж байгаагүй, зөвхөн өөр дотроо л бахархаж байсан билээ. Сохор хүн дүйвээнээр, соотон нохой чимээнээр гэгчээр сонгуульд зориулж мушгин гуйвуулсан яриа хийрхэл дэлгэрсэнд олон түмэн ямар ач холбогдолтой болсныг нь ойлгосон юмгүйгээр автаад ирэхээр тэдэнд таалагдах гэсэн зүхэл хараал үерийн ус шиг. Олны энэ ойлголтгүй байдал түр зуурынх гэж бодож байна. Цагийн аяст хүмүүс ойлгоно. Тэр цагт Энхбаяр бид хоёрыг зөв алхам зөв цагт нь зоригтой хийжээ гэж үнэлэх болно.

2019.8.3.

 


Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин