• Эхлэл
  • Боловсролын сангаар тоглохоо болино уу, Боловсролын сайд аа!

Боловсролын сангаар тоглохоо болино уу, Боловсролын сайд аа!

2019/08/15

Өчигдөр Засгийн газрын хуралдааны дараа Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Баатарбилэг нэгэн “ноцтой” мэдээллийг хийлээ. Боловсролын сайд Боловсролын зээлийн сангаас зээл авсан 13000 оюутны зээлийг чөлөөлнө гэв. Зээлийн нийт дүн нь 16 тэрбум төгрөг. Боловсролын сангаас зээл авч суралцаад зээлээ төлөөгүй 13000 оюутны диплом өнөөдөр тус санд хадгалагдаж байгаа гэнэ.

Өмнө нь Төрийн сангийн зээлээр суралцаад голч оноо өндөр төгссөн оюутныг зээлээс бүрэн чөлөөлдөг, мөн мэргэжлээрээ таван жил (мэдээж төрийн болон төсвийн байгууллагад) ажилласан бол зээлээс чөлөөлдөг байв. Харин 2008 оноос шинэ журам гарч тийм боломжгүй болсон тухай сайд ярилаа. Тиймээс гэрээний үүргээ биелүүлж нийгмийн даатгалаа төлж байгаа иргэдийн зээлийг бүрэн чөлөөлж, дипломыг нь олгохоор боллоо. Үүний тулд УИХ-аас шийдвэр гаргуулах шаардлагатай байна гэв. Энэ асуудал нь явсаар ирэх сонгуультай золгох юм байна л даа.

Сайдын хэлж байгаагаас үзвэл, Боловсролын сангаас зээл авч суралцаад төгссөн иргэн хаана ч, ямар ч ажил хийсэн (бизнесийн байгууллагад ч ажиллаж байсан ч ялгаагүй) хамаагүй, нийгмийн даатгал төлж байгаа л бол зээлээс чөлөөлөх гэнэ. Тэгвэл нийгмийн даатгал төлж байгаа бүх хүний бүх зээлээс чөлөөлж яагаад болохгүй гэж. Цалингийн зээл, ипотекийн зээл, элдэв төрлийн лизинг гээд зээлгүй хүн Монголд лав байхгүй. Хэрвээ нийгмийн даатгал төлж байгаа нь зээлээс чөлөөлөх үндэслэл болдог бол тэднийг ч гэсэн чөлөөлөхөд буруудах газаргүй.

Харин ч Боловсролын сангаас зээл авч суралцсан хүн үүнийг өөрийнхөө ирээдүйд хийсэн хөрөнгө оруулалт гэж үзээд хууль, журмынх нь дагуу эргүүлэн төлөх нь иргэний, бас ёс суртахууны үүрэг. Тэр тусмаа зээл авсан иргэдийн зээлийн үлдэгдэл 500.000-1000.000 төгрөгийн хооронд байхад тэр дайны мөнгийг эргүүлээд төлчих ухамсар хувь хүнд байх ёстой. Дундаж ажлын байрны нэг сарын л цалин шүү дээ. Олсон мэргэжил, боловсролоороо ашиг орлого, амьдралаа авч яваагийн хувьд шүү дээ. Боловсролын санд эргүүлэн төлөх тэр мөнгө нь эргээд дараа, дараагийн үеийнхний боловсрол олох, мэргэжил эзэмших боломж болж очих ёстой. Боловсролын сайд монголчуудын боловсролд санаа тавьсан ингэж хэлээд зээлээ төлөхийг шаардах ёстой байлаа. 16 тэрбум төгрөг гэдэг ямар чихрийн цаас юм уу, Боловсролын сайд аа?

Ингэхэд сонгууль болгоноор нэг ийм хөгийн, тулга тойрсон юм ярьж, иргэдээ бэлэнчлэх сэтгэлгээнд сургадгаа хэзээ болих вэ, МАН? Саяхан л ЖДҮХС-гийн хэрэг мандахад төрийн нэртэй бүх сангуудын үйл ажиллагааг цэгцэлнэ, үр ашгийг нь тооцно гэж уран донгодоод байсан нь хоосон үг болсон уу?

ЭХ СУРВАЛЖ:INEWS.MN

Б.ЗАЯА


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин